Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв


admin
10-р сарын 28
8 цаг 14 минут

Б.ГАРЬД

 УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж.

УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай.  Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй.  Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан. УИХ бол хууль  тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааныг  орхин гарлаа” гэж цахим хуудастаа бичсэн.

УИХ-ын бас нэг гишүүн “…Энэ 14 том төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна. Намуудын мөрийн хөтөлбөр ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч биелэхгүй байгаа нэг жишээ хэлье. 2025 онд улсын төсвийн зардал улам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам уруудаж бизнес эрхлэгчид маань ч улам хэцүүдэх нь ээ”

Улс төрийн хүрээнийхэн үүнийг “…Х.Баттулга том төслүүдийг гацааж сурсан. “…Танк ороод ирнэ” гэсээр Гашуунсухайтын төмөр замыг 14 жил барьж чадсан. Дахиад, дараагийн төслүүдийг сууриа тавьж эхэллээ. Тэгээд Засгийн газрыг унагахаар хөдөлж, “танк”-нуудаа тавьж байгаа юм” гэж тайлбарлаж байна. Мөн зарим нь “…Л.Оюун-Эрдэнэ өөрөө том төслүүдийн гацаагчидтай тэмцэнэ” гээд байснаас болж байгаа юм.  ярьсан байдаг. Тэгж ярьсных нь дараа л УИХ-ын чуулган дээр Х.Баттулгын багийн гишүүд Засгийн газар руу, Ерөнхий сайд руу нь довтолж эхэлсэн” гэж байна. Ер нь бол  2025 оны төсвийг голдуу том төслүүд болоод хүн рүү чиглүүлэн шүүмжилж байгаа нь ингэж “уншихад” хүргэж буй аж.

Дээрээс нь, ингэж нэг дуугаар нэг агуулга бүхий шүүмжлэл өрнүүлэгсэд Х.Баттулгын гишүүд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы индэр дээрээс Х.Баттулгад хариу барьжээ. Тэрээр тус чуулганд илтгэл тавих үеэрээ “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.

Ямартай ч Засгийн газрын “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн том амбиц тодорхой гацаагчтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ сарын 21-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гээд байсан нь тодорхой хүнд, тодруулбал Х.Баттулгад зориулсан үг байжээ. Төсвийн хэлэлцүүлэг дуусах арай болоогүй, тэгэхээр тэдний зодоон ч бас үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.