Шинэ мэдээ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна11 сар 18. 13:16С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан11 сар 16. 14:22Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна11 сар 14. 17:37Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана10 сар 24. 10:59ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10 сар 23. 17:43Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10 сар 23. 11:37Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ10 сар 23. 11:31Гвинейд сонгуулийн дараах эмх замбараагүй байдлын улмаас олон хүн амиа алджээ10 сар 23. 9:37Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10 сар 22. 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10 сар 22. 15:23Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна10 сар 22. 10:40Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ10 сар 22. 9:50БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ10 сар 22. 9:502-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10 сар 21. 14:08Бенну солироос хөрсний дээж авна10 сар 20. 15:25С.Бат-Эрдэнэ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг 20-24-ний хооронд зохион байгуулж байна10 сар 20. 12:07БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ10 сар 20. 10:00Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо10 сар 20. 9:57Японы геополитикийн шинэ санаачилгад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ10 сар 20. 9:39Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ10 сар 16. 13:29"Дисковер Монголиа-2020" чуулга уулзалтаас юу хүлээх вэ?10 сар 16. 13:12ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10 сар 16. 12:25Хатан хаан II Елизавета ордноос гадуурх арга хэмжээнд оролцжээ10 сар 16. 12:20Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10 сар 16. 9:51Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ10 сар 16. 9:47Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ10 сар 15. 9:45

С.Баяр улс төрд ирсэн шиг ирж, явсан шиг явж чадсан

/11-р сарын 16/  -  14 цаг 22 минут

Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын тосон будгаар зурсан хөргүүдийг эгнүүлэн байрлуулсан байдаг. Түүхийн гажуудлаас болоод хөргийг нь өлгөөгүй Ерөнхий сайд ч байна, 1921 онд гурван сар Ерөнхий сайд байсан, 1937 онд цаазлагдсан Манзушир хутагт Цэрэндоржийг яагаад ч юм Ерөнхий сайдад одоог хүртэл тооцдоггүй.

Ерөнхий сайд нарын хөргүүд дунд С.Баярын хөрөг нүднээ онцлон өртөхөөр урлагийн сонгодог бүтээл биш, гэхдээ л дэргэдүүр нь өнгөрөхөд тэр хүний тухай зурвас төсөөлөл гарцаагүй зурсхийнэ. Тэрээр гадаадад айлчлахдаа голдуу зүүсэн харагддаг шар цоохор зангиагаа зүүгээд амгалан харцаар ширтэх ажээ. Ханандаа өсч торнисон нэгдүгээр дөчин мянгатын 4-р байр, олны хэлж заншсанаар Хүнсний 20-р дэлгүүртэй байрныхаа зургаа өлгөжээ.

Энэ л байранд түүний бага, идэр нас өнгөрсөн. Дөрөвдүгээр байрны дөрөвдүгээр орцны дөрөвдүгээр давхарт тэднийх аж төрдөг байв. 1959 онд Зөвлөлтийн барилгын трестийн эхлүүлж, Монголын барилгачдын гүйцээж барьсан энэ байранд ХХ зууны БНМАУ-ын нэртэй сэхээтнүүд амьдардаг байлаа. Лав л “Шинэ төрийн эзэд ирлээ” зургаар нь монголчууд мэдэх Ардын зураач Б.Гомбосүрэн, түүний гэргий Ардын эмч Ч.Долгор гуайнх, “Би Монгол хүн” шүлгийг 18 насандаа зохиосон Чойжилын Чимэд, хориод онд Ардыг гэгээрүүлэх яамны сайд байсан Эрдэнэбатхааны хүү, 1-р сургуулийн захирал асан Раднаа, гуравдугаар орцонд төр, цэрэг, дипломатын нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдан, ээжтэйгээ хамт бууриа сахиж үлдсэн тэдний тэрсхэн хөвгүүд Р.Болд, Р.Баяр нар нь, нэгдүгээр орцны гуравдугаар давхарт С.Равдан гуайн худ, хотын прокурорын газарт албатай Д.Мижиддорж, 1921 оны ардын хувьсгалын партизан, хилс хэрэгт цаазлагдсан Лаварын Дэмбэрэлийн гэргий, гавьяат эмч Гаамаа гуайнх амьдардаг байсан юм. Харин С.Баярынх бол дөрөвдүгээр орц. Тэдний орцонд Сүхбаатарын районы АДХГЗ-ны дарга, одоогийнхоор бол Засаг дарга, 1984 онд “Лагийн хэрэг”-ийн дуулианд холбогдсон Очирбат гуайнх, тэдний хүү “Луухаан” Даш гэж атаман байв даа, гавьяат нисгэгч Гонсүрэнгийн Раднаа, Барилгын зургийн институтийн захирал Д.Лхамсүрэн, гуравдугаар давхарт нь дэслэгч генерал, Монгол даяар “Ургацын” гэж алдаршсан Ж.Жамьян гуайнх өнөр бүлээрээ аж төрнө. Харин дөрөвдүгээр давхарт нь МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Түүхийн Институтийн ажилтан, түүхч Л.Санжаа, гэргий ШУА-ийн ажилтан, “Загасны” хэмээн алдаршсан загас судлаач, доктор А.Дулмаа, хүү Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийн сурагч Баяр нар амьдарна. Тэдний хөрш нь лав л Улсын банкинд ажилладаг ахынх /харамсалтай нь нэрийг нь мартжээ/, хүү нь Амараа, Идэрээ гэж тэрсхэн хөвгүүд байв.

Баяр бол нүүдэлчин монголчууд нийслэл хотдоо анхны байшин хорооллуудыг байгуулж, суурин амьдралд төвхнөсөн үеийнхний хоёрдугаар үе, өөрөөр хэлбэл хотын уугуул. Хүйтэн дайны оргил үеийн бүтээгдэхүүн. Бүх л үе өөр өөрийн онцлогтой. Гэхдээ л соёлын үрийг таригч жинхэнэ сэхээтний хүүхдүүд болсон тэдний үеийнхний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нь өмнөх ба хойно үеийнхнээсээ өвөрмөц санагддаг. Тиймээс ч “улаан тарианы хүүхдүүд” буюу ХХ зууны тавиад онд нийслэлд төрсөн С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан, Баабар нар зөвлөлт маягийн дэглэмийн төгсгөл үед хомосовет маягийн сэтгэхүйтэйгээр диссидент маягийн ухамсартайгаар хүмүүжицгээсний хувьд ерээд он, хоёр мянгаад оны улс төрд өөр өөрсдийнхөө дүрмээр тоглоцгоож, сайнтай ч муутай ч Монголынхоо түүхэнд нэр ба ул мөрөө тод үлдээсэн. Тэд улс төрд ирсэн шиг ирж, бас явсан шиг явж чадсан.

Дөчин мянгатын дөрвөн давхар шар байр нь сэтгэлгээ, бас дурсамжийнх нь үүдэл цэг болж, Ерөнхий сайд Баярын хөргийг улам тодруулсаар, нүднээ содон туссаар үлдэх болно.

Хоёр зууны зааг дахь Баяр

Баяр 1990 оны ардчилсан хувьсгалд оройлж оролцоогүй юм. Гэхдээ хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд лавтайяа оройлж оролцсон. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай гэж эрхэм байв даа. Сэтгүүлч мэргэжилтэй, орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул тэр эрхэм өөрийнх нь ажил амьдралын гараа эхэлсэн МонЦаМэ агентлагт сэтгүүлчээр ажилладаг, мөн л орос хэлээр ус цас, Хөвсгөлийн уугуул 30 дөнгөж гарч яваа Санжаагийн Баяр гэдэг залууг анхааралтай ажиглаж, мэдлэг, чадвар, мэдрэмжийг нь үнэлж, 31-хэн настайд нь МРТУХ /5 үсэгтэй энэ товчлолыг тэр үед социалист Монголын үзэл суртлын арми болох Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж төвөггүйхэн ойлгодог байлаа/-ны орлогч даргаар суга дэвшүүлэн томилуулсан юм. Чингэж түүний улс төрийн карьерын гараа эхэлсэн.

Гараанаасаа гараад гуравхан жилийн дараа хувьсгалын давалгаанаар төр эргэхэд Баяр 1990 онд шинэ төрийн хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурлын гишүүнээр МРТУХ-ноосоо нэр дэвшин сонгогдож, улмаар Төрийн байгуулалтын Байнгын Хорооны дарга болж, Монгол Улсын шинэ төрийг төвхнүүлж, улс төрийн шинэ “тоглоомын дүрэм”-ийг зохиолцсон.

ХХI зуун эхлэхэд тэр намынхаа шинэ удирдлагатай зөрчилдөж, “дээд улс төр”-өөс холдон дипломат албанаа шилжиж, хойд хөршид Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.

Баяр улс төрийг орхисон ч улс төр Баярыг орхиогүй юм. Улс төрийн давалгаа түүнийг эргүүлэгт нь буцааж шиддэг байлаа. Улс төрийн, бас сонгуулийн гаргуун стратегич тэрээр МАХН-ын аппаратыг толгойлж, хоёр жилийн дараа намаа тэргүүлсэн. Үүрэг, хариуцлагатайгаа дүйх эрх мэдлээ атгах нь түүний зарчим болов уу... 

Хоёр жил Ерөнхий сайд

Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл 2 жилийн охор хугацаанд Засгийн газрыг тэргүүлжээ. Хорин жил Ерөнхий сайдаар ажилласан Ю.Цэдэнбал байна. Хорин жилийн дэргэд хоёр жил юусан билээ. 1990 оноос хойш 20 жилд 16 Ерөнхий сайд солигдож, Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байжээ. Тиймээс нэг талаасаа Баяр бол тогтворгүй засаглалын үеийн солигдож л байдаг нэг Ерөнхий сайд. Гэхдээ нөгөө талаасаа тэр богино хугацаанд тод мөрөө үлдээсэн хүчирхэг харизматик лидер. Гэтэл Р.Амаржаргал, Ж.Эрдэнэбат зэрэг Ерөнхий сайдууд төсөөлөлд үлдэх “дүр”-ээ бүтээж чадсан бил үү?

1993-1995 онд Баяр АНУ-д Вашингтоны Их сургуулийн судалгааны хүрээлэнд “Бага жижиг орны аюулгүй байдал” сэдвээр судалгаа хийж байв. Хүн ам, эдийн засаг, аюулгүй байдлын чадавхаараа Монгол Улс бага, жижиг орны ангилалд багтана.

Наполеон Бонапарт “Аливаа төрийн гадаад бодлого нь газарзүйн байрлалдаа захирагддаг” гэж геополитикийн үндсийг тодорхойлсон байдаг. Хоёр хөршийн дунд хавчуулагдсан Монгол бол яалт ч үгүй “түгжигдсэн улс”. Түүнийхээ горыг зүй ёсоор хүртэж, 200 илүү жил урд хөршийг эзэгнэсэн манжуудын хараат бүс, 70 орчим жил хойд хөршийг захирсан зөвлөлтүүдийн жийргэвч бүс байсан.

70 жил хараат улсын нажидыг эдэлсэн монголчууд 1990 оноос түүнээс ч дутахгүйгээр хараат бусын зовлонг туулсан юм. Социализмын үед БНМАУ нь ЗСБНХУ-аас улс төр, гадаад бодлогын 100 хувь, эдийн засгийн 82 хувь, улсын төсвийн 78 хувийн хамааралтай байлаа. Гэтэл шинэ зууны заагт Монгол Улс нь БНХАУ-аас эдийн засгийн 85 хувийн хамааралтай боллоо. Баавгайн амнаас гараад барын аманд оров.

Хараат байдлын дүүжин даажин дээр савлах Монгол Улсын аюулгүй байдлыг яаж хангах вэ? Энэ бол 1990-ээд оноос гадаад бодлогын томьёололд орсон “гуравдагч хөрш” юм. Хоёр хөршийн эрх ашгийг гуравдагч хөршийн эрх ашгаар тэнцвэржүүлнэ. Баяр болон түүний үеийн улс төрчдийн сэтгэхүйд энэ ойлголт тодоос тод суусан, тиймээс ч түүний ба тэдний үеийн төрийн түшээдийн зорилго нь үүнд чиглэж байсан.

Монгол Улс 1990 онд ЗХУ-д, дараа нь ОХУ-д 11.7 тэрбум шилжих рублийн өртэй байв. Их өрийн асуудал нь Монголчууд улс төрийн хувьд биеэ даасан ч эдийн засгийн хувьд ОХУ-ын "барьцаанд" байсныг сануулж байсан юм. Баяр 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд Их өрийг шийдвэрлэх бүх хэлэлцээр, уулзалтуудад оролцож, Их өрийн 98 хувийг чөлөөлөх шийдэлд хүрэхэд өөрийн үүргийг гүйцэтгэсэн. Ийнхүү Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносноор улс төрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, Оюу Толгой, Таван Толгой зэрэг мега төслүүдийг бие даан хөдөлгөж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах орчин бодитоор бүрдсэн.

2009 онд С.Баярын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээнд зориглон гарын үсэг зурж, уг төслийг барууны хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр хөршөөс хэт хамааралтай Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносны бодит баталгаа боллоо. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлж чадсан төдийгүй 14 мянган монголчуудыг ажлын байраар хангаж, ДНБ нэг дахин өсч, цалин тэтгэвэр, төсвийн хөрөнгө оруулалтын 10 төгрөг тутмын 1-ийг өгч байгаа Оюу Толгойн гэрээгээр С.Баяр бахархдгаа нуудаггүй.

2005 онд ОХУ, БНХАУ, гуравдагч хөршийн Монгол дахь тэнцвэрт харьцаа 10:60:30 буюу хэт хэлбийсэн байсан бол Оюу Толгойн гэрээ байгуулагдсанаас хойш аажмаар өөрчлөгдөж, 2017 онд 10:40:50 болсон. Уг нь аюулгүй байдлын зохист харьцаа нь 30:30:40 юм.

2008 онд түүний Засгийн газар Атрын 3-р аяныг зарлаж, 2010 он гэхэд улаан буудай, төмс, гол нэрийн хүнсний ногоогоо 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болж, жил бүр буудай, төмс, хүнсний ногооны импортонд зарцуулж буй 60-80 тэрбум төгрөгийн гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлдээ зарцууулах боломж бүрдэж, газар тариалангийн салбарыг цогц бодлогоор дэмжсэнээр Монголчууд хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах үндэс болж өгсөн. Өмнө нь “Нялх хүүхдийн зулай шиг болсон газраа дахиж сэндийчээд яахав ээ! Гурил, будаа, хүнсний ногоогоо гадаадаас худалдаад авчихаж болно” гэж үздэг Ерөнхий сайд лав байсан гэж Засгийн газрынх нь нэгэн гишүүн ам алдсан удаатай.

Баярын Засгийн газрын санаачилгаар бүртгэлийн төгөлдөршлийг эхлүүлсэн нь иргэн бүрийг бүртгэлжүүлж, нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шилэн болгох, сонгуулийн үеэр саналын луйварыг зогсоох, одоо ид хэрэгжиж буй “E-Mongolia” буюу төрийн үйлчилгээ цахимжихын тулгуур үндэс болж байна.

Ерөнхий сайд Баярын үйл ажиллагаа нь түүний судалгааны ажлын сэдэв болсон жижиг орны аюулгүй байдлыг хангах үндсэн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байсан.

Хором төсөөлөгдөх түүний өв

Ерөнхий сайд гэдэг харьцангуй орчин үеийн албан тушаал. Англид Вестминстерийн системийн төрийн хуваарилалтаар анх хэлбэржин төлөвшиж, XIX зууны эхэн үеэс дэлхийн бараг бүх орон Ерөнхий сайдын албан тушаалтай болсон билээ. 1912 онд Богд хааны зарлигаар олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулж, Ерөнхийлөн захирах сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсноор Монгол Улсад Ерөнхий сайдын албан тушаал бий болсон.

Улсын хувь заяа Ерөнхий сайдын гарт байдаг болохоор үүрэгтэйгээ дүйх эрх мэдлийг атгадаг тэдний үйл ажиллагаанаас улсын одоо ба ирээдүй хамаардаг. V Богд “Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй” хэмээн айлдсан байдаг. Хилэнц заавал төлөөстэй байдаг учраас жамаараа наснаас нөгчсөн Ерөнхий сайд ховор.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнд тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Чин гүрний харьяанаас гарсан шинэ тулгар улсаа эдийн засгийн хувьд “хөл дээр нь босгох”, Б.Цэрэндоржид анхдугаар Үндсэн хуулийг батлуулах, А.Амарт их хядлагыг намжаах, П.Гэндэнд их гүрний шахалтыг няцаах, Х.Чойбалсанд тусгаар тогтнолоо олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, Ю.Цэдэнбалд соёлын хувьсгал хийх, үйлдвэржүүлэх, Ж.Батмөнхөд нийгмийн тогтолцооны шилжилтийг тайван замаар хийх, Д.Бямбасүрэнд зах зээлийн эдийн засагт шилжих, М.Энхсайханд эдийн засгийн реформ хийх, Н.Энхбаярт Их өрийг тэглэх, газрыг хувьчлах, гуравдагч хөршийг бодитоор бий болгох, У.Хүрэлсүхэд коронавирусний цар тахлын үеийг даван туулах түүхэн үүрэг тулгарсан. Тэд цаг үеийн шаардлагаар өөрсдөд нь ногдсон түүхэн үүргээ биелүүлж чадсан, зарим нь амь нас, хувь заяагаараа төлөөсөө төлсөн, тэдний шийдвэрийн үр өгөөж, лай ланчгийг монголчууд туулж явна. Монгол Улсын 32 Ерөнхий сайдаас 2 нь хорлогдож, 5 нь шүүхийн тогтоолоор, 2 нь гадаад улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдаж, 2 нь гадаадад учир битүүлгээр, 1 нь гэрийн хорионд нас нөгчиж, 4 нь шоронд хоригдсон ба хоригдож байна. Учрах эрсдлээ даах учраас улсын ерөнхий сайд болдог биз ээ.

Төрийн ордонд залсан Ерөнхий сайд нарын хөрөг тэдний алдаа, онооны аль нэг нь давамгайлсан дүрийг илэрхийлнэ. Ерөнхий сайдаар хорин жил ажилласан ч, хоёр жил ажилласан ч түүний улс төрийн өв, улс төрчийн дүр түүний хөргийг харах ирээдүй үеийнхэнд хоромхон зурсхийх төсөөллөөр дүгнэгдэн үлдэх болно.

Харин эерэг, сөрөг гэдгийг нь гагцхүү цаг хугацаа, цадиг түүх л шүүн дүгнэх биз.

                                                                                                А.Төмөр

2020.10.26

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.