Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх сунгах сургалтыг энэ сарын 2-3-нд зохион байгуулж байна. Сургалтанд 2017 онд хүүхдийн эрхийн байцаагчийн эрх авсан 32 хүн хамрагдаж буй бөгөөд тэд сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлийн хууль эрх зүйн шинэ мэдээ мэдээллийг авахаас гадна практик ажлуудаар өөрсдийгөө сорьж, тулгамдаж буй асуудлуудаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой юм. Тухайлбал, энэ удаагийн сургалтаар “Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн шинэчлэл”, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийн үйл ажиллагаанд оролцох нь”, “Гэр бүлийн харилцаа, хандлага”, “Хүүхэд хохирсон зөрчлийг шалган шийдвэрлэх онцлог, анхаарах асуудал”, “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесст оролцох нь” зэрэг олон сэдвээр хууль зүйн болон гэр бүл хүүхэд хамгааллын салбарын эрдэмтэн судлаачид, хуульч, өмгөөлөгчид хичээл зааж байна.
Нийгмийн хамгааллын салбарын бодлого болон эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2012-2016 онд хүүхэд хамгааллын бодлогыг шинээр тодорхойлж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-аас баталж, 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн дээрх хоёр хуулиас гадна эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан Эрүүгийн багц хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан билээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина”, 20.4 дэх хэсэгт “Улсын байцаагчийн эрх бүхий ажилтан нь хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулна” гэж тус тус хуульчилсны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/79 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн ажилтны журмыг баталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/181 тушаалаар хуульд заасан шаардлага хангасан 43 албан хаагчийг сургаж бэлтгэн, 38 албан хаагчид хоёр жилийн хугацаатайгаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгосон.