“Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн оролцлоо. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн бууриа хэдийнээ засаж, үзэгч сонсогч олны сонсох дуртай олон дууг бүтээсэн тэрээр гэрлийн байцаагчийн ажлаас урлагийн замыг сонгосон нэгэн.
-Сайн байна уу? Яриагаа анхны уран бүтээлээ хэрхэн хийж байсан түүхээс эхлэх үү?
Сайн байцгаана уу? Би ая зохиогч Б.Пүрэвсүрэн байна. Миний дууг сонсож, миний дуунд уярч явдаг монгол түмэн та бүхэндээ энэ сайхан нэвтрүүлэг хүрэх өдрийн мэндийг хүргэх гэж байна аа.
“Босоо хийморьтой эр хүн” миний хамгийн анхны түмэнд хүрсэн дуу гэж би бодож явдаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урлаг зааланд оюутан байхдаа яруу найрагч доктор, профессор Гомбын Пүрэвдорж гэж Говь-Алтай аймгийн харьяат эмч хүн байдаг. Тэгээд энэ ахдаа “Босоо хийморьтой эр хүн” дуугаа захиалж анх дуугаа хийж байлаа. Тэр үед дууг минь дуулдаггүй эрчүүд миний эргэн тойронд л лав байдаггүй байсан. Тэгээд л урам авч, бадарч дуугаа хийж эхэлсэн байдаг.
-Тухайн үед их хөгжилтэй зүйл болж байсан гэдэг юм билээ. Уншигчдад сонирхуулж болох уу?
-Анхны уран бүтээл минь их хөгжилтэй шүү дээ. Ер нь уран бүтээл маань хүнд хүрээд эхэлхээр хүн чинь тийм өөр сонин байдалд орчихдог юм байна лээ.
“Босоо хийморьтой эр хүн”, “Санахгүй л гэсэн юм аа”, “Манай адуу” дуунууд чинь зүгээр галлаж байсан үе байхгүй юу. Тэгээд өөрийгөө “од” болчихлоо гэж бодсон юм уу, олны танил болчихлоо гээд хөөрөөд. Автобусанд дүүтэйгээ хамт суугаад явж байсан чинь миний дуу эф эм-ээр яваад байна шүү. Намайг хүмүүс таньж байгаа гээд автобуснаасаа буугаад тэнэгтэж өгсөн, би чинь. Буцаж гэртээ очоод мөнгөн аягаа аваад ломбарданд тавиад таксидаж явж байсан шүү дээ. Би өөрийгөө “од” болчихсон гэж бодоод яваад байсан чинь дуучин нь “од” болчихсон яваад байсан юм байна лээ дээ. \инээв\
-Таны уран бүтээлийн багагүй хэсгийг морины тухай дуу эзэлдэг юм билээ?
-Манай аав чинь их олон шарга адуутай айл байсан юм. Б.Буянжаргалын дуулдаг “Аавын борлог морьд нь, адуун дундаа үүрсэнэ дээ хө” гээд энэ дуу чинь яг аавынхаа тэр хэдэн хүлгүүдэд нь зориулж хийсэн дуу юм. Дандаа шарга адуутай тийм айл байсан юм, манайх. Тэгээд би олон сайхан морины дуу хийсэн. Олон хүн надад морь адуу бэлэглэсэн. Даанч цуглуулж авч чадаагүй байна даа. Удахгүй цуглуулна, адуутай болно л гэсэн бодол байна.
“Манай адуу” гэж миний морины дуунуудаас хамгийн анх монгол түмэнд хүрсэн дуу байдаг шүү дээ. Манай А.Мөнхбат маань дуулдаг. Одоо А.Мөнхбат чинь бүр дуугаа дуулахаа болиод адуучин болсон шүү дээ.
-Яагаад урлагийн замд орох болов, багаасаа л дуу хөгжимд сонирхолтой байсан уу?
-Багадаа гэхээсээ илүү бүр төрөхөөсөө хөгжимд сонирхолтой болж төрдөг юм шиг байна лээ. Манай ээж хөгжимчин хүн байсан. Гэдсэнд нь байхад ээж ёочин хөгжим тоглодог байсан. Байнга хөгжим сонссоор байгаад тийм мэдрэмжид оччихсон байх л гэж би боддог. Дуу хуурт дуртай болж явсаар байгаад л өнөөдөр дуу хийдэг хүн гэж тодорхойлдог болчхоод л яваад байгаа шүү дээ.
