Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтээ ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ.
Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээний нээлт Хархорин захад болж, иргэдэд үйлчиллээ. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, "нийгмийн даатгал" аппликэйшны бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авахаар олон иргэдэд хандаж байсан бөгөөд төрийн үйлчилгээг хялбаршуулсан, үр дүнтэй ажил болж байна хэмээн сайшааж байсан юм.
Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд долоо хоногт хоёр удаа, аймагт сар бүр нэг удаа тогтмол зохион байгуулагдах юм байна.
СХД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Өнөөдөр иргэд ялангуяа худалдаа эрхлэгчид цаг наргүй ажилладаг. Эдгээр иргэддээ зориулан газар дээр нь сайн дурын даатгал хийлгэх, тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна. Иргэд тэтгэмж авахад нийгмийн даатгалын талаарх мэдлэг дутмаг байдаг учраас ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний амралтын тэтгэмжтэй холбоотой Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг хүргэж байна. Иргэдэд илүү ойр хүрч үйлчлэх болно” гэв.
Тэнд Хархорин захын худалдан авагчид болон үйлчлүүлэгчид, ойр хавьд явж байгаад явуулын үйлчилгээний талаар сонсоод орж ирлээ гэсэн олон хүн зөвлөгөө мэдээлэл авч байсан бөгөөд зарим иргэдээс сэтгэгдэлийг нь сонслоо.
СХД-ийн иргэн А.Отгонжаргал “Би энд хүүхдийнхээ ажилгүйдлийн тэтгэмжийн даатгалын талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Энэ талын бүх талын мэдээллийг аваад дараагийн хийх алхмаа ойлгоод явж байна. Нийгмийн даатгал явуулын үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа нь бид нар шиг гэрээсээ хол явдаггүй хөгшчүүлийн хувьд их зүгээр ажил болсон байна. Заавал хол явж мэдээлэл авч байхаар гэртээ ойрхон энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байх нь их зүгээр байна” гэлээ.
СХД-ийн 27-р хорооны иргэн С.Энхтуяа “Энэ бол хүмүүст хүрсэн хамгийн ойрхон цэг байна. Хүн цаг заваа зохицуулаад тэр болгон нийгмийн даатгалын газарт очиж чаддаггүй шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд тэтгэвэрт гарах нас ойртсон тул ажилласан жил хэд байна гэдгийг өнөөдөр энд ирж асууж лавлаж байна. Тэтгэвэрт гарахад шаардагдах бичиг баримтуудад архивын лавлагаа авчир гэдэг байсныг больж, ажилласан жилийг бодож бүрэн болон бүрэн бусаар тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон байна. Тэгэхээр хүний ажлыг хөнгөвчилсөн иргэдэд илүү ойртсон ажил боллоо гэж үзэж байна” гэсэн юм.
Х.Соёл
Сэтгэгдэл бичих