Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Сербийн теннисчин Новак Жокович “COVID-19”-ийн вакцинжуулалттай холбоотой дүрэм журмын улмаас АНУ-ын “Indian Wells”, “Miami Open” тэмцээнүүдийг өнжихөөр болжээ.
“Миний бие эдгээр тэмцээний сугалаанд автоматаар бүртгэгдээд байгаа ч тус улс руу зорчих боломжгүй гэдгээ мэдэж байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв холбогдох зохицуулалтаа өөрчлөхгүй гэдгээ баталсан тул миний бие АНУ-д болох тэмцээнүүдэд оролцох боломжгүй болж байна. Эдгээр гайхалтай тэмцээнд оролцох тамирчдад амжилт хүсье” гэж Н.Жокович “Twitter” хуудсандаа пүрэв гарагт нийтэлжээ.
Их дуулгын 20 удаагийн аварга тэрбээр энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн Нээлттэй тэмцээнд мөн “COVID-19”-ийн вакцинжуулалтын улмаас оролцож чадаагүй юм. Хоёрдугаар сарын эцсээр Оросын теннисчин Даниил Медведев Мэргэжлийн теннисчдийн холбооны чансааг 8615 оноотойгоор тэргүүлж, Н.Жоковочийг ардаа орхижээ.
“Indian Wells Masters” тэмцээн Калифорни муж улсад гуравдугаар сарын 7-ноос эхэлсэн бөгөөд 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Түүний дараа “Miami Open” тэмцээн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл бичих