ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, Онцгой байдлын хурандаа, Монголын Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяртай ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу, та?
-Сайхан хаваржиж байна аа. Хаврын дунд сарын энэ сайхан өдөр “Өдрийн сонин”-ы уншигчидтай уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна.
-Өнгөрсөн зун хамаг Монголын хүчтэнүүд чуулсан том наадам Хүй долоон худагт болсон. Таны тухайд залуу бөхчүүдтэй тэнцүүхэн барилдаж шөвгийн даваанд гарсан шүү дээ. Энэ зун АХ-ын 100, 101 жилийн ой хамт тохионо. Бэлтгэл сургуулилтдаа орж амжив уу?
-Миний тухайд 1997 оноос хойш л үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. 2000-аад оны эхэн үеэс заалны барилдаануудад аманд гардаг болсон. Тэр цагаас хойш 20 гаруй жил болжээ. Одоо ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны даргаар ажиллаж байна. Ажлынхаа чөлөө заваар л залуу бөхчүүдтэйгээ бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна.
-Анх аймгийн начин Г.Эрхэмбаяр гэж залуу олонд танигдаж байсныг тань мэдэх юм. Аймгийн начин цолоо та хаана, ямар наадамд зодоглож авч байв?
-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор залуу бөх зодоглож гурав даваад Д.Бумбаяр заанд унаж байлаа. Дараахан нь Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн их баяр наадамд зодоглож улсын начин Б.Бадралаар зургаа давж аймгийн өсөх идэр чимэгтэй начин цол авсан юм. Одоогийнхоор бол аймгийн харцага юмуу даа. Тухайн үед их өндөр чацтай бөхийг даваад л аймгийн цол авч байсан санагддаг юм.
-Г.Элбэг багшийнхаа нутагт зодоглож аймгийн цол авч байжээ та.
-Тийм. Г.Элбэг багш “Их шавь”-ийн дээд сургуулийн оюутан байхад л манай ангийг дааж авсан юм. Тэр цагаас хойш багш шавийн барилдлагатай явсаар өнөөдрийг хүрлээ. Миний ялалт, ялагдал алинд ч хамт байсан даа багш минь.
-Аймгийн начин Г.Эрхэмбаяр улсын цолтнуудад “хатуу” ам болчихсон байсан.
-Заалны барилдаан бараг алгасалгүй зодоглодог байсан. Нэг, хоёрын даваанд аварга арслангуудын аманд гарна. Эхлээд ч гар хөлийн үзүүрт л унана. Тэр хэрээр л чангарч байдаг юм билээ. Сүүлдээ учраа олоод гайгүй барилдаг болсон байх. Би аймгийн начин цолтой хоёр жил барилдаад Дархан-Уул аймагт түрүүлж аймгийн арслан болж байлаа.
-Төд удалгүй дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн. Аварга тухайн үед холыг харж л ам авч дээ.
-Аймгийн арслан цолтойгоо зургаа хоноод л улсын наадамдаа зодоглож дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн. Би ч хувьдаа тэр их бөх холыг харж л намайг амласан болов уу гэж ойлгодог юм. Мөөеө багш тухайн үед Г.Элбэг харцагад хандаж “Энэ хүүхдийн бэлтгэлийн формыг тааруулаад зөв бэлдвэл улсын том цолонд хүрэх бололцоотой шүү” гэж захисан юм билээ. Надад биш, багш нарт маань хэлснийг нь сүүлд сонссон. Тэгэхээр улсын цолны даваанд намайг амлахдаа нэгийг бодож холыг харсан юм болов уу гэж ойлгодог юм.
-Улсын начин болоод заалны барилдаануудад дээгүүр барилдаж байсныг тань мэдэх юм. Наадмын дэвжээнд л бүтэлгүйтээд байлаа.Юу болохгүй байв?
-Начин болоод цолоо ахиулах гээд зүтгээд л байлаа. Заан цол бодоод л бэлтгэлээ яс хийнэ. Багш нартайгаа зөвлөнө. Төлөвлөгөө тактик боловсруулна. Наадмын дэвжээнд гарахаар л болж өгөхгүй. Олон жил доогуур даваанд унасан даа. Дотор харанхуйлаад л хэцүү шүү. Уйлаад л буцна. Гэлээ гээд ойр тойрныхон итгээд хүлээж байхад шантраад буцах эрхгүйгээ сайн ухамсарлаж байлаа. Нэг жилийн наадмаар доогуур даваанд унаад эргэхэд цэнгэлдэхэд сууж байсан нэгэн өвөө “Амьд дээрээ энэ хүүгийн цол ахихыг харчих юмсан” гээд нулимстай нүдээ шударч байсан гэдэг. Үүнийг сонсоод монгол түмэн үндэсний бөхдөө ямар их хайртайг илүү ойлгосон.
-Наадамчдын тэр их хүлээлт Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар л тайлагдсан байдаг.
-Начин болоод найман жилийн дараа цолоо ахиулсан минь тэр л дээ. Тэр хугацаанд улсын заан болчих юмсан гээд л бэлтгэлээ хийнэ. Та анзаарсан бол долоогийн даваанд Б.Сайнбаяр зааныг давчихаад илүү их баярлаж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь харагдана. Олон жил зүтгэсэн цолоо авчихаар их баярладаг юм билээ. Улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар нэг үеийн хүчтэнүүдтэй сайхан барилдаж улсын арслан болсон. Олон хүн чин сэтгэлээсээ баяр хүргэж байлаа. Цол ахихыг минь олон хүн хүлээж байж дээ гэх бодол тухайн үед төрж байсан. Энэ том цолыг хамгаалж барилдах том даалгавар ирж байгааг л юу юунаас илүү ухамсарласан даа.
-Аварга цолны төлөө С.Мөнхбаттай хийсэн барилдаан хормын төдийд л шийдэгдсэн. Ямар барилдаан төлөвлөж гараад тэгж амархан унасан юм бэ, та?
-Улсын заан цолд зорьж байсан хүн чинь арслан болчихлоор сэтгэл хөөрчихдөг юм билээ. Ерөнхийлөгчөөс арслан цолны үнэмлэхээ авчихаад бууж байхад зүүд зэрэглээ ч юм шиг санагдаад. Тэрхэн хоромд дараагийн даваанд хэнтэй барилдахаа ч мартчихсан байсан. Барилдаанаа багш нартайгаа төлөвлөж амжилгүй гараад л унасан. Гэхдээ тэр барилдаанд харамсах сэтгэл огт төрдөггүй юм. Инээд алдаад л тахимаа өгсөн.
-Тухайн барилдааны дараа Г.Элбэг багш сэтгэл дундуур байгаа нь анзаарагдаж байсан шүү.
-Би ч инээгээд л очсон. Харин багш нар маань сэтгэл дундуур байсан нь үнэн. Г.Элбэг багш “Чи ядаж золгоод барилдчихсан бол юу ч болоо билээ” гэдэг юм. Харин П.Сүхбат гарьд тухайн үед надад хандаж “Миний дүү сүүлд нь харамсдаг юм даа. Ах нь ч их сайн үедээ хайнга барилдаж унаад одоо ч гарьд цолтой л явж байна” гэж хэлсэн нь мартагддаггүй юм. Ж.Мөнхбат аваргатай баярын сэтгэгдлээ хуваалцахад “Авах цолоо цаг нь болохоор л авна. Цаг нь болоогүй бол яаж ч хичээгээд болохгүй. Бэлтгэлээ сайн хий. Цаг нь ирнэ” гэж билээ. Мөөеө аварга цаашаа ахих боломж байгааг анзаарсан юм болов уу даа гэж ойлгосон.
-Улсын арслан цолтой наадмын дэвжээнд гарахад өөр сэтгэл зүйтэй барилдана биз...
-Дараа жилийн наадамд нь улсын начин цолтой барилдаад ес давж болсон юм. Арслан цолтой ес давж болох байлгүй дээ л гээд зодоглосон. Тэр жил их шөвөгт шалгараад улсын аварга П.Бүрэнтөгсөд тахим буулгасан. Илүү сайн барилдахад барилдааны нарийн бэлтгэл шаардлагатайг ойлгосон. Ингээд самбо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл, улсын харцага Г.Элбэг нарын багш нартайгаа бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулж барилдааны бэлтгэлээ базааж байлаа. Харин хүчний бэлтгэлээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхтөр багштайгаа базаасан. Багш нар маань бүтэн жилийн бэлтгэлийн төлөвлөгөөг боловсруулаад л бэлдсэн дээ, намайг.
-Тэр бэлтгэлийн үр дүн 2013 онд гарсан даа. Сэлэнгэчүүд анхны аваргаа өлгийдсөн шүү дээ, тэр жил.
-Би 2011 онд улсын наадамд үзүүрлэж арслан цол хүртсэн. Дараа нь олон жил наадамд барилдлаа. Одоо нэг түрүүлчихье гээд л зорилго тавиад зүтгэсэн. 2013 оны зун ямар нэгэн бэртэл, гэмтэлгүй байсан юм. Багш нар маань бэлтгэлийн ирийг сайхан тааруулж өгсөн. Бэлтгэл сайн байхад сэтгэл зүй тайван байдаг юм билээ.Зөвхөн өмнөх барилдаандаа анхаараад л зорилгынхоо төлөө зүтгэсэн. Санаснаараа сайхан барилдаж түрүүлсэн. Миний тухайд бөхийн дэвжээнд хөл тавьсан цагаасаа л үе үеийн аваргуудыг хүндэлж, биширдэг байлаа. Тэр эрхэм цолыг хүртсэндээ их баярлаж явдаг юм. Энэ их цолны нэр хүндийг өндөрт өргөж явахыг алхам тутамдаа л хичээдэг. Дүү нар, шавь нартаа ч аль болох зөв үлгэрлэж энэ их соёлыг үлдээхийг боддог.
-Тэр жилийн наадмаар та таарсан өрсөлдөгч бүрээ сугадаж өргөөд л мушгиж унагаж байсан. Өмнө нь тэр бүр харагддаггүй байсан мэхийг үндэсний бөхөд нэвтрүүлсэн талаар бөхчүүд онцолж байсан.
-О.Нарангэрэл, Г.Элбэг багш нар маань хоорондоо зөвлөөд л энэ мэхийг миний барилдааны онцлогт таарна гэж үзсэн юм билээ. Ингээд хүчний Д.Энхтөр багштай зөвлөөд бүр төгөлдөржүүлсэн юм билээ. Д.Энхтөр багш маань намайг амжилтын замд хөтөлсөн хүн гэж ойлгодог юм. Багш маань одоо тэнгэрийн оронд бий.
-Улсын аварга Г.Эрхэмбаярын зүүн мөрнөөс адис авсан бөхчүүд аварга арслан цол хүртдэг зүй тогтол тогтсон гэхэд болно. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?
-Харин мөрнөөс адис авах тохиолдол байдаг. 2015 оны хавар МҮБХ-ны ойн барилдаан Бөхийн өргөөнд болсон юм. 512 бөх барилдахад Э.Оюунболд арслан надтай үлдэж түрүүлсэн юм. Би уначихаад тахимаа өгөхдөө “Удахгүй наадам болох нь. Арслан болно шүү ахын дүү” гэж хэлтэл Э.Оюунболд маань адис аваад тугаа тойрсон юм. Тэр зунаа Оюунболд маань түрүүлж улсын арслан цол хүртсэн л дээ. Дараа нь надтай уулзахдаа “Ах аа, таны хэлсэн үг надад их урам өгсөн шүү” гэж хэлж байлаа. Одоо ч таарахаараа өнөөх үгээ л хэлдэг юм.
-Зэвсэгт хүчний ойн өдрөөр “Эрхэмбаяртай үдэш” цэнгүүн зохион байгуулагдах юм байна. Энэ арга хэмжээний талаар тодруулахгүй юу? -Миний тухайд 20 гаруй жил үндэсний бөхөөр барилджээ. Намайг дэмждэг хүмүүсийн зүгээс Зэвсэгт хүчний ойн баярын өдрийн оройг дуулж, хуурдаж хамт өнгөрүүлэх санаачилга гаргасан. Миний зүгээс ч энэ саналыг таатай хүлээж авсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр “Их наяд” ресторанд бөхөд дуртай олонтойгоо нэг үдшийг дуулж хуурдаж, нээлттэй ярилцаж өнгөрүүлэхээр болсон. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон ч оролцоно. Арга хэмжээний орлогыг нийгэм рүү чиглэсэн арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гамшиг ослын үед хэзээд бэлэн байдаг Онцгой байдлын алба хаагчдын төлөөлөл гурван аврагчид иж бүрэн гэр олгоно. Үүнээс гадна нэг алба хаагчид байрны урьдчилгаа олгохоор төлөвлөсөн.
-Арга хэмжээний үеэр олон сюрприз байгаа талаар зохион байгуулагчид онцолж байсан. Зах зухаас нь танилцуулахгүй юу?
-Олон сюрприз задарна л даа. Тухайн өдрөө ирээд үзвэл илүү сонирхолтой болов уу. Зах зухаас нь хэлэхэд, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар өмсөж барилдсан зодгоо ирсэн зочдын нэгэнд өгөхөөр төлөвлөсөн байгаа. Олон жилийн хөлс, хөдөлмөр шингэсэн зодог шуудаг маань тухайн өдрийн азтай зочинд хадгалагдах болно. Ямар замаар олгохоо тухайн үедээ шийдэх байх. Ямартаа ч ирсэн зочид маань хоёроос гурван цагийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэх болно гэдгийг энд онцолъё. Ярилцлагын сүүлд “Өдрийн сонин”-оор дамжуулж ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн болоод эрчүүддээ Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Бүгдээрээ гуравдугаар сарын 18-ны өдөр 19:00 цагт “Их Наяд” плазад уулзъя. Та бүхнийг урьж байна.
О.Дашням
Сэтгэгдэл бичих