Говь-Алтай аймгийн нутагт байгаа, зарим төрлийн судалгаа хийгдсэн рашаан нь дархан цаазат Хасагт хайрхан уулын зүүн сугад орших Хүнхэр зуслангийн рашаан юм. Үзэсгэлэн төгс өндөр өндөр хадан хясаа, хар модон ойтой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрч байх энэ рашаан гидрокарбонат кальций, магнитай, хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтай ажээ. 1960-аад оноос автомашины зам засаж аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр амралтын газар байгуулж малчдыг амруулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдгээ хүртэл амралтын газар үйл ажиллагаа явуулаад бараг 50-иад жил болжээ.
Аймгийн нутагт одоогоор өөр ашиглагдаж байгаа рашаан үгүй. Тонхил сумын Хөх булаг, Тайшир сумын Цахир булаг зэрэг нутгийн ардууд рашаан хэмээн ууж ашиглаж байдаг булаг ус цөөнгүй боловч яг судлан шинжилж тогтоосон нь үгүй. Хүнхэр зуслангийн рашаан амралтын хувьд улирлын чанартай зуны улиралд ажилладаг нь байгалийн нөхцөлөөс шалтгаалж байна. Намар эрт хүйтэрч цас ихээр унадаг, зам харгуй хаагддаг болохоор хүйтэн сэрүүний улиралд ашиглах боломжгүй юм.