Эрчим хүчний сайд Д.Зоригт Энэтхэг улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Удахгүй Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд айлчлах гэж байна. Энэ айлчлалд монголын тал чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд айлчлал нь энэ онд тохиож буй нь дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг юм” гэв.
Тэрбээр цааш нь “Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлал нь хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ, өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах, түүнчлэн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бидний хамтын зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Манай яамны зүгээс Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Пиюш Гояалыг Гадаад хэргийн яамаар дамжуулан албан ёсоор уриад байгаа” хэмээн дурдсан юм. Уулзалтын үеэр Энэтхэгийн Элчин сайд Сомнат Гош манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбар нэн ялангуяа нарны эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар танилцуулж, албаны түвшинд мэдээлэл солилцож ажиллах нь зүйтэй гэлээ.
Сэтгэгдэл бичих