Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана


admin
9-р сарын 23
15 цаг 07 минут

Шинээр бүрэлдсэн УИХ жинхэнэ бялуу хуваана гэдгийг үзүүлж байна. Бялуу хүртэгсдийн дунд авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүс мэр сэр байх бөгөөд тэдний нэг нь, нүүрсний хулгайн хэргээр хилийн хориг тавиулж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж байх аж.

Түүний гишүүн болохоор зүтгэсэн нь ч учиртай. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх хамгаалалтанд орж, нэр холбогдсон хэргүүдээсээ мултрах зам байв. Тэр чадлаа. Гэхдээ болоогүй. Ам ташсан хэрээ арван гурав нахина гэгчийн үлгэр болов. УИХ-ын гишүүнээр тогтохгүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга болоодхов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “нүүрсний хулгайчид байна. Нүүрсний хулгайчидтай нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсний” дараахан 2022 оны 12-р сард  АТГ-аас 17 хүнийг эл хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдэгдэхэд тэдгээр хүмүүсийн эгнээнд Р.Сэддорж байв.

Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж нас, намтрынхаа талд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах, нөгөө талд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн өмч болчихсон шахуу “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан нэгэн. Тэрбээр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг долоон жил удирдсан байдаг. Р.Сэддорж нь 2002 онд их сургуулиа төгсмөгцөө "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд орж байсан намтартай. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болж байв.

Өнгөрсөн онд нүүрсний хэргээр Ажнай Д.Бат-Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол хам хэрэгт шалгагдаж байсан Р.Сэддоржийг хилээр гарахыг хориглож, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон байдаг.

Мөргөцгийн нүүрс хэрхэн алга бослон тухай УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ингэж ярьсан байдаг. Тэрбээр: “Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “За тэр нүүрс чинь хаана байна" гэхэд Р.Сэддорж "Нүүрс шатсан” гэж хэлсэн. М.Энх-Амгалан тухайн үед маш их уурласан. Хамгийн гол нь шатаагүй, 340 мянган тонн нүүрсний мөнгө аль нэг компанийн дансанд ороогүй байна гэсэн асуудал гарсан. Татвараас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр орон нутгийн санхүүд ч, “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд ч байгаагүй. Нүүрсний хулгай гэж энэ. Тэгэхээр 340 мянган тонн нүүр яасан бэ, "Тавантолгой" үйл ажиллагаагаа зогсоолоо гэж өөрийнхөө цахим хуудсанд зарлал тавьчихаад 220 мянган тонн нүүрс тээвэрлээд явчихсан. Нэг сарын хугацаанд зогсоогоод орой 18:00-аас өглөөний 06:00 цагийн хугацаанд 2200 ширхэг машинаар нүүрс тээвэрлэсэн байдаг.” гэж ярилцлага өгч байв.

-Нүүрсний сонсголын үеэр "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгож. Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшууллыг өөртөө авсан нь ил болж байлаа.

-Мөн Р.Сэддорж, Д.Бат-Эрдэнэ нар өөрсдийн нэгдмэл ашиг сонирхолтой "Тавантолгой транс" ХХК-тай 2013-2019 онд 9.7 сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулж, үүнээс 550.7 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна. Тухайн үед Р.Сэддорж орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байв.

Дээрх нүүрсний хэргүүдээс гадна Өмнөговь аймгийн Засаг даргын албан тушаал хашиж байхдаа төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг 80,5 хувиар тасалдуулж, үндсэн хөрөнгийг дутааж, аймгийн төсвийн хөрөнгийг урьдчилж гаргасан буюу 1,1 тэрбум гаруй төгрөгийг урьдчилан зарцуулжээ.

 

 

 

 

 

Түүний нэр холбогдох асуудлуудаас зах зухаас нь дурьдахад ийм байна. Цааш ухвал олон но гарч ирнэ. Ямартаа ч хамтарсан Засгийн газрын тохироонд ийм нэг хүн Эдийн засгийн байнгын хороог даргалахаар болчихлоо. Өнөөх нүүрсний хулгайчидтай хийх тэмцэл, шударга ёс хаана байна. Хатавчаар ороод хойморт заларна гэдэг зүйл энэ төрд болоод байна...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.