Цар тахлын хүнд нөхцөл, хөл хорионы хоёр жилд монголчууд бид юм юм л үзлээ. Тийм учраас ард түмнээсээ эхлээд өндөр дээд төр ч нэгийг тунгаав бололтой. Харин санаж сэрээгүй үлдсэн хүн гэвэл нийгмийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэдгийг олон нийт ч онцлов. Эрх баригчид ч онцлов. Түүнийг огцруулах тухай Ерөнхий сайдын түвшинд яригдаж эхэлсэн аж. Гэхдээ З.Мэндсайхантай хамт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэр ч дуулдана лээ. Гэхдээ огцруулах хамгийн том шалтгаантай сайд нь З.Мэндсайхан гэдгийг дуулгалаа. Арга ч үгүй. Эрх баригчид, Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” яриад яваад байдаг, нийгмийн гол салбарынх нь сайд ажлаа хийхгүй байгаагийн зэрэгцээ юугаа ч мэдэхгүй сууна гэдэг байж боломгүй асуудал. Түүнийг огцруулах тухай өнгөрөгч амралтын өдөр өрнөсөн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэр ч бүү хэл дараагийн сайд нь энэ ажиллагааг удирдах хэмжээнд ажиллаж байгаа аж.
Тэгэхээр огцруулах шалтгаан байж таарах бөгөөд түүнийг дурдах хэрэгтэй. Хамгийн том шалтгаан нь төрийн өмчит компанид ажлын бээлий тасарч, ажилчид нь улаан гараараа хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Ингээд хувийн хэвшил, зарим оёдлын цехэд хандан бээлий оёулсан ч хангаж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүйгээс их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй гэжээ. Мөн улаанбаатарчуудын өдөр тутмын хэрэглээ болох боловсруулсан түлшийг савлах шуудай байхгүй хөглөсөн.
Ийнхүү нийслэлийн гэр хороолол хөлдөхдөө тулж, хятад руу олон сая шуудай захиалсан ч хил гаалийн байдлаас болон орж ирэхгүй удсан гэдгийг ч бид мэднэ. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэх мэтээр нийгэмд олон зүйл өрнөж байна. Үүнээс харагдаж байгаа зүйл гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очихгүй байна гэх. Мөн салбарын сайд энэ тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байна гэдгийг сануулах болжээ. Магадгүй юм. Хэрвээ энэ сангаас олгодог мөнгө жинхэнэ эзэд, үйлдвэрлэгчиддээ хүрсэн бол бээлий үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэж, дутагдаж байгаа компани, иргэдэд хүргэх боломж дүүрэн байсныг хэлж байна. Ядахад л түлшнийхээ шуудайг үйлдвэрлэдэг байсан бол нийслэлийн иргэд гал алдаж суухгүй байв.
Бидэнд гашуун туршлага бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 40 шахам УИХ-ын гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нэгэнтээ тодорхой мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, арга хэмжээ авахуулж байсныг ч санаж байгаа. Гэтэл энэ цагаас хойш даруй гурван жил өнгөрч байхад нөхцөл байдал хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.
Үүнээс хойш Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болгосон. Тус газрыг салбар яамнаас өрх тусгаарлах замаар агентлаг газар болгосон ч тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа агентлаг газар учраас үе үеийн сайдын ашиг сонирхлын талбар болж ирсэн нь дээрх хоёрхон жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар З.Мэндсайхан гэж бизнесийн салбараас ажлынхаа гарааг эхлүүлсэн нэг нөхөр томилогдсон нь салбарын ажлыг унагааж байна гэх шүүмжлэл ч дагах боллоо. Ямартай ч сайд маань хүнд нөхцөлд ганц бээлийний үйлдвэр байгуулсангүй, ганц шуудай ч үйлдвэрлэх боломж олгосонгүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.
Уг нь салбарын сайд бодлого гаргаад ганц шуудайны үйлдвэр байгуулахад төдийлөн их хөрөнгө гарахгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зөв газарт нь хувиарласан бол ганц ч атугай бээлийний үйлдвэртэй байх байв. Цаашид ч цар тахал, түүний халдварын дэгдэлт байсаар байх болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна. Гэтэл бид ганц ч үйлдвэргүй, ганц үйлдвэр бариулчих бодлогогүй сайдтай амьдарсаар байх уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлгүй сайд нар цөөнгүй бий. Харин З.Мэндсайхан шиг бодлогогүй, хөдөлгөөнгүй сайд байхгүй л болов уу. Эрх баригч намаас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан төлөвлөгөөгөө ард түмэнд танилцуулсан. Гэтэл энэ том бодлогод бүү хэл өдөр тутмын ажилд ч тэнцэхгүй сайд байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа харж болно. Хангалттай огцрох шалтгаантай сайдаасаа МАН ч залхаж байгаа, Ерөнхий сайд ч залхаж байгаа. Эгзэгтэй цаг үед энэ мэт сайдаасаа салж байж л цааш явна даа.
Сэтгэгдэл бичих