Сүүлийн өдрүүдийн улс төрийн халуун сэдэв ШХАБ-д Монгол Улс элсэх, эсэх тухай асуудлыг тойрон “хуйларч” байна.
УИХ, Засгийн газрын хүрээнд ч энэ сэдвээр хаалттай, нээлттэй мэтгэлцэн, судлаачид, дипломатчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Олон улсын харилцаа судлаачид, элчин сайд нар, гадаад харилцааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд дүгнэлтээ хүргэх нь зүй ёсны хэрэг.
Харин ШХАБ гэдэг байгууллагыг зүгээр л мөнгөний хүүдий, ашигтай, орлоготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олзны уут хэмээн хөнгөн хуудуу бодогч зарим нэгэн тэднийг даган баясч, өндөр дуугаар “ШХАБ-д элсэх нь нэн тэргүүний зорилт” хэмээн тунхаглах болов.
Тэдний тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “давхиж явна”. Тэрээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ШХАБ-д элсэх нь зөв. ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа” хэмээн мэдэгджээ.
Монгол Улс ШХАБ-д элсэх эсэхийг ҮАБЗ мэдэж шийдэхээс биш, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын мэдэх хэрэг биш. Тэгээд ч ШХАБ-д элсэж орохоороо улс орон суга үсрээд хөгжчихдөгийг эрхэм сайд юугаар дүгнэсэн юм бол?
Өөрийн хэр чадлаараа хөгжиж яваа Казахстаныг орхиё. Жишээ нь, ШХАБ-ыг бүр анхлан “Шанхайн тав” хэмээх байгууллага болгон үүсгэлцсэн ууган гишүүн Тажикстан, Киргизстан хөгжлөөрөө манлайлагч улс болж чадсан уу?
Сүүлд нэмэгдэж, “Шанхайн тав”-ыг ШХАБ нэртэй болгосон Узбекстаныг ч хар. Хэрэг дээрээ энэ гурван улсын хөгжил дэвшил ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан 1990-ээд оны эхэн үе дээрээ таг зогссоныг анзаарч үзсэн болов уу?
Парламентын засаглалтай Киргизстанаас бусад нь дарангуйлагч, тоталитар дэглэмээсээ салж чадсан уу? Киргизстан ч хөл дээрээ бат зогсож чадалгүй ухарч будилсаар л яваа. ШХАБ-ын гишүүн Тажикстанаас яагаад ШХАБ-ын гишүүн БНХАУ өр нэхэж, нутаг дэвсгэрийг нь дэнчинд тавьж байгаа юм бэ?
Хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван “стан” улсаас хэнээс ч хараат бус, хөгжлөөрөө дээгүүрт яваа Туркменстан “Төвийг сахисан бодлоготой” хэмээн яагаад ШХАБ-т элсэлгүй цэрвэн гадна үлдэв?
Энэ бүхнийг ҮАБЗ дээр тунгааж, өнөө маргааш хэмээн тулгамдалгүй долоо хэмжиж нэг огтолж байж шийдвэрээ гаргах ёстой.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн амилуулах, том төсөл, хөтөлбөрүүдээ яаж хөдөлгөх, аж үйлдвэрийн паркуудаа бий болгож, Монголд жинхэнэ утгаар нь хүнд үйлдвэрүүд байгуулан ажилд нь оруулах гээд толгой өвтгөсөн үй олон бүтээн байгуулалт өмнө нь хүлээж буй. Бас түүний сайд болсон цаг үед шатахууны үнэ өсчихөөд байгаа. Шатахууны үнэ дээшилснээс болж бусад бараа, үйлчилгээний өртөг өөдөө явж, цалин нь хүрэлцэхээ больсон учраас тодорхой салбарынхан жагсаал цуглаандаа тулсан.
Эдгээр асуудал П.Сумъябазар сайдын толгойг гашилгаж байх учиртайгаас бус, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж ҮАБЗ-ийн шийдэх ажилд ханцуй шамлан хамгийн түрүүнд дуугарч байгаа нь харин ч эрхэм сайдыг огцруулах нэг үндэслэл болж ч магадгүй.
Угаасаа түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд ялуулсан том шалтгааны нэг болсон “АСА” явуулын станцын өрийг төлүүлэх “хэрэгсэл” болгон өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд шахаа болгон оруулж, дүү аваргыг нь шагнасан гэдэг билээ.
Сайд хүн гэдэг ямар ч үед сэтгэлийн хөөрлөөр хаа хамаагүй салбарын ажлыг шүүрэн авч ам уралдуулах нь зохисгүй гэдгийг Д.Сумъяабазар гишүүн парламентад улиран сонгогдож төр түшсэн хүний хувьд мэдэхийн цаагуур мэдэж байх учиртай. Сайд хүний хэрэгжүүлэх ажлын хүрээ, бас хязгаар бий гэдгийг тэрээр уг нь бусдаар хэлүүлэлтгүй л санаж байгаа гэдэгт итгэнэ.
Гагцхүү “төлбөрийн хэрэгсэл” болон шахаагаар сайд болсныхоо хариуг барих гэж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь Уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн тэс хөндлөн, тэгээд ч асар олон шийдэл хүлээсэн салбарын хүний хувьд зохисгүй л харагдана.
Д.ЦЭЦЭГ