Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болсноос хойш 10-аад жил өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл нэг ч хүн хувьцааны ногдол ашиг гэж ганц ч төгрөг дээрээ тавиагүй л байна. Өнгөрсөн жилийг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани ашигтай ажиллах нь битгий Хятадын "Чалко"-д дарга нарын тавьсан их өрийг дарах гэж үйлээ үзэж байсан. Нэг улсын компаниас хэдэн зуун саяар нь ам.доллар зээлж авчраад, 21 мянгаар нь иргэдэд тараасны хор уршгийг арилгах нөр их ажлыг уурхайчид хийсэн. Тиймээс 2018 оноос өмнөх ногдол ашиг авах талаар яриад ч хэрэггүй.
Харин 2018 онд "Эрдэнэс Тавантолгой" компани 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өрөө дараад дууссан, ашиг орлогоороо, төсөвт тушааж байгаа татвараараа ч цойлж байлаа. Төр муу менежер биш, зөв ажиллаж чадах хүнийг л томилбол ашиг орлоготой ажиллаж болдог гэдгийн жишээг харуулсан. Ард иргэддээ хувьцааны ногдол ашиг өгөх талаар нэлээд идэвхтэй ярьж байлаа. Гэвч иргэд дахиад л нэг ч төгрөг авч чадсангүй. Учир нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн нийт хувьцааны 85 хувийг төр буюу Засгийн газар эзэмшдэг. Иргэд ердөө 14.7 хувийг л эзэмшиж байгаа. Гэтэл 85 хувийг эзэмшиж байгаа талаар ашгаа тараахын оронд төмөр зам барих шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг Засгийн газар биш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-өөс гаргасан гэж байгаа.
Иргэд хэрвээ ногдол ашиг авсан бол 128 орчим тэрбумыг хувааж хүртэх байлаа. Нэг хүн 40-45 мянган төгрөг авах боломж бий, хараар тоймловол. Гэвч энэ мөнгийг өгсөнгүй. Үнэхээр мега төслүүддээ оруулаад, төмөр замаа бариад, нүүрс угаах үйлдвэртэй болоод, бусад үйлдвэрүүд ашиглалтад орвол нэг хүнд 30, 40-хөн мянган төгрөг өгснөөс хамаагүй дээр. Гэхдээ ард түмэнд хувьцаа тарааж өгчихөөд, яагаад хувьцаа эзэмшигчдээсээ асуухгүйгээр мөнгийг нь зарцуулж байгаа нь сонирхолтой.
Хувьцааны 85 хувийг эзэмшдэг хүн ашгаа дур мэдэн зарцуулах эрх байхгүй. Заавал бусад хувьцаа эзэмшигчдээсээ асууж байж ажил хийх ёстой. Ажил хийдэг дээрээ тулбал. Энэ зарчим алдагдчихлаа. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Өргөдлийн байнгын хороо энэ бүхний хариултыг нэхэж, өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөв, хувьцааны асуудлыг нэг тийш шийдэх шийдэл хэрэгтэй байна. Монголын иргэд яагаад авах ёстой ногдол ашгаа юунд зарцуулахаа мэдэх эрхгүй байгааг асуух цаг болсон. Шийдэл ч хэрэгтэй. Тэр шийдлийг Өргөдлийн байнгын хорооныхон хайсан нь сайн хэрэг. Засгийн газарт хандаад зөвлөмж хүртэл гаргачихлаа. Ирэх жил ногдол ашгийг иргэдэд өг гэдэг. Засгийн газар энэ асуудлыг эргэж нэг хараад, ирэх жил ногдол ашиг тараахад анхаарна биз ээ.
Бид 2018 онд авах ёстой байсан ногдол ашгаа төмөр зам барихад зарцуулчихлаа. 128 тэрбум төгрөгөө улсдаа бүтээн байгуулалт хий гээд өгчихлөө. Тэгвэл 2019 оныхоо ногдол ашгийг авмаар байна. Энэ жил "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиг өнгөрсөн жилийнхээс давж гарах төлөвтэй байгааг Б.Ганхуяг захирал ярьсан байна билээ. Үгүй юмаа гэхэд, өнгөрсөн жилийнхтэй ойролцоо л ашиг олно. Тэр мөнгөнийхөө 15 хувийг иргэддээ нэг удаа өгчих л дөө. Үлдсэн 700-гаад тэрбумаар нь ажил хийж болно, хүрнэ. 2020 онд дахиад сайн ажиллаад, 42 сая тонн нүүрс гаргах зорилтоо хүрчихвэл магадгүй их наядын ашиг ч олох боломжтой. Төр өөрийнхөө 85 хувиар ямар ч том бүтээн байгуулалтыг хийж болохоор байна.
Иргэдэд өгөх 100 гаруй тэрбумыг харамлаад яахав. Үнэхээр зарцуулах шаардлагатай гэвэл асуух хэрэгтэй. 30, 40 мянган төгрөгөөр яах вэ, төр засаг бүтээн байгуулалтдаа хэрэглэ гэж хэлэх хүн зөндөө л байгаа. Ногдол ашгаа авах хүсэлтэй хүмүүс ч бас бий. Асуувал чин үнэнээр асуугаад, авах хүсэлтэйд ногдол ашгийг нь өгмөөр байна. Зарим хүн 30, 40 мянган төгрөг их мөнгө. 3-4 ам бүлтэй байл 100 гаруй мянган төгрөг авчихна. Ядаж л өмсөж зүүх, идэх уухаа аваг. Магадгүй хувьцааныхаа ногдол ашгаар хороондоо цэцэрлэг, сургууль барих хүсэлтэй иргэд ч байж болно. Хувьцаа эзэмшигчээсээ асууж байж хуваарилсан нь дээр байх аа. Түүнээс биш ТУЗ-ийн хэдэн хүн бүхэл бүтэн Засгийн газар, ард иргэдийн өмнөөс шийдчихдэг байж арай боломгүй байна.