Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Гэгээн сэтгэлтэй, эрдэм төгөлдөр эрхэм

/1-р сарын 23/  -  14 цаг 34 минут

1978 оны зун. Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас ахындаа айлчлахаар аав нь хүүгээ хоёр дугуйтдаа сундлан Эрдэнэтэд очжээ. Энд тэндгүй  байшин  барьж, харуй бүрийд ч гагнуурын очис гялалзан, хөдөлмөр буцалж, оросууд бужигнаж, их бүтээн байгуулалтын нүргээн  үл тасрах шив  шинэхэн суурин  сумын төвийн хүүд ер бусын сэтгэгдэл төрүүлнэ.   Энэ цагаас л  “Эрдэнэт” миний сэтгэлийг  соронзон адил татсан юм гээд инээмсэглэх  энэ эр бол “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч  Шагдарсүрэнгийн Төрбат.

Математикийн хичээлд гойд сонирхолтой  хүү Эрдэнэтийн хүн болох мөрөөдлийнхөө төлөө эдийн засагч болох хүслээ орхин техникийн мэргэжилтэн болохоор зориг шулууджээ.  Онц төгссөн хүүхэд Политехникийн дээд сургуулийн Уулын цахилгаан механикийн ангид  шалгалтгүй элсэх ёстойг манай хөргийн баатар хөдөөх хүү анзааралгүй, уралдаант шалгалтад оржээ. Оноогоор  нэгдүгээрт бичигдсэн ч аавынхаа зөвлөснөөр гадаадын сургуулиас татгалзан дээрх хуваарийг  сонгоход хүүхдүүд мэл гайхаж. Өндөр босготой, хатуу дүнтэй, олон оюутантай  “Полийн дээдэд” тэр  сурлагаараа толгой цохиж,  математикийн олимпиадад нь дэд  байр эзэлж  явсан  “гавал толгой”. Төгсөхдөө  дипломоо орос хэл дээр хамгаалсан оюутан Ш.Төрбатаас өөр байгаагүй. Ингээд л 1984 онд улаан диплом, Геологи уул уурхайн яамны томилолт өвөртлөн   мөрөөдлийн Эрдэнэтдээ ирлээ.  Эрчим хүчний хэлтсийн дарга  С.Корнев  мэргэжлийн шалгалт авч,  Төрбатыг  хамгийн олон орос ажилтантай Цахилгаан цехэд хуваарилав. Цахилгаанчин болