УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар “Амар сан” ТББ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "NextGen2022" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
ХУД-ийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон ЭЕШ-д бэлтгэж буй залуусыг олны хүндэтгэлийг хүлээсэн, амжилттай ажиллаж буй чадварлаг багш нар, менторууд, сэтгэл судлаачидтай уулзуулж тэднээс зөвлөгөө авах боломжийг “NextGen” хөтөлбөр олгодог.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “NextGen” хөтөлбөр өчигдөр буюу 2022.03.16-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 18 ЕБС, 4 МСҮТ-ийн оюутан, сурагчдын төлөөлөл болсон 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй өсвөр үеийнхэнтэй нээлттэй үзэл бодлоо солилцож, өөрийн мэргэжлээ хэрхэн сонгосон туршлагаасаа хуваалцсан. Тэрбээр “Технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тооцоололд суурилсан шинэ мэргэжлүүд бий болсон тул эцэг эх, багш, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч илүү алсын хараатайгаар мэргэжлээ сонгох ёстой” гэдгийг сурагчдад зөвлөж байлаа.
“NextGen2022” хөтөлбөрийн нээлтэд оролцсон “Tomyo” аппликейшн үүсгэн байгуулагч В.Баярсайхан “Ирээдүйд нийгэмд ямар байр суурьтай, хэдэн төгрөгийн орлоготой хүн байх вэ гэдгээ магадгүй шийдэх чухал сонголтын өмнө та бүхэн байна. Өөрийн сонирхолд тулгуурлаж мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойл. Амжилт бол хичээл зүтгэлээс эхлэлтэй” гэдгийг хүүхэд залуус хэлсэн юм. Мөн ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал М.Эрдэнэбаяр сургуулийнхаа онцлогийг танилцууллаа.
Оюунлаг залуус Монголын ирээдүй уриатай “NextGen2022” хөтөлбөр энэ жилээс илүү өргөн цар хүрээтэй хэрэгжих юм. Мөн NextGen хөтөлбөрт идэвхтэй оролцож, ЭЕШ-аа амжилттай өгсөн хүүхдүүдэд тэтгэлэг олгож, суралцах нөхцөл боломжоор хангах юм.
“NextGen2022” хөтөлбөрийн хүрээнд 06-р сарын 01-ний өдөр хүртэл цахим сургалт явагдах бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй аж.
Сэтгэгдэл бичих