АНУ-ын интернет худалдааны тэргүүлэгч "Amazon" компани ирэх оны эхээр 30 мянга буюу тус компанийн нийт ажилтны 5 хувьтай тэнцэх хэмжээний ажилтан шинээр авах зорилгоор ирэх долоо хоногоос улс даяар хөдөлмөрийн яармаг зохион байгуулахаар болжээ. "Amazon" компани жилийн 100 мянган ам.доллароос дээш цалинтай програм хангамжийн инженерээс эхлүүлээд цагийн 15 ам.долларын цалинтай интернет захиалгыг багцлах, хүргэлтийн ажилтан зэрэг бүх төрлийн ажлын байран дээр ажилтан шалгаруулж авах аж
Олон улсын сансрын станц дээр /ОУСС/ ажиллаж буй сансрын нисэгчид солир, Сар болон Ангараг гарагийн чулуулгуудаас шаардлагатай элементүүдийг нян бактериудын тусламжтайгаар гаргаж авах ер бусын туршилт хийх гэж байна. Францын нийслэл Парис хотод төвтэй Европын сансрын агентлагийн /ЕСА/ мэдээлснээр, Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжийг долдугаар сарын 30-нд ОУСС дээр амжилттай угсарсан бөгөөд удахгүй ашиглаж эхэлнэ. “Сансарт ашигт малтмал олборлох нь сансрын нисэгчдэд сансрын орон зайд удаан хугацаагаар байх боломж олгохын зэрэгцээгээр тэднийг эрдэс бодис, металл, хүчилтөрөгч, ус болон түлшээр хангана” гэж ЕСА мэдээлжээ. “Санхүүгийн болон экологийн хувьд ийм материалыг Дэлхийгээс сансарт хүргэх нь үнэтэй тусах учир үүний оронд сансрын нисэгчид сансарт байгаа зүйлүүдийг ашиглах боломжтой” гэж тус агентлаг онцолсон байна. Ер бусын туршилт Сансрын нисэгчид одоо туршилтынхаа явцад гурван өөр төрлийн нян бактери хэрхэн амжилттай үүсэж байгааг тодорхойлох ёстой бөгөөд жингүйдлийн нөхцөлд “biofilm” /ямар ч гадаргуу дээр байдаг бие биетэйгээ холбоотой асар олон бичил биет/ гэж нэрлэдэг давхаргыг үүсгэх ёстой байна. Компьютерын хулганаас хэтрэхгүй хэмжээтэй 18 саванд хийсэн нян бактериудын тусламжтайгаар ОУСС-ын бүхээгт загварчлан бий болгосон бичил таталцал нь сансрын чулуулгуудаас төмөр, кальци, магни зэрэг эрдэс бодисыг гаргаж авах нян бактерийн чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох ажээ
Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн нас барсан шалтгааныг бие даан мөрдөн шалгахыг НҮБ уриаллаа. 67 настай М.Мурси даваа гарагт шүүхийн танхимд ухаан алдсаны дараа нас барсан юм. Ардчилсан зарчмаар сонгогдсон Египетийн анхны Ерөнхийлөгч түүнийг 2013 онд албан тушаалаас нь цэргийн хүчээр түлхэн унагажээ. Ерөнхийлөгч асны ар гэрийнхэн шоронгийн эмчилгээний талаар удаа дараа гомдол мэдүүлсээр иржээ
Венесуэл улс Олон улсын улаан загалмайн хорооноос 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан тухай Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альварадо “Venezolana de Television” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “ОУУЗХ-ноос олгосон хүмүүнлэгийн тусламжийн нийт хэмжээ 48 тонн, Орос болон Хятадаас нийлүүлсэн эм болон мэс заслын материалуудыг оролцуулвал 569 тонн болно” хэмээн тэрбээр мэдэгджээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын 10-нд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тохиролцсоны дагуу ОУУЗХ-ны эхний онгоц Венесуэлийн нийслэл хотод 4 дүгээр сарын 16-нд ирсэн байна
Өнөөдрөөс эхлэн АНУ, Канад, Япон, Австралийн иргэд Бразил улс руу визгүй зорчихоор болжээ. Дээр дурдсан орнуудын хүчин төгөлдөр паспорттой иргэд Бразил орноор 90 хүртэлх хоногийн турш аялах боломж бүрдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд 180 хоног хүртэл сунгах боломжтой ажээ. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд зочлохын өмнө энэ талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ж.Болсонару нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд визийн шаардлагыг цуцлахаар тохиролцсон ажээ. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ, Канад, Япон, Австралийн иргэдийн Бразил улсаар аялах сонирхол ихээхэн нэмэгдсэн байна
АНУ, Их Британийн харилцаа холбоо агуу болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт онцолсон байна. Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарын уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Их Британи ЕХ-ноос гарсны дараа худалдааны хэлэлцээр байгуулна хэмээн амлажээ. Т.Мэйн хувьд хоёр орны төлөөлөгчид тохиролцоонд хүрэхийн тулд худалдааны олон хэлэлцээ өрнүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбинтой хийх уулзалтаа цуцалсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Ж.Корбин Вестминстер хотын жагсагчдад хандан үг хэлсэн ажээ. "Т.Мэй “Brexit”-ийн хэлэлцээг маш сайн явуулсан бөгөөд тэрбээр надаас сайн хэлэлцээ өрнүүлэгч байж магадгүй" гэж Д.Трамп хэлсэн байна
Мексикийн Холбооны цагдаагийн газрын ажилтнууд Төв Америкийн улсуудаас ирсэн хууль бус цагаачдын сууж явсан автобусыг саатуулжээ. Энэ тухай Мексикийн Ерөнхий прокурорын газар мэдээлсэн байна. “Тус нийтийн тээврийн хэрэгсэлд хууль ёсны үндэслэлтэйгээр Мексикийн нутаг дэвсгэрт байрлахыг зөвшөөрсөн баримт бичиггүй Хондурасын 13 иргэн байсны дотор насанд хүрээгүй 7 хүүхэд, Эль Сальвадорын 3 иргэн, Гватемалын нийт 59 иргэний дотор насанд хүрээгүй 33 хүүхэд зорчиж явсан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна
Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа нэгдсэн нэг сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Энэ асуудлыг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай “al-Watan” сонин Сири улсын Тээврийн яаман дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ. “Одоогийн байдлаар тус гурван улс төмөр замуудаа холбох төслийг сэргээх ажлыг хийж байна” гэж эх сурвалж мэдээлэв
АНУ-ын прокурорууд “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг компьютер хакердахын тулд хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Ассанжийг АНУ-ын Зэвсэг хүчний тагнуулын шинжээч асан Челси Мэннингтэй хамтран 2010 оны гуравдугаар сард АНУ-ын Засгийн газрын ажилтнуудын компьютерийн сүлжээнд нэвтэрсэн хэрэгт буруутгасан аж. Хэрэв түүний хэрэгт холбогдолтой нь тогтоогдох аваас дээд тал нь 5 жил шоронд хорих ял ногдуулах аж. Өдгөө 47 настай Ж.Ассанжийг долоо орчим жилийн турш орогнож байсан Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Их Британийн цагдаа нар пүрэв гарагт баривчилсан юм
БНСУ-д нөхрүүд гэр бүлээ тэжээж, эхнэрүүд гэртээ ажилгүй суудаг хүйсийн шинжээр тогтсон уламжлалтай гэрлэсэн 10 эмэгтэй тутмын 7 нь санал нийлэхгүй байгааг БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн институтээс явуулсан судалгааны дүн харуулжээ. Гэсэн хэдий ч ээжүүд хүүхдүүдээ илүү сайн өсгөнө гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ. Өнгөрсөн оны долдугаар сард явуулсан уг судалгаанд 15-69 насны гэрлэсэн 10630 эмэгтэй оролцсон байна. Судалгааны дүнгээс үзэхэд, эмэгтэйчүүдийн 73.9 хувь нь нөхрүүд ажил хийж, эхнэрүүд гэр орон, ар гэрийнхнээ асардаг үүрэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ
ОХУ-аас Европын орнуудад нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2018 онд 4.4 сая тонн байсан бол АНУ-ынх 2.7 сая тонн байжээ. Энэ тухай Олон улсын шингэрүүлсэн хийн импортлогчдын холбооны /GIIGNL/ жил тутам гаргадаг тайланд дурджээ. Оросын "Новатэк" компани “Шингэрүүлсэн байгалийн хийн Ямал” төслийг нэвтрүүлснээр өнгөрсөн онд шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн хэмжээгээрээ АНУ-ынхтай дөхөж очжээ
“Идай” хар салхинд нэрвэгдсэн Мозамбик улсад булчин задрах тахлын вакцинжуулалтыг эхлүүлэхээр болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлэв. Гуравдугаар сарын дундуур Африкийн зүүн өмнөд хэсгийн орнуудад “Идай” хар салхи дэгдэж, Мозамбик, Зимбабве, Малави улсад 700 гаруй хүн амиа алдсан юм. Мозамбик улсад эрүүл ахуйн нөхцөл байдал доройтсоны улмаас булчин задрах тахал тархаж болзошгүйд хүрсэн байна. ДЭМБ байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүс нутгуудад хүргэхээр 900 мянган тун вакциныг бэлтгэж байгаа бөгөөд ирэх долоо хоног бэлэн болох ажээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг тус улсад булчин задрах тахлын эмчилгээний төвүүдийг байгуулж, чичрэг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 900 мянган хүнд шумуулын тор хүргэхээр төлөвлөж байна. НҮБ-аас мэдээлснээр, Мозамбик улсад 1.8 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа ба ирэх гурван сарын хугацаанд 282 сая ам.доллар шаардлагатай ажээ
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн ажлийн албаны дарга Роберто Маррерог даруй суллахыг Европын Холбоо /ЕХ/ Венесуэлийн эрх баригчдад уриалжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад бодлогын албаны төлөөлөгч Майи Косьянчичмэдэгдсэн байна. “ЕХ Маррерог нөхцөл болзолгүйгээр, даруй суллахыг уриалж байгаа бөгөөд түүний аюулгүй, халдашгүй байдалд халдсаныхаа төлөө зохих байгууллагууд хариуцлага хүлээхийг шаардаж байна
Украины Зэвсэгт хүчийн цэргийн зориулалттай шинэ загварын дроныг амжилттай туршсан талаар тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт мэдэгдэв. “Украины зэвсэгт хүчин, Украины ард түмэнд баяр хүргэе. Өнөөдөр бид төгс шинэ зэвсэгтэй боллоо” гэж тэрбээр Хмельницкий цэргийн баазад явагдсан дроны туршилтын үеэр мэдэгджээ. Турк улсаас “Modern Bayraktar TB2” загварын цэргийн зориулалттай дроныг худалдаж авна гэдгээ Порошенко энэ сарын эхээр мэдэгдэж байжээ
Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдцын талаарх урьдчилсан таамгаа 3.1 хувиас 2.8 хувь, 2020 оныхыг 2.9 хувиас 2.8 хувь болгож бууруулсан байна. Энэ тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ. “Хөгжиж буй зах зээлүүдийн эрэлт хэрэгцээ сул байгаа нь дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон дэлхийн худалдааны өсөлтийн хурдцыг сааруулах гол хүчин зүйл болж байна” гэж “Fitch” агентлагийн шинжээчид үзэж байгаа аж. Үүний сацуу, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болох урьдчилсан нөхцөл ажиглагдахгүй байгааг шинжээчид онцлон тэмдэглэжээ
Ираны түрэмгийллийн эсрэг дэмжлэгээ АНУ нэмэгдүүлэхээр зорьж буйтай холбоотойгоор тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бүс нутгийн асуудлаар хэлэлцэхээр мягмар гарагт Кувейт, Израил, Ливаныг зорьсон байна. М.Помпеогийн таван өдрийн айлчлалын эхний цэг Кувейт хот бөгөөд тэрбээр тус бүс нутаг дахь АНУ-ын стратеги төлөвлөгөө болон эрчим хүчний асуудлаар Кувейтийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх ажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилд айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хоёр талын уулзалт хийх ажээ. Тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 9-нд сонгууль болох гэж байгаа юм
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам генийг засварлах аргаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүний шинэ төрлийг худалдаанд гаргах тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Nikkei сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, даралт бууруулахад туслах улаан лооль, харшил хөдлөгдөггүй өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг энэ зун гэхэд дэлгүүрүүдэд худалдаж эхлэх төлөвтэй байна. Засварлах аргыг хүнсний ногоо эсвэл хүнсэнд хэрэглэдэг загасны махны генийн зарим хэсгийг устгах эсвэл шилжүүлэн суулгах арга дээр үндэслэжээ. Энэ нь байгаль дээр үе үе болдог үржлийн явц эсвэл байгалийн өөрчлөлтүүдээс зарчмын хувьд ялгарахгүй гэдэг дүгнэлтийг яамны шинжээчид хийсэн байна
Ирэх 10 дугаар сард болох Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төр, засгийн тэргүүн нарыг урих шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасан байна. Эзэн хаан Акихито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм. Хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны тамга тэмдгээ хүлээн авах ажээ. 10 дугаар сарын 22-нд зохион байгуулах шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол дөрвөн хоног үргэлжлэх юм
Германы хамгийн том “Deutsche” банк болон түүний дотоодын өрсөлдөгч “Commerzbank” банк нэгдэх боломжийн талаар хэлэлцэж байна. “Deutsche” банкны гүйцэтгэх захирал Кристиан Сивингийн ажилтнууддаа илгээсэн зурваст, банкнууд нэгдэх нь зөвхөн Герман төдийгүй Европын банкны салбарт чухал ач холбогдолтой болохыг онцолсон байжээ. Тус банк нь бүтцийн өөрчлөлт хийхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй боловч өнгөрсөн онд олон хэрэглэгчээ алдаж, хувьцааны ханш нь тал хувиар унасан байна. “Commerzbank” банк нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр Засгийн газраас тусламж авч байжээ
БНСУ-ын шүүх Оросын "Палладий" хөлөг онгоцны 5 далайчинд шоронд хорих ял оноожээ. Баривчлан саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн, бичиг баримтаа бүрдүүлэхгүйгээр боомтоос гарсан, эргийн хамгаалалтынхны шаардлагыг хүлээж аваагүй гэх зэргээр шүүх Оросын далайчдыг 4 зүйл ангиар буруутгасан байна.