- Таны урын санд хэчнээн уран бүтээл багтаж байна вэ? Олны аманд аялагддаг бүх л дууны аяыг Б.Пүрэвсүрэн зохиогч зохиосон байдаг.
-170 гаран дуучидтай ажилласан байна лээ. Нэг дуучинтай гэхэд ер нь хамгийн багадаа 1-3 дуу хийчихсэн байдаг. Манай С.Жавхлан гавьяат гэхэд чинь л 16, 17 дуулчихсан байх жишээтэй. Б.Буянжаргал 17, 18 дуу, П.Жимсээ 20 дуу, Л.Болдбаатар гавьяат, Л.Банзрагч маань гээд бүгдээрээ л 10, 10 орчим дуутай шүү дээ. Буриадын гавьяат дуучинд хүртэл сайхан ээжийн дуу хийж өгсөн. Одоо Улаан-Үүдэд хит шүү дээ.
Миний дууны урын сан яаж нэмэгдэж, яаж хүмүүст хүрч эхэлсэн бэ гэдгийг олон цаг хугацаа туулж байгаа. Анхандаа бол би дууныхаа шүлгүүдийг өөрөө олж хийдэг байсан. Сүүлийн үед дуунууд маань хүнд хүрээд, тэгээд энэ дуунуудаас цаашаа үргэлжлээд надаар дуу хийлгэх хүсэлтэй дуучид, уран бүтээлчид, дуу захиалагчдын хүсэлтээр дуу цаашид үргэлжилж байгаа юм.
Миний дуу чинь энэ нь хит шүү дээ. Энэ нь хит шүү дээ гээд байхаар чинь ямар онгироо нөхөр вэ гэж бас бодож магадгүй байх л даа. Их олон дуу хүнд хүрчихсэн байдаг юм билээ. Би өөрөө ч мэдэхгүй энд тэнд ингээд явж байхад нэг сумын дуу ч юм уу, нэг сумын одоо голд зориулсан дуу ч байдаг юм уу, нэг нутаг орны дууг чинь бүр сум даяараа дуулдаг болчихсон ч байх шиг.
Бас тэр дуунуудаа оруулж тооцохгүй байгаад байгаа шүү дээ. Би ойролцоогоор 50-100 дууны хооронд Монголын ард түмэн бүгд аялдаг болсон байхаа л гэж боддог юм. Караокед орохоор ер нь бараг ихэнх нь миний дуу явж байдаг шүү дээ. Би караокед нэг их ороод байдаггүй. Тэгэхдээ хааяа нэг ороход тийм байдаг. Дууны урлагт тогтвортой явна гэдэг чинь их уйгагүй хөдөлмөр гэж би боддог. Нэг дуу хит боллоо гээд өөрөө хамраа сөхөж онгирч, сагаж ерөөсөө үзээгүй.
-Таны мэргэжлийн онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-Судалж байж дуу хийхгүй бол бас өрөөсгөл алдах магадлал өндөртэй аялгуу давхцах бөгөөд өнгө аяс нь таарахгүй. Бид нар чинь өөрсдөө судлаачид болчхоод байгаа юм.
Дууны шүлэг дээр хойно урдаа орчихсон олон давхцлууд их явдаг. Аялгуун дээр бол ямар ч хөгжмийн зохиолчийн дуун дээр төдийлөн ажиглагдаад байдаггүй. Яагаад гэвэл аялгуу зохиодог хүн чинь өөрөө тухайн шүлгийнхээ өнгө аяс мэдрэмжээрээ л аялгуу нь орж ирдэг учраас тэр өгөгдөл байх л гэж боддог. Миний хувьд гэвэл миний дуунууд надаас гарч байгаа учраас миний аялгуунууд бага зэрэг бага зэрэг надаас юм үнэртэх ёстой байхгүй юу.
Амар ажил гэж байдаггүй шүү дээ. Өнөөдөр бид нар ингээд л дуу хийгээд хөгжим тоглоод л нэг их гоё жаргал дунд байдаг уу гэвэл үгүй шүү дээ. Монгол түмний дуулдаг дууг би хийж байгаа учраас асар их өөрийгөө “шатаана”. Нэг нутгийн тухай дуу хийхэд тэр нутаг оронд нь одоо шилждэг ч гэдэг юм уу, очдог ч гэдэг юм уу. Ингээд л олон өнгө аясын харуулдаг. Зөвхөн аудио хэлбэрээр дуу нь сонсох хэлбэрээр ингээд л очиход чинь бараг хурдан хийлээ гэхэд л нэг сар, хоёр сарын хугацаа бол зарцуулна шүү дээ.
Одоо хийж байгаа дуунууд бол ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл зүй рүү их орох гэж оролдсон. Одоо зөв байх ёстой, зөв ухааныг шингээсэн иймэрхүү уран бүтээлүүд рүү нэлээн орчихлоо л доо.
Та нар болиоч ээ, ална тална гээд л. Ингээд л одоо сошиалаар ингээд байвал хүн болгон дургүй шүү дээ. Тийм учраас хийж байгаа уран бүтээлээрээ хүмүүст өгөх мессежээ өгөх ёстой юм болов уу гэж боддог шүү дээ.
-Гэр бүлийнхэнээ танилцуулахгүй юу?
-Манай аав Буяндэлгэр математик, физикийн багш байна. Одоо тэтгэвэртээ гарсан. Манай ээж Оюунгэрэл, номын санч. Соёл урлагийн их сургуулийг төгссөн ийм хүн байдаг. Би таван дүүтэй айлын том. Манай гэр бүлийн хүнийг Буяндэлгэр гэдэг. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна. 2005 онд өрх тусгаарлаж байлаа. Би чинь хүүдээ, охиддоо зориулж сайхан дуу хийсэн. Ханьдаа зориулсан олон сайхан дуунууд байна. Хамгийн анх ханьдаа зориулсан дуу бол “Зөөлөн бороо” гээд Б.Буянжаргал дуулдаг байсан. Тэрний дараа Э.Чинбаярын дуулдаг “Сэтгэл чамайг таньсан билүү дээ”, “Зүрхний наран”, “Хоёулаа” гээд сайхан дуунууд байна. Хүн чинь энэ амьдралын хамгийн гоё сайхныг мэдрээд ирэх тусмаа эхнэрээрээ төсөөлүүлж олон айлын гэргийд зориулж сайн сайхан амьдраасай гэсэн ийм зорилго агуулсан л ийм сайхан дуунууд л гарч байна даа.
-Таны бага нас хэрхэн өнгөрч байв?
-13, 14 наснаасаа эхлээд барилдаад эхэлсэн юм. Манай аав их сайхан барилддаг сумын заан цолтой хүн байсан. Тэрүүгээрээ ч тэгдэг юм уу сумандаа бол гаднын бөхчүүдийг ихэнхийг нь л унагачихдаг тийм л хүүхэд байсан. Тэмцээн уралдаанд их ордог. Тэмцээн уралдаан болбол би чинь математик, физиктээ бас гайгүй хүүхэд байсан. Физикийн олимпиадад аймагтаа эхний тавд ордог байсан. Дээрээс нь нагац ахынхаа хөгжмийг нууцаар тоглодог. Хөгжимд их сонирхолтой хүүхэд байсан.
Хурдны морь уядаг бас морь уначихдаг ч хүүхэд байсан даа. Юм юмны дөртэй хүүхэд байлаа.
Би чинь Улаанбаатар цахилгаан түгээхэд анх ажиллаж байсан. Гэрлийн байцаагч хийж байлаа шүү дээ. Нэлээн чанга ч байцаагч байсан байх. Дээрээс нь Яармагийнхан намайг юм юм хийдэг гээд л Жан Гум гэдэг юм. Би чинь барилдана. Улаанбаатар цахилгаан түгээхэд байхдаа бас мандуулж байлаа шүү дээ. Барилдаад л үзүүрлэж түрүүлнэ. Дуулаад түрүүлчихдэг. Ер нь байдаг шагналыг нь бүгдийг нь хамчихдаг л байсан юм чинь. Тэгээд ажлынхаа талбар дээр гарахаар жоохон хатуу. Гэрлийн мёнторуудаа дагуулаад гэрлийг нь таслаад л могой шиг л амьтан явдаг байсан юм чинь.
Миний анхны уран бүтээл Яармагийн дэнж дээр бас амилж л явсан байх даа л гэж боддог юм.
-Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн уран бүтээлийн тайлан тоглолтоо жил бүр хийдэг. Таны тоглолтын онцлог юу вэ?
-Анхныхаа тоглолтыг 2010 онд хийж байсан. “Босоо хийморьтой эр хүн” гэж анхныхаа тоглолтыг нэрлэж, Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийж байсан. Тэр үед чинь одоо их сайхан байсан. Үзэгчид үнэхээр халуун дулаан уур амьсгалаараа анх удаа намайг ингэж хүлээж авч цаашаа уран бүтээлээ хийх зам мөрийг минь тэгшилж цагаан зам татаж өгсөн гэх юм уу даа. Тэгээд “Босоо хийморьтой эр хүн” тоглолтоосоо хойш “Аялас хийгээд дуулъя даа”, “Ирж яваа цаг сайхан”, “Монголоороо байгаасай”, “Дуулахаараа жаргадаг түмэндээ” “Дулаахан намар” гээд л 8 тоглолтын ард гарсан байна. Тэгээд “Ирж яваа цаг сайхан” тоглолт маань хамгийн сайхан тоглолт болж байсан. Би тэр тоглолтыг бас санадаг юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр ах маань хөтөлж “тоглолтын төгсгөл болчхоод байхад үзэгчид суудалдаа суучхаад байдаг хамгийн сайхан тоглолт гэдэг юм аа гээд л...” тэр тоглолт үнэхээр халуун тоглолт болж байсан. Э.Төрмандахын дуулдаг “Сайхан” гэж дуугаараа төгсгөж байсан. Хамгийн сүүлийн тоглолтыг би 40 дуучинтай 5 цаг, 15 минутын тоглолт хийж байлаа.
Чадвал жил өнжихгүйг хичээж тоглолтоо хийхийг эрмэлздэг. Миний тоглолт жил болгон болохдоо 30 хувь нь болбол дандаа шинэ уран бүтээлээ танилцуулж, шинэ залуу уран бүтээлчдийн дууг тоглолтдоо оролцуулдаг. Мэдээж одоо хүмүүс дагаж дуулдаг дуунуудыг нь одоо давхар ингэж явуулахыг эрмэлздэг. Ийм л онцлогтой тоглолтууд л жил болгон үргэлжилдэг дээ. Би өөрөө жил болгон шинэ дууг үзэгчид ирсэн хүмүүсээ хүндэтгэж дуулж өгдөг. Дандаа шинэ дуу дуулдаг. Тэгээд тэр дуулсан дуу маань бас дараа жил нь ч юм уу, залуу уран бүтээлчид авч дуулаад тэр дуу нь бас хүмүүст хүрдэг. Бас нэг залуу хүнийг одоо дэмждэг гэдэг ч юм уу даа.
-Дурсамжтай, хөгжилтэй зүйл тохиолдож л байсан байх?
С.Жавхлан УИХ-ын гишүүн болчхоод тоглолтод орж бас болохгүй байсан юм байлгүй, би ч бас хүндэтгээд тухайн үед оруулаагүй. Тэгээд “Цэнхэр тэнгэрийн орон” гэдэг дуу маань хүнд хүрчихсэн. Тэгээд яах учраа олдоггүй. Одоо яах вэ, Жавхаа байхгүй энэ тэр гэж байгаад ер нь өөрөө дуулъя гээд гитартай аваад гарахгүй юу. Тэгээд гитартай тоглолт эхлүүлэх болдог юм. Тоглолт эхэлсэн чинь би өөрөө гараад л нэг их нуруун дээрээсээ цохиулаад л “за амжилт” гээд л тайзан дээр гитараа бариад л дуугаа эхлэх гэсэн чинь дуу эхэлж болдоггүй. Гитараа явлаа, хоёр гурав татлаа. Дахиад л татаад л байлаа. Хэдэн тийшээ харлаа, үг нь орж ирдэггүй. Тэгж тэгж байгаад л хоёрдугаар бадгаас нь эхлээд л, дуулаад л эхэлсэн. Нэгдүгээр бадаг нь орж ирдэггүй ээ. За ороод ирэх байлгүй гээд л дуулаад л байлаа. Гуравдугаар бадгаа явлаа. Үг нь орж ирдэггүй. Тэгж байгаад дахиад “за ингээд бүгдээрээ гуравдугаар бадгаа дахиад явъя” гэсэн. Зрителиэрээ суучихсан тоглолт эхэлж байдаг. Тоглолт эхлүүлдэг дууныхаа, эхлэлийг нь мэдэхгүй пакталж байсан шүү дээ, би.
-Танд тэр дуу шиг л дуу хийчих юмсан гэсэн бодол байдаг уу?
-Тэр дуу шиг дуу хийчих юмсан гэсэн мөрөөдөл бол байхгүй. Тоглолт дээр хааяа би чинь гитартайгаа дуулдаг юм. Тэгээд ямар дуунуудыг дуулдаг вэ гэхээр “Саа мөнгөн Хэрлэн”, “Хэндээ ч нэг л зангаараа”, “Алсын хөдөө нутаг сайхан” ч гэдэг юм уу сайхан дээр үеийн дуунууд шиг дуунуудыг би дуулах юм сан гэж боддог. Миний урд талын үед хийгдэж байсан тэр сайхан дуунууд өнөөдөр домог шиг болж эхэлж байна шүү дээ. Тэгвэл миний дууг дахиад гуч, дөчин жилийн дараа яг тийм хөгжмийн зохиолч гарч ирээд миний дуунуудыг бас ингэж дуулаасай гэж мөрөөддөг юм.
-Одоогийн нийгмийг хараад танд юу бодогддог вэ?
Одоо энэ нийгэмд чинь яг хүнд нэг их тийм тус болоод байдаг хүн их ховор болчхож гэж боддог, би. Бид нар чинь их сургуульд байхад айлын мод хагалж өгөөд л, айлын жорлонгийн нүх ухаж өгөөд л, нэг аяга хоол идвэл тэгээд л тэрэн шиг аз жаргал байгаагүй шүү дээ. Хүн туслаад өгөөч гэхээр л мөнгө нэхдэг болчхож дээ. Энэ цаг үед эд хөрөнгөтэй хүнийг их баян хүн гээд болчихлоо л доо. Би бол олонтой, сэтгэл зүрхтэй, нэгэндээ тустай дэмтэй, ухаантай, хамгийн гол нь их зөв сэтгэлтэй байх ёстой л гэж боддог. Сэтгэл сайтай хүнийг бол би баян гэж хэлнэ ээ.
Дээрээс нь Монголчууд хэтэрхий их юм мэддэг болчхож гэж би ойлгодог юм. Маш их бухимдуулж байгаа зүйл надад бас байна. Хамгийн энгийн зүйл гэвэл би сошиалаас эхэлмээр санагддаг. Хүн болгон муу зүйл тавихаа л болих хэрэгтэй. Хэрүүл ам хийхээ болих хэрэгтэй. Хүн болгон их том болж би би гэдэг энэ хөвчнөөсөө салах хэрэгтэй. Энэ төр нь буруу байна, энэ төр чинь болохгүй байна шүү дээ гэдэг энэ олон зүйл рүү хүн болгон л ингэж дайраад байдаг болчхож. Миний хүүхэд над руу ална шүү гэж байгаатай ялгаа байхгүй санагдаж байгаа шүү дээ. Айлаар тодорхойлох юм болбол айлын эцэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь явж байна, тийм үү. Тэгэхээр аав руугаа хүн ингээд хуцаад байдаггүй биз дээ. Чи муу одоо, чи муу хөөе энэ тэр гээд ингээд байж болохгүй шүү дээ. Ер нь айл өнгөтэй өөдтэй явна гэдэг бол айлын л одоо аав хүн хийморьлог байхыг л хэлдэг болов уу гэж боддог.
Тийм учраас манай энэ ард түмэн, монголчууд эв эетэй байгаасай. Хэл амыг нэг их хиймээргүй байна аа. Хүний эрх л дээ. Тэгэхдээ хүний эрх ч гэсэн ухаантай байх ёстой. Монгол хүн болбол жоохон ч гэсэн ухаан зарах ёстой. Одоо энэ нийгмээс хойшоо жоохон гоё амьдрахын тулд бид нар нийгмээ цэвэршүүлэх хэрэгтэй.
Монгол түмний сэтгэлийн цангааг тайлагч бол дуу юм байна гэж би боддог. Тийм учраас та бүхэндээ энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад дууг минь дуулж, дуунд минь уярч сэтгэлээ одоо зориулж явдаг Монгол түмэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхнийг сайхан бүхэн дэлгэрсэн он жилүүд угтаасай гэж хүсье. Баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих