Ё.Баатарбилэг: "Соёлын төв хэрэггүй" гэгдээд байгаа хөдөө, сумдад Монгол улсын иргэд л ажиллаж, амьдарч байгаа юм шүү дээ



3-р сарын 16
18 цаг 00 минут

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Намрын чуулганы завсарлагаанаар та тойрогтоо багагүй хугацаанд ажиллах шиг боллоо. Тойрогтоо ямар ажил хийж, хэрэгжүүлж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-УИХ-ын гишүүний ажлын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байдаг. Зөвхөн чуулганы завсарлагаа гэлтгүй сар, улирал бүр нутагтаа очиж, салбар, салбарын шийдлээ хүлээсэн ажил, асуудалд гар бие оролцоод явахыг хичээдэг. Иргэдтэй уулзаад явахаар төр, засгийн бодлого, шийдвэр хөрсөн дээрээ яаж хэрэгжиж байгаа нь шууд мэдрэгддэг. Нөгөө талаас тойрогтоо ажиллах нь Улсын төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа хэлбэр. Төсвийн тухай хуульд тухайн орон нутаг, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад шаардлагатай асуудлыг багтааж төсөвлөж, төлөвлөдөг. Тиймээс Төсвийн хуульд туссан зүйл заалт, хөрөнгө оруулалтууд газар дээрээ хэр бодитой хэрэгжиж байна, хэрэгжихэд саад гацаа юу байна гэдэгтэй зайлшгүй танилцаж, араас нь хөөцөлдөх шаардлагатай байдаг. Цар тахлын нөлөөгөөр хил гааль хаагдсанаас болж бараа материалын үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсчихлөө. Үүнээс үүдэж цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхэд нэлээн хүндрэлтэй болсон. Тэгэхээр цаашид яаж ажлаа урагшлуулах уу, төсөв нь хүрэлцэж байна уу, тендерт шалгарсан компани ажлаа хийж чадаж байна уу, үгүй юү гээд энэ бүхэнтэй зууралдахаас өөр аргагүй байдал үүссэн. 2016-2020 онд Архангай аймагт хийхээр эхлүүлсэн зарим ажлууд одоо үргэлжилж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүний хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг нэлээн шийдсэн. Он дамжсан тодорхой зарим ажил үргэлжилж байна. Цаашдаа бид бүс нутгийн зарим том дэд бүтцийн ажлуудад ихээхэн анхаарч ажиллаж байна. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудад эхлүүлсэн бодит ажлуудаа үргэлжлүүлнэ.

-Тухайлбал ямар ажлууд вэ?

-Архангай аймгаар дамжин өнгөрдөг “Мянганы зам”-ын баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн автозамын сүлжээний асуудалд анхаарч байна. Энэ нь зөвхөн Архангай гэлтгүй баруун аймгуудын хөгжил, хүн ардын аж амьдралд шууд нөлөөлөх чухал ажил. Түүнчлэн сумдыг аймгийн төвтэй холбох, хуучин замуудыг сайжруулж, шинэчлэх ажлууд 2020 оноос эхлэн хийгдэж байна. 2016-2018 онд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг анх түрүүн хэрэгжүүлсэн нь улсдаа төдийгүй олон улсад сайшаагдсан туршлага болсон. Энэ ажлын үргэлжлэл болгож, Архангай аймагт хамгийн түгээмэл байдаг хавдрын төрлүүдийг 2024 он гэхэд эрс бууруулъя гэдэг зорилт тавьж, анх удаа Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг ашиглалтад орууллаа. Хавдрын эрт илрүүлгийн төв байгуулагдсанаар тухайн аймгийн иргэдийг өвчилсөн хойно нь бус эрт үед нь илрүүлж, хавдартай болохоос урьдчилан сэргийлэх, бүх насныхныг хавдрын талаарх мэдлэг мэдээлэлтэй болгох зэрэг эерэг нөлөөтэй. Ер нь хавдрыг аль болох эрт үед нь илрүүлэх тусмаа эмчлэгдэж, эрүүл болох боломж өндөр, эмчилгээний зардал мөнгөнд хэмнэлттэй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Мөн Архангай аймгийн боловсролын чанарыг сайжруулах төслийг сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байна. Үр дүнгээ ч өгч эхэлж байна. Архангай бол малын тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гурван том төсөл хэрэгжиж байна. Нэгдүгээрх нь, өндөр ашиг шимтэй цөм сүргийн үйлдвэр угсааг сум, багийн түвшинд бүрдүүлэх ажлууд 2021 оноос эхэлсэн. Үүнийг дагасан эрчимжсэн газар тариаланг нь цуг байгуулж малын тэжээлээ өөрсдөө тарих Техник дундын төвийг өнгөрөгч онд байгууллаа. Байгалийн хадлан авахад цаг агаарын хамаарал их байдаг. Гантай жил тохиовол хадлангүй болчихдог. Тиймээс байгалийн нөлөөллөөс хамаарахгүйгээр тогтмол ургац авдаг төсөл хэрэгжүүлж байна. Гуравдугаарх нь, малын өндөр ашиг шимтэй сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, зах зээлд холбож өгөх төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна.

-Улсын төсвийг 76 тийшээ тарааж тарамдаад үр дүнгүй болгоод байна. Сум бүрт соёлын төв, 360 хүүхдийн сургууль байх ямар шаардлага байгаа юм бэ гэдэг зүйлийг зарим гишүүд, эдийн засагчид ярих болсон. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс 1 сая 566 мянган км2 газар нутагтай, тархай бутархайн дээр цөөхөн хүн амтай. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт тусгаар тогтносон нутагтаа эзэн байх асуудал хөндсөн энэ асуудалд би зарчмын хувьд эсрэг байр суурьтай байдаг. Хөдөө, орон нутагт хөрөнгө оруулалтын дэмжлэг байх ёстой. Байх байхдаа зах хязгаар сумдад оршин суугаа иргэдэд соёлын төв байтугай дэмжлэг үзүүлэх ёстой. Өнөөдөр хүн бүр тав тухтай орчин бараадаж төв суурин газрыг зорьж байна. Улаанбаатарт маань нийт хүн амын тал хувь нь суурьшдаг, улсдаа ганцхан мегаполис хот болчихлоо. Төв рүү тэмүүлэх энэ их хүчний нөгөө талд зах хязгаар нутгууд жилээс жилд эзгүйрч эхэлсэн. Энэ чигт нь эзгүйрүүлэх үү, эсвэл эзэнтэй байлгах уу гэдгийг төр засаг анхаарах ёстой. Бодлого хожимдвол гэмшил дагуулна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байхыг заасан. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүр төрөөс нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёлын бүхий л үйлчилгээг ижил тэгш авах эрхтэй. Улсын төсвөөр Улаанбаатар хотод соёл, спортын газрууд байгуулж болоод суманд яахаараа болдоггүй юм бэ. Суманд соёлын төв барих шаардлагагүй гэдэг чинь суманд амьдардаг иргэд соёлын үйлчилгээ авч болохгүй гэсэн үг биш үү. Сум “харанхуйгаараа” байж байг, хотод ирж үзвэр үйлчилгээгээ үзнэ биз гэж байгаатай агаар нэг. Бүх салбарт хамаатай энэ асуудалд ганцхан соёлын төвөөр жишээ татлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил хязгаарын халдашгүй дархан байдлын нэг хэсэг болсон орон нутгийн хөгжлийн асуудал бол зарим нөхдийн яриад байгаа шиг попроод байх сэдэв биш. Тиймээс би үүний эсрэг хатуу байр суурьтай байдаг.

-Одоо тантай Боловсролын багц хуулийн талаар ярилцмаар байна. Өнөөдөр нийгэмд үүсчихээд байгаа нэлээдгүй асуудал өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын бодлого буруу явж ирснээс үүдэлтэй гэж дүгнэх хүн олон бий. Энэ хуулийн алдаа оноог дэнсэлж хэлэх хүний нэг таныг гэж бодож байна?

-Айл болгонд өдөр бүр яригддаг сэдвийн нэг нь боловсрол гэхэд хилсдэхгүй дээ. Манай гурван сая хүн амын нэг сая нь суралцагч, хоёр сая нь эцэг, эх, асран хамгаалагч гэж ойлгож болно. Тэгэхээр боловсрол бол “айл бүрийн хаалгаар ордог” өргөн салбар, гүнзгий сэдэв. Монголын боловсролын чанар сайн, муу байна гэх шүүмж бол ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл. Энэ нь Монголын боловсрол сайн байгаасай, дэлхийд хаана ч очсон гологдохооргүй боловсролтой монгол иргэнийг бэлдээсэй гэсэн чин хүсэл хүн бүрийн дотор байгаа учраас засаж, сайжруулаасай гэсэндээ шүүмжилж байгаа гэж боддог. Шүүрч аваад улстөржүүлдэг хүмүүс ч бий. Боловсрол бол улстөржүүлж болохгүй салбар гэдгийг зориуд хэлчихье.

Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг 2021 онд Засгийн газраас өргөн барьсан. Товчлох үүднээс багц хууль гээд ярья. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хууль, Мэргэжлийн боловсролын хууль, Дээд боловсролын хууль, судалгааны их сургуулийн хууль зэрэг бүх салбарыг нь багтаасан. Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан Хүмүүнлэг боловсролын хуулийг нэгтгэх эсэх асуудал яригдаж байгаа. Хуулийн төслийн хэд хэдэн ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн томоохон хэлэлцүүлэг улс орон даяар өрнөлөө. Хуульд ийм зүйл тусгамаар байна гэж олон жил яригдсан зүйлсийг энэ үеэр хөндөж байна. Энэ хууль хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох болов уу гэж хүлээж байна.

Боловсролын салбарын эрх зүйд 1963, 1982, 1995, 2002, 2011 онд томоохон өөрчлөлтүүд орж ирсэн. Харин 2011 оноос хойш хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийн ихэнх нь бүтэц, томилгооны өөрчлөлтүүд байсан. Аймгийн боловсролын газрын даргыг сайд томилох уу, аймгийн Засаг дарга томилох уу гэдэг ч юмуу. Ийм маягаар нэг Засгийн газар гарч ирэхээрээ Боловсролын хуульд өөрчлөлт оруулдаг байдлыг болих хэрэгтэй гэж үзсэн. Энэ удаагийн хуулийн төсөл бол 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Боловсролын салбарын дунд хугацааны стратеги зэргийг харж тооцсон төсөл. Өөрөөр хэлбэл, ойрын 10 жилдээ энэ хуулийг хэрэгжүүлэхэд дэлхийн чиг хандлагатай хөл нийлээд явчих боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгохыг зорьж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын боловсролын хууль, хөтөлбөрүүдийг нь судалж байна. Тухайлбал, Америк, Канад, Скандинавын орнууд, Австрали, Япон, Солонгос, Орос, Хятад зэрэг улсын Боловсролын хуулийг нухацтай судалж, харьцуулж, үр дагаврыг нь ярилцаж байна.

-Боловсролын ерөнхий хуульд туссан онцлох зохицуулалтууд юу байна вэ, ялангуяа ээдрээтэй, маргаантай асуудлууд нэлээд бий шүү дээ?

-Суурь боловсролыг 1-12 дугаар анги байлгах уу, 1-9 байлгах уу гэдэг асуудал концепцын хувьд хөндөгдөж байна. Хууль санаачлагч Засгийн газрын зүгээс 1-12 байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 12 дугаар анги төгсөж байж суурь боловсрол эзэмшинэ гэсэн үг. Би бол суурь боловсрол 1-9, бүрэн дунд 9-12 байх хэрэгтэй үзэж байгаа. Хүүхэд 16 нас хүртлээ суурь боловсрол эзэмшээд түүнээс хойш дээд сургуульд сурах уу, хувийн хэвшилд ажиллах уу, мал аж ахуй эрхлэх үү гэдэг нь хүний эрхийн асуудал гэж үзэж байгаа юм. Боловсролын яамны удирдлагаас Сум дундын ахлах сургууль байгуулах талаар ярьж байгаа. Яамны энэ санал суурь боловсрол эзэмшихээс нь эхлээд ялгаа үүсгэж, дээр дурдсан Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчинө гэсэн үг шүү дээ. Хэрвээ суурь боловсрол нь 1-12 гэж байгаа бол сум бүр л 1-12 ангитай 12 жилийн бүрэн дунд сургуультай байх болж байгаа юм.

Түүнчлэн энэ хуулиар гадаад хэлний сургалтын асуудал хөндөгдөж байна. Өргөн барьсан хуульд сургалтын гадаад хэл нь англи хэл байна гэж орж ирсэн. Цаг хугацааны хувьд бид одоохондоо тухайлж нэг улсын хэлийг заахаар хуульчлах хэрэг байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хууль батлагдлаа гэхэд, хэрэгжүүлэх үүднээс англи хэлээ заах ёстой. Өнөөдөр англи хэлийг заачих багш нар улсын сургуулиудад хангалттай байна уу? Суманд англи хэлний багш дутагдалтай юм чинь шалгалт авахдаа түвшинг нь бууруулъя гэхгүй. Улсын хэмжээнд 5-12 дугаар анги хүртэл долоон жил англи хэл үзчихсэн юм чинь ийм түвшинд байх ёстой гээд шалгалт авна. Тиймээс эхлээд багш боловсон хүчнээ, сургалтын материал, сурах орчноо бэлтгэх ёстой. Суманд англи хэл сурах орчин гэж юу байгаа юм бэ, сурах бичгээс өөр юу ч байхгүй шүү дээ. Мөн МСҮТ-ийн асуудал байна. Дунд сургууль төгсөөд МСҮТ-д ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад суугаад 18 нас хүрээд ажлын байранд гарч болох. Гэтэл заавал 12 дугаар ангиа төгссөнийхөө дараа 1-2 жил МСҮТ-д сурч үүний дараа мэргэжилтэй ажиллах хүчин болно гэхээр 20 нас хүрчихэж байгаа юм. Мэргэжлийн боловсролоо Хөдөлмөрийн яаманд хариуцуулсан 10 жилийн хугацаанд тогтолцооны гажуудал бий болсон. МСҮТ бол багш ажилладаг, оюутан сурдаг сургалтын байгууллага болохоос хөдөлмөрийн байгууллага биш. Гажуудлыг залруулж, шинэ Засгийн газар Боловсролын яаманд шилжүүллээ. МСҮТ-өөр дамжуулж дипломын боловсрол олгож инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх бүрэн боломжтой. Тиймээс хүүхдүүд 9, 12 дугаар ангиа төгсөөд инженерийн боловсрол эзэмших боломж байна. Эсвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох боловсрол эзэмших ч боломжтой. Мөн залгуулаад дээд боловсрол эзэмших боломж байна.

-Өнгөрсөн хугацаанд томилгооны өөрчлөлтүүд их хийгдсэн гэж та хэллээ. Сургууль, цэцэрлэгийн захирлыг Засаг дарга нь томилдог одоогийн тогтолцоог та хэрхэн дүгнэдэг вэ. Хуулиар үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн томилгоотой холбоотой түмэн зовлон байдаг. Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн удирдлагаар улс төрийн албан хаагчдыг томилоод байна. Аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар, сайд удирдлагуудыг нь томилж байгаа шүү дээ. Цаашид улстөржилтөөс хол байлгая гэвэл салбараасаа томилдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, босоо тогтолцоотой байх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын даргыг яамнаас томилдог, тэр газрын дарга нь сумынхаа сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг томилдог байх хэрэгтэй. Аливаа мэргэжлийн салбарын томилгоонд мерит зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тодорхой хугацаанд багшаар, цаашлаад хэдэн жил сургалтын менежерээр ажиллаж, туршлагажсан хүнийг захирлаар томилох нь байгууллагын соёл, төлөвшил, бодлогын залгамжид эерэгээр нөлөөлнө. Зарим газар улс төрөөс үүдэлтэй тогтворгүй байдал гаарч байхад зарим газар нэг хүн бүх насаараа захирал, эрхлэгчээр ажиллах явдал байна. Тийм удирдлагууд өөрийн тойрон хүрээлэгчтэй болж, тэднийхээ цалин урамшууллыг илүү олгодог, өөртөө таагүй ханддаг багш нарын мэдлэг, ур чадварын нэмэгдлийг багасгадаг зэрэг шүүмжлэлүүд байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог хугацаатай болгомоор юм билээ. Зургаа ч юм уу найман жил байх санал хэлэлцүүлгийн үеэр гарсан. Энэ бүгдийг ажлын хэсгийнхэн хэлэлцэнэ.

-Сайд солигдох бүрт дагаж өөрчлөгддөг сургалтын хөтөлбөрийн асуудлыг энэ хуулиар яаж зохицуулж байгаа вэ. Урт хугацаанд хэрэгжих тогтсон нэг хөтөлбөртэй байхаар зохицуулж байгаа юу, эсвэл уян хатан байхаар зохицуулж байна уу?

-Лу.Гантөмөр сайдын үед хэрэгжиж эхэлсэн “Цөм” хөтөлбөр одоо ч хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр таван жил буюу 2018 он хүртэл хэрэгжсэний дараа олон улсын төслийн хүрээнд дунд хугацааны хөтөлбөрийн магадлан шинжилгээ хийсэн. Цөм хөтөлбөрийн дотор ийм ийм асуудлуудыг засаж сайжруулах шаардлагатай байна гэж орж ирснийг нь миний үед засаж сайжруулсан. Түүнээс хөтөлбөрийг нь солиогүй.

Сайд солигдохоор хөтөлбөр солигддог юм биш. 2000 оноос хойш гурван удаа хөтөлбөр солигдсон. Одоогийн багц хуулиар хөтөлбөрийг дор хаяж 12 жилийн хугацаанд хөдөлгөөнгүй байх хатуу заалттай оруулж ирсэн. Жишээлбэл, 2022 онд Ерөнхий боловсролын хууль хэрэгжиж хөтөлбөрөө баталлаа гэхэд 2034 он хүртэл хөдөлгөөнгүй байна гэсэн үг. Дунд нь зайлшгүй засаж сайжруулах зүйл гарч ирвэл мэдээж засна. Харин хөтөлбөрийг ойрхон сольж болохгүй гэдэг хатуу заалтыг бид хуульд оруулна. Тиймээс харьцангуй урт хугацаанд тогтвортой хэрэгжих хөтөлбөр, хууль болох учраас бид энэ удаагийн Боловсролын багц хууль дээр их нухацтай хандаж байна.

-Кембрижийн хөтөлбөртэй хувийн сургууль цөөнгүй байна. Өндөр ч төлбөртэй. Боломжтой айлын хүүхдүүд нь суралцдаг, боломжгүй нь үлддэг. Ингээд хөтөлбөрөөс үүдсэн боловсролын ялгаа гараад байна гэдэг шүүмжлэл их гарч байна?

-Улсын хэмжээнд ЕБС-иуд бүгд нэг хөтөлбөрөөр явж байгаа. Таны ярьж байгаа олон улсын магадлан итгэмжилсэн хөтөлбөртэй төрийн мэдлийн гурав, хувийн хэвшлийн хэдэн сургууль бий. Төрийн мэдлийнх нь төлбөргүй, хувийн хэвшлийнх нь төлбөртэй. Тэдгээр сургуульд Монголын боловсролын хөтөлбөрийн ийм ийм хөтөлбөрийг заавал үзсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Олон улсын хөтөлбөртэй гэдгээрээ өндөр төлбөртэй байна, боловсролын ялгаа гаргаж байна гэдэг шүүмжлэл байдаг. Эрэлт, хэрэгцээ нь байгаа учраас ийм сургуулиуд байгаа юм. Эцэг, эхчүүд өөрсдийнхөө хүсэл сонголтоор өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг. Гэтэл төрөөс та нар ийм өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургаж болохгүй гэж хязгаарлаж болохгүй шүү дээ. Төрийн зүгээс, та нар ийм өндөр төлбөр авч болохгүй гэж боловсролын байгууллагыг хязгаарлаж болохгүй. Гагцхүү өндөр төлбөр авч байгаа бол төрөөс өгдөг татаас, хувьсах зардлыг нь хязгаарлаж болно. Төлбөртэй сургуулиуд компани, аж ахуйн нэгжийн статусаар ашгийн төлөө явж байгаа бол өндөр төлбөрийнхөө хэрээрээ татвараа төлөх ёстой. Зарим сургууль ашгийн бус төрийн бус байгууллагаар явдаг. Хувийн мөртлөө ашгийн бус сургууль бол тэрийгээ маш сайн тайлбарлах хэрэгтэй. Сурагчдын төлбөрийг яаж зарцуулснаа тайлагнах ёстой.

Монгол Улс Үндсэн хуулиараа нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хувийн өмчийг хумьж, нийтийнхтэй адилтгах гээд байх хэрэггүй. Бид чинь чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон шүү дээ.

-Хэдийгээр улсын ЕБС-иуд ижил хөтөлбөртэй ч хувийнхныг гүйцэж чадахгүй байна. Боловсролын ялгааны асуудал орон нутагт их гарч байна шүү дээ?

-Хот, хөдөөгийн боловсролын үйлчилгээнд нэг талаас хүртээмжийн ялгаа байна, нөгөө талаас чанарын ялгаа байна. Хүртээмж гэхээр нөгөө л сургууль, цэцэрлэгийн байр, байшингаас эхэлнэ. Ердөө модон жорлонгоос нь эхлээд ялгааг арилгах шаардлага байгаа юм. Орон нутгийн 400 гаруй сургуулийг дотроо боловсон ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг удаа дараа ярьж, зохих шийдлийг гаргаад явж байна. Сайдын хувиар орон нутгийн сургуулиудтай танилцаж явахад Завхан аймагт галладаг зуухтай сургууль байсан. Энэ мэт асуудлыг шийдвэрлэж байж, ялгаа багасна. Дараа нь тэнд ажиллаж байгаа багш нарын чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж сургалтын чанарын ялгааг арилгах асуудал яригдана уу гэхээс, Улаанбаатар хотын сургуулийн төлбөрийн асуудлыг хөндөөд, бүгдийг нь сумын сургууль шиг болгоё гэж болохгүй шүү дээ.

Олон улсын сургалтын хөтөлбөрийг бүх суманд хэрэгжүүлж, ялгаа арилгана гэж ярих амархан, хийх хэцүү. Тийм сургуулиудын хичээлийн хөтөлбөрүүдийн ихэнх нь англи хэл дээр ордог. Манайд ийм хэмжээний хөтөлбөрийг заах англи хэлний өндөр хэмжээний чадвартай багш нар байна уу, өндөр цалин өгөөд ажиллуулах боломж манай салбарт байна уу гэвэл хомс. Улсын сургуульд хамгийн багадаа таван сая төгрөг өгөөд багшлуулъя гэхээр улсын хэмжээнд байгаа 40 орчим мянган багшийг англи хэлээр мэргэшүүлээд мэдлэг боловсрол олгоод, олон улсын хэмжээний хөтөлбөр заах хэмжээнд серфиткатжуулаад ажиллуулах боломж өнөөдөртөө төсөвт алга.

-Багш нараа чадваржуулахын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна?

-Олон улсын түвшин рүү дөхүүлсэн сургалтын хөтөлбөрийг чадвартай багш нараар заалгах асуудал манай салбарт тулгамдаж байна. Ингэхийн тулд эхлээд багш бэлдэж байгаа их, дээд сургуулиудыг стандартчилах шаардлагатай байна. Ялангуяа, бага ангийн багш бэлтгэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай юм билээ. Бага ангийн багш хүн суурь боловсролыг өгдөг. Бага ангийн багшаас эхлээд багш нараа сайн бэлдэж, гайгүй цалин өгч байж хүүхдүүдэд олигтойхон сургалт өгнө шүү дээ. Өнөөдөр бид нэг багшид дунджаар 300 орчим ам.долларын цалин өгч, нэг хүүхдэд 400-500 орчим ам.долларын зардал гаргаад дэлхийн хэмжээний боловсролын чанар нэхээд байгаа юм. Энэ бол УАЗ469 машинаар давхиж байж ланд крузерийн хурд, хүч нэхээд байгаатай ялгаагүй. Монголын төр боловсролын салбарт байнга анхаарлаа хандуулж ирсэн. Жил бүрийн төсвийн 4-5 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Энэ бол ядарсан эдийн засагтай манай орны хувьд чамлахааргүй зүйл. Харин ч өдий зэрэгтэй яваад ирснийг нь муу гэж хэлмээргүй байгаа юм. Боловсролын салбараас 100 орчим мянган хүн хоолоо олж идэж байна. Монголд ЕБС-иа төгссөн хүүхдүүд гадаадад очоод бусдаас дутахгүй сураад мэргэжлээ эзэмшээд хүрч ирж байна шүү дээ. Тиймээс манай боловсролын салбар бүр болохоо байчихсан юм биш. Мэдээж засаж, сайжруулах зүйл бий.

-Боловсролын салбарыг удирдаж чиглүүлж байсан сайдын тань үүднээс асуухад боловсролын хоцрогдлыг яаж арилгах вэ?

-2020 онд анхны хорио цээрийн дэглэм тогтооход би салбарын сайдаар ажиллаж байсан. Яаралтай арга хэмжээ авч теле болон цахим хичээлийг эхлүүлсэн. Үндсэндээ 2020 оны 7, 8 дугаар сар гэхэд 1-12 ангийн бүх хичээлийг теле, цахимд байршуулах бэлтгэлийг бүрэн хангачихсан. Одоо аль ч ангийн ямар ч хичээлийг интернэтэд ороод үзэх боломжтой болсон. Энэ нээлттэй платформыг хэн ч, хэзээ ч дахин дахин ашиглах боломж бий. Тухайн үедээ манай улсын туршлагыг олон улс сайшааж байсан. Мэдээж гэрэл цахилгаан, мэдээллийн техник технологийн хүрэлцээнээс үүдэлтэй хоцрогдол бий болсон. Тэглээ гээд судалж байж л ард нь гарна. Салбарын яам нөхцөл байдлаа судалгаатай үнэлж, манай багш нар зохих арга хэмжээгээ авч таарна. Хүүхэд нэг бүрийг ойлгох, нөхөх, олж авсан мэдлэгийг тогтворжуулах зайлшгүй шаардлагатай. Хоцрогдлыг нөхөхөд эцэг, эхчүүдийн оролцоо дэмжлэг юу юунаас чухал. Амралтын өдөр, чөлөөт цагийг нь хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ, хүрэлцээгүй байгаа техник, тоног төхөөрөмжөөр нь хэрхэн хангах вэ, сэтгэл санааны байдал, хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголтыг нь яаж дэмжих вэ гээд эцэг, эхээс шалтгаалах асуудал их байна.

Р.Хишигжаргал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.