Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

Ц.Шинэзориг: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, монгол компани анх удаа хамгийн урт төмөр замын гүүрийг барьснаараа бахархаж явдаг

/3-р сарын 10/  -  12 цаг 09 минут

Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Шинэзоригтой ярилцлаа.

 -Таныг хамгийн олон гүүр барьсан инженер гэж замын салбарынхан ярилцдаг юм байна. Гэхдээ та манай уншигчдын хувьд шинэ танил. Өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлүүлье?

 -Намайг Цэндийн Шинэзориг гэдэг. Зам барилгын машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй. Хуучнаар ЗХУ-д Батлан хамгаалах яамны шугамаар Инженерийн цэргийн сургуульд суралцаж энэ сайхан мэргэжлээ эзэмшсэн. Замын салбарт 31 дэх жилдээ ажиллаж байгаа. Дорнод аймгийн уугуул. Гурван хүүхдийн аав, нэг ач, хоёр зээгийн өвөө.

 -Хамгийн сүүлд ямар гүүр бариад байна вэ?

 -Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, дэмжлэгтэйгээр Таван толгой-Зүүнбаян чиглэлд 414.6 км төмөр зам баригдаж байгаа. Энэ ажилд гар бие оролцож 226.18 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил хийсэндээ бахархаж явдаг. Манай компанийн барьсан гүүр энэхүү төмөр замын хамгийн урт нь гэдгээрээ онцлог.

 Бид энэ гүүрийн ажлыг гүйцэтгэж, товлосон хугацаандаа хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн. Анх удаа Монгол компаниуд төмөр зам барьж, бас төмөр замын гүүрийг хийж байгаа нь энэ юм. Бусад компаниуд маань ажлаа амжилттай дуусгасан. Хүлээлгэн өгөх ажиллагаанд Ерөнхий сайд болон салбарын сайд дарга нар хүрэлцэн ирж “Маш чухал ажлыг хийж гүйцэтгэсэнд баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн нь манай компанийн хамт олонд тун сайхан санагдсан. Бидний хувьд гүүрээ барихаас гадна төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа инженер техникийн мэргэжилтэн, ажилтан, ажилчдад сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг тогтмол зохион байгуулсан. Олны хүч оломгүй далай гэдэг болохоор нийтийн төлөө зорьсон үйл хэрэг бүхэн бүтэмжтэй байх нь дамжиггүй.  

 -Та яг хэчнээн гүүр барьсан бэ?

 -Барьсан гэдгээс гадна барихад хамтарсан, зураг төсөл гаргасан, хяналт тавьсан, технологи аргачлалыг боловсруулсан, засвар арчлалтыг гүйцэтгэсэн гээд өөр бусад оролцооны ажлууд бас байдаг. Миний үүсгэн байгуулсан “ЗМЗ” компани гэхэд дангаараа 3500 гаруй у/м явган хүний болон урт, богино гүүрийг, 100 гаруй км зам барьж ашиглалтад оруулсан. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод 460 гаруй км автозам, 100 гаруй гүүрийн засвар арчлалтыг хариуцах ажлыг удирдаж, хамт олноороо үр бүтээл гаргасан.

 Авто замын салбарт 31 жил ажиллахдаа дангаараа болон хамтран улс, нийслэлд нийт 700 гаруй км зам, 100 гаруй гүүр барьж засвар арчлалтын ажлыг хийж, 400 гаруй зам, гүүрийн зураг төслийн ажилд санал өгч, 500 гаруй объектийн газар чөлөөлөлтөд ажиллаж, 150 гаруй бүтээн байгуулалтад биечлэн оролцсон байна.

 -Гүүр гэдэг бол хоёрыг уулзуулдаг, холыг товчилдог бас нэгэн зам. Яг ингээд бодоод үзэхээр хөдөө орон нутагт зам ч чухал, гүүр бүр ч илүү чухал байдаг юм байна.

 -Тийм шүү. Ялангуяа мал аж ахуй голлосон манай улсын хувьд гол мөрөн дээгүүр тавих гүүр онцгой ач холбогдолтой. Гол улс гаталж чадахгүйгээс болж малчдын аж амьдралд бас томоохон бэрхшээл учирдаг. Олон гүүр барьж олон аймаг, сумаар явсан хүний нүдээр харахад гүүр барьж байгаад тухайн орон нутгийн иргэд, малчид маш баяр талархалтай байдаг. Манай компани Туул гол, Онон гол, Хэрлэн гол, Хараа гол, Улз гол, Халхгол, Галын гол, Алтан гол гэх мэт томоохон гол мөрөн дээр төмөр бетон, ган төмөр, модон гүүр болон авто замуудыг барьж ашиглалтад оруулсан. Ерөөлтэй ажил юм даа.  

 -Их усан дунд төмөр бетон цутгаад тулгуур хийж дээр нь гүүр тавина гэдэг нарийн технологи, нүсэр ажил болох нь тодорхой. Та ер нь энэ мэргэжлийг яагаад эзэмших болсон юм бэ? Яаж яваад гүүртэй холбогдчихов?

  -Арван жилийн сургууль төгсөөд инженер болох, тэр тусмаа гадаадад суралцах хүсэлтэй байсан. Аав минь их дэмжсэн. Манайх ах дүү олуулаа. Гэр орны ажлаа ээлжлэн хийнэ, бага дүү нараа харж хандана гээд аав, ээждээ туслах ёстой. Аав минь намайг гэрийн ажлаас чөлөөлж хичээлдээ л анхаар гэж дэмжиж, намайг сонсож, надтай ярилцдаг байсан. Тэр жил маш олон хуваарь ирснээс конкурс өгөөд инженерийн мэргэжлийг эргэлзээгүй сонгосон. ОХУ-ын Калининград хотод суралцаж ирээд Батлан хамгаалах яамны харьяа Эрдэнэтийн Хялганат дахь ус гатлалтын ангид хуваарилагдсан. Энд ажиллахдаа зам, гүүртэй холбоотой бүтээн байгуулалтуудад үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн оролцож байлаа. Цэргийн техник хэрэгслүүдийг эзэмшиж ашиглах, үер устай голуудад яаралтай хөвүүр гүүр тавих зэрэг ажлуудыг хийж явлаа. Бас Халх гол, Орхон, Сэлэнгэ голын дээгүүр хөвүүр гүүр тавьж байсан. Ардын армид дөрвөн  жил гаруй ажиллаад дараа нь Дорнод аймгийнхаа зам ангид механикчаар ажиллаж авто замын салбарт ажил амьдралын гараагаа эхлүүлсэн дээ.

     -Цэрэг, армитай холбогдож эхлүүлсэн ажил амьдралын гараагаа нутагтаа очиж үргэлжлүүлсэн юм байна. Тэр үед яаж ажиллаж байсан бэ?

 -1991 онд Дорнодын авто замын газар механикчаар ажилд орж авто замын салбарт анхлан хөл тавьж байсан. Механикчаар ороод ерөнхий инженер хүртэл дэвшин ажилласан. Зургаан жил гаруй ажиллаад ажилдаа ч зүгшрээд их юм сурсан. Гэтэл 1996 онд улсын эдийн засаг хямарч, замын барилга угсралтыг хувийн компани хийх боломж нээгдэж, авто замын салбарыг барилга угсралтын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан юм. Ганц манай нутагт гэхэд л зам гүүртэй холбоотой хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа нь бидэнд илхэн байлаа. Жишээлбэл, Халх гол маань маш ширүүн урсгалтай, голын урсац нь өөрчлөгдөөд хуучин гүүр нь голынхоо наана үлдчихсэн байсан тул шинээр уртасгаж гүүр барих шаардлага тулгараад байлаа. Голын цаана Монголын хилийн бүс нутаг, застав байдаг байв. Ингээд энэ ажлыг хийхээр шийдэж, нутгийн мэргэжил нэгт зөвлөх инженер Ч.Пүрэвдорж, Б.Чоймбол гээд ахмад замчидтайгаа санаа бодлоо нийлүүлж компани байгуулах санааг анх гаргаж байлаа.

 -Будаг нь ханхалсан цоо шинэхэн компани, шинэ тутам хөгжих гэж буй салбарт хүч сорихоор ажлын гараагаа эхлүүлжээ. Аливаа зүйлийн эхлэл, эхний ажил туйлын хүнд байдаг талтай. Эхний ажил ямархуу байв даа?

 -Эхний ажлыг нутгаасаа эхлүүлсэндээ их бэлэгшээдэг юм. Уг гүүр нь 256 гаруй метр урттай байсан байх. Халх гол маань их ширүүн урсацтай, гүнзгий гол тул хавар болж үер ус, цөн түрэх аюул эхлэхээс урьтаж ажлаа дуусгахаар өвлийн хүйтэнд ажлаа  эхлүүлээд төлөвлөсөн хугацаандаа дуусгаж байлаа. Одоо эргээд бодох нь ээ, анхны ажил их хүнд байсан даа. Ер нь ч манай зам, гүүрийн салбарын ажил хүнд хөдөлмөртөө багтдаг юм шүү дээ. Дараа нь Хэнтий аймаг Хэрлэн Баян-Улаан, отрын гүүр 198,6 урт метр, Дорнод аймаг Хөлөнбуйр сум, Хэрлэн гол дээр 290 метрийн урттай төмөр бетон гүүр хоёрыг барьж байлаа,

 -Зам, гүүрийн чанар насжилтыг удаан хадгалахын тулд чухам ямар арга технологи хэрэглэдэг вэ. Мэдээж арчилгаа, үйлчилгээ чухал үр нөлөөтэй байх л даа?

 -Технологийн шаардлага, норм дүрмээ ягштал барьж байж л гүүр чанартай сайн болно. Ер нь гүүрийн насжилтыг багадаа 60-90 жилийн хугацаатай байх ёстой гэж мэргэжлийнхэн тооцож үздэг. Тэгээд ч гүүр гэдэг бол олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг зүйл тул ямар ч алдаа дутагдал гаргах эрх бидэнд байхгүй. “Хэсэг газраа нурчихлаа, энийг янзалчихъя” гээд зогсож байж болохгүй салбар шүү дээ. Тиймээс зураг, төслийн дагуу маш хариуцлагатай хийж гүйцэтгэх ёстой ажил бол гүүрний барилгын ажил юм.

 -Төрийн болон хувийн хэвшилд ажиллаад нийт 37 жилийн ажил амьдралаа зам, гүүрийн салбартай холбожээ. Энэ хугацаанд өрнүүлсэн томоохон бүтээн байгуулалтууд болон бахархаж явдаг ажлуудынхаа талаар манай уншигчдад сонирхуулбал?

 -Дорнод аймаг, Цагаан овоо сум, Галын голын модон гүүрийг хүнд даацын бетон гүүр болгож шинэчилсэн. Хэрлэн гол дээр гурван ч гүүр барьж, Халх голын ойн өмнө 1936 онд баригдсан  гүүрийн их засварын  ажлыг  богино хугацаанд хугацаанд нь хийж байлаа. Гэх мэт том, жижиг олон гүүрийг барьж байгуулан засвар үйлчилгээг хийж гүйцэтгэжээ. Улаанбаатар хотод Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд явган хүний болон автозамын гүүрүүдийг ч барилаа. Тухайлбал, Биокомбинатад Туул гол дээр 205 у/м шинэ гүүр барьсан, засвар хийсэн.

 100 айлын уулзвар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд ашиглах боломжтой анхны лифттэй явган хүний гүүр жил гаруйн дараа Сансарын Шилэн налуу шаттай явган хүний гүүр зэрэг бүтээн байгуулалтыг энд бас дурдмаар байна. Эдгээр замуудад өглөө, оройн утаа униартай, бороо цастай өдрүүдэд маш олон хүүхэд, хүмүүс автын осолд ордог байсан юм билээ. Сардаа 5-6 хүүхэд осолд ордог гэсэн статистик тоог цагдаагийн байгууллага тухайн үед гаргаж өгч байлаа. Одоо эдгээр гүүрүүд ашиглалтад орсноор энэ байдал өөрчлөгдөж, хүүхэд багачуудаас эхлээд том хүмүүс ч замын хөдөлгөөнд айх аюулгүй оролцож байна. Нөгөө талаар эдгээр гүүрийг барьж байгуулснаар тухайн уулзварын түгжрэл тодорхой хувиар буурсан.

 -Өнгөрсөн хугацаанд нийслэлийн авто замын салбарт ажиллаж, бодлого тодорхойлж байсан юм билээ. Энэ талаараа хуваалцахгүй юу?

 -2005 оны сүүлчээр “Улаанбаатар зам, засвар, арчлалт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ байгууллагад 5 жил орчим ажилласан. Улаанбаатар хотын бүх л зам, тэмдэг тэмдэглэгээ, засвар арчлалт, гэрлэн дохио хариуцдаг том компани байлаа. Тухайн үедээ байгуулагдаад удаагүй, ажлын ачаалал зэргээс шалтгаалаад компани санхүүгийн хувьд ч алдагдалтай, өдөр тутмын маш их ажилдаа дарагдчихсан байсан. Инженерүүд, журмын нөхөд, хамт олныхоо хамтаар зүтгэсний үр дүнд анх удаа тус төрийн өмчит компани ашигтай ажиллаж, ажиллагаа нь хэдийнэ доголдоод эхэлчихсэн 47 уулзварын гэрлэн дохиог иж бүрэн шинэчлэх,  камержуулах төслийн ажлыг өрнүүлэн, замын хөдөлгөөний удирдлагын төвийг бий болгосон. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын борлуулалтыг 1.8 тэрбум төгрөгт хүргэж үр ашигтай ажиллуулсан гэж сайшаагдаж байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас манай хамт олонд 2 сая төгрөгийн шагналыг гардуулж байлаа. Тухайн үеийн 2 сая төгрөг гэдэг чинь их мөнгө шүү. Энэ мэтээр олон жилээр хуримтлагдсан өр, авлагыг барагдуулж, санхүүгийн чадавхийг дээшлүүлж, алдагдлыг 2 дахин бууруулсан.

 Ажлын үзүүлэлт, үр дүнг харгалзан Нийслэлийн автозамын газарт хэлтсийн даргаар томилж, 2010 оноос ажиллаж эхэлсэн. Яг энэ үед гадны зээл тусламж ихэссэн, эдийн засгийн өсөлт нэмэгдчихсэн цаг үе байсан тул бид бүтээн байгуулалтыг аль болох хурдан хийхээр хичээж байлаа. Хяналтын хэлтсийн даргаар ирснээс хойш 4 жилийн турш маш олон ажлуудад хяналт тавьж, ажилласан. Томоохноос нь дурдвал, бидний сайн мэдэх Энхтайваны өргөн чөлөөг бид тухайн үедээ зам хааж, нээлгүйгээр өргөтгөж хамгийн боломжит хэмжээнд нь аваачиж, шугам сүлжээг нь зөөвөрлөсөн юм. Мөн Японы буцалтгүй тусламжаар баригдсан Нарны гүүрийг барьж байгуулахад нь оролцож, газар чөлөөлөх ажлыг хяналтын ажилтай нь хамтаар хийж гүйцэтгэж байлаа.

 -Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжөөд 90 гаруй жил болжээ. Харин яг бусдын гарыг харахгүй, эсвэл дотоодын хүн хүч, техник хэрэгслээ ашиглаад томоохон бүтээн байгуулалтуудыг хийж чадах хэмжээнд хүрсэн үү, танай салбарынхан?

 -Саяхан 90 жилийн ойгоо бид тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ хугацаанд олон арван замчид энэ салбарын төлөө, улс орны бүтээн байгуулалтын төлөө ажиллаж амьдарчээ. Одоо ч ажиллаж байна. Нэг үеэ бодвол зам, гүүрийн дотоодын компаниуд тодорхой хэмжээний хөгжлийн түвшинд хүрчихлээ. Дам нуруугаа өөрсдөө хүчитгээд гүүрээ барьж байна. Шаардлагатай техник технологиудыг оруулж ирээд эхэлчихсэн байна. Манай компани хамгийн сүүлийн үеийн гүүрийн суурийн өрөмдлөгийн өндөр өртөг бүхий техникийг оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил төмөр замын том бүтээн байгуулалтад олон Монгол компани оролцлоо. Тэд бүгд манайхтай адил өрөмдлөгийн том тоног төхөөрөмж аваад ирсэн харагдаж байна лээ. Биднийг төрөөс хөнгөлөлттэй зээл, тусламж болон бодлогоор дэмжээд өгвөл манай замчид ямар ч бүтээн байгуулалтыг хийхэд бэлэн болчихсон байна гэж би инженер хүний хувьд дүгнэж байгаа.

 -Компанийн чадамж, техник тоног төхөөрөмж нь дэлхийн жишигт хүрч байгаа гэж ойлголоо. Тэгвэл тэдгээрийг ашиглаж, ажиллуулдаг гэж хэлж болох мэргэшсэн инженер, мэргэжлийн хүмүүсийнх нь чадамж хэр зэрэг дээшилж байна вэ?

 -Мэдээж хэрэг өдрөөс өдөрт, нэг ажлаас нөгөө ажилд шилжихдээ бүгд л дадлага туршлагатай болж байна. Хөгшин залуугүй суралцсаар л байгаа гэхэд болно. Манай залуучууд бас залуу гэлтгүй маш чадвартай, шаргуу хөдөлмөрлөдөг болжээ.

 Би зөвхөн өөрийн компани дээрээ л жишээ аваад үзэхэд өнгөрсөн хугацаанд манай “ЗМЗ” компаниас 4, 5 зам гүүрийн компани салбарлан гарсан байна. Одоо манай компанийн гүйцэтгэх захирал залуу Д.Ганбаатар гэхэд анх барилгын бригадаас ажлаа эхлүүлж байсан бол одоо компаниа аваад явах хэмжээнд бэлтгэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд чадварлаг залуусынхаа ачаар “ЗМЗ” гэх компани улс, нийслэлээс авч болох бүх шагнал урамшууллыг хүртсэн амжилттай байна. Тиймээс залуус маань хичээх л юм бол энэ салбарт их боломж бий. Ер нь манай компанид орсон залуус маань нэг бол компани байгуулж гардаг, үгүй бол олон арван бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж ажил мэргэжилдээ ахиц дэвшил гаргадаг даа.

 Ярилцсан Г.ЛХАГВАДОРЖ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.