Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг шилээ даран гарч олон нийтийг айдаст автуулж байна. Хүүхэдтэй хүн бүр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ, яавал гэмт хэргийн золиос болгохгүй байх вэ, хаалттай хаалганы цаана өрнөж буй хүчирхийллийг хэрхэн зогсоох вэ, бага насны охидыг хаана нуух вэ зэрэг олон асуудалд санаа зовниж байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, өнгөрсөн мягмар гаригт 23.00 цагийн үед СХД-т 11 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Тус дүүргийн цагдаагийн Эрүүгийн тасгийн албан хаагчид шуурхай ажиллан, мэргэжлийн ур чадвар гарган сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нартай хамтран явуулж байгаа юм байна. Одоогоор хохирогч охины биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ мэт бага насны хүүхэд хүчирхийлж байгаа хэрэг удаа дараалан гарч байгаа нь нийгэмд айдас авчирч, хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэх асуудал олны сэтгэлийг зовоож байна.
Мөн зарим хэсэг нь хүүхэд хүчирхийлж буй этгээдүүдэд оноож буй ял хөнгөдөж байна. Тиймээс хүчирхийлэгчдэд оноох ялыг чангатгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл хуулийн дагуу хүчирхийлэгчдэд ямар ял оноодог вэ.
Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ Арванхоёрдугаар бүлэг буюу Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 12.1 дүгээр зүйлд тусгажээ. Тодруулбал,
12.1 дүгээр зүйл Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Ингэхдээ бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд оноох ялыг 12.4 дүгээр зүйлд тусгаж өгсөн байна.
12.4 дүгээр зүйлд
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн тусгажээ.
Тодруулбал, энэ нь хамгийн хүнд санкцтай гэмт хэрэг гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь асуудал дагуулж байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд гэхэд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, 12-17 насны 1613 эх амаржиж, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн тухай ХЭҮК-ийн тайланд тусгагджээ.
Тиймээс урин дулааны цаг ирж буй энэ үед бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Б.Аз