АН-ын даргын сонгуульд МАН-ынхан “гараа дүрж” эхэлжээ. Гараа дүрэхдээ алсаас ч биш, шууд л нэр дэвшигч О.Амартүвшинг ил тод дэмжиж байгаа аж. О.Амартүвшингийн бүхий л сурталчилгаа, цахим орчин дахь төлбөрт нийтлэлийг МАН-ын “шилэн” Цогоогийн дүү гэгддэг Gandulam Lkhagvadorj хаягтай эмэгтэй төлбөрийг төлж байх юм. Gandulam Lkhagvadorj өмнө нь МАН-ын улаан фэн байсан төдийгүй МАН-ын дарга асан М.Энхболд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг дэмжсэн постыг харамгүй сэтгэл, хайр, хүндэтгэл дүүрнээр бичдэг байж.
О.Амартүвшин МАН-ын Н.Цэрэнбаттай ихэд найз төдийгүй, бизнесийн хамтрагчид учраас МАН-ынхан ингэж АН-ын сонгуульд “гар хөлөө” оролцуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад бас гайхах ч шаардлагагүй бололтой.
Дээхнэ үед Н.Цэрэнбат нь “Бизнесээ урт удаан хугацаанд өргөжүүлж, тэлэх боломжтой байя гэвэл улс төрийн намуудад хүчин зүтгэх ёстой” гэж ярьсан байдаг.
Тиймдээ ч тухайн үед О.Амартүвшин 2012 онд Булган аймагт МАН-ын намаас УИХ-д нэр дэвшинэ хэмээн ихэд хөөрцөглөсөн ч одоогийн АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр мөргөж унагасан түүхтэй.
Харин найз Н.Цэрэнбат нь 2016 онд МАН-ыг налж УИХ-ын гишүүний сэнтийг заларч, бүр давхар дээлтэй болж, БОАЖ-ын сайд хүртэл болсон.
Харамсалтай нь, өнгөрөгч сонгуулиар Н.Цэрэнбат өвдөг шороодож, дээрээс нь МАН-д Увсын фракцын нэр хүнд тааруухан болсон учраас АН-ыг атгандаа багтааж, эзэн суухад О.Амартүвшин нэн шаардлагатай болсон нь энэ.
Тиймдээ л МАН-ын залуучууд АН-ын сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэхээр улайрч байгаа нь юм.