Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог



2-р сарын 20
17 цаг 55 минут

СТА, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?

-Юуны түрүүнд “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.

-Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.

-Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.

-“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол...

-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.

-Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?

-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.

-Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?

-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.

-Тайзаа санаж байна уу? -Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.

-“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?

-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.

-Оногдсон дүрээр амьдрахад юу чухал вэ?

-Судалгаа хамгийн чухал, найруулагч Батсайхан ах маань “Жүжигчин хүн гэдэг өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг сайн хадгалдаг” гэж хэлж байсан. Хадгалаад тогтоож авсан хүн сайн уран бүтээл гаргадаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл, би аав нь өнгөрч байгаа дүрд тогловол хэрвээ Эрхэмээ байсан бол яах вэ, аавыгаа өнгөрч байгаа дурсамжийг дотроо бодож, мэдэрч тогтоож үлдэнэ. Уран бүтээлчид нас ахих тусам сайн уран бүтээл гаргадгийн учир тэр байх. Мэдэрч, тогтоосон дурсамжуудаа онолтойгоо холбоод сайн уран бүтээл гардаг. Бүх л дүрд эд эсээ шатааж, судалгаа хийж л тоглоно доо.

-Таны мөрөөдлийн дүр ямар дүр вэ?

-Яг үнэндээ надад энэ дүр дээр л тоглочих юмсан гэдэг мөрөөдөл байдаггүй. Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог. Тэгээд л түүн дээрээ сайн ажиллахыг хичээнэ.

-Гэр бүлийнхээ хүнтэйгээ кино хийх гэж байгаа гэсэн. Гэр бүл гэдэг утгаараа догдолж байна уу, та?

-Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ ажил, амьдрал хоёрыг ялгаад сурчихсан даа. Шинэ уран бүтээл дээр найруулагчаар ажиллана, дүр бүтээхгүй.

-Таны багш “Жүжигчин хүн зорилго тоглодог юм” гэж хэлдэг байсан гэж уншсан. Ер нь таны амьдралын зорилго юу юм бэ?

-Туйлын бөгөөд үндсэн зорилго бол эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрах. Зорилго гэдэг үгэнд хүрэхийн төлөөх бодлууд маань л сайн сайхан руу хөтлөдөг байх. Жишээлбэл, би үргэлж хүний итгэлийг алдахгүй илүү хичээх юмсан гэж бодож явдаг. Хэн нэгэн магтахад, шүүмжлэхэд хүлээж авч илүү их хичээх хэрэгтэй.

-Таныхаар Монголын урлагийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Камертай болгон кино хийж, бараг хүн бүр кино найруулж байна. Нэг талаараа зөв л гэж боддог, хийгээд л, үзээд л байх хэрэгтэй. Тэгж байж үзэгчид ч, уран бүтээлчид ч хөгжинө. Өрсөлдөгчгүй бол хөгжихгүй шүү дээ. Гадны кино наадмуудаас яагаад монгол кино шагналыг нь аваад байгаа юм. Монголчууд мөнгө өгч лав аваагүй байх, тэгэхээр гадныхан үзэж байна, хөгжиж байна.

 

А.ГАНТУЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих ULS.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.