Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн сард олны анхаарлыг татаж байсан занданшуулсан шарилыг дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад энэ занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-Уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” хэмээх уулын өвөрт ил оршуулагдсан Цорж Санжжав гэж олондоо хүндлэгдсэн лам хүний шарил болох нь тогтоогджээ.
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар энэ сарын 17-ны өдөр цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Харин үүний дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах ажээ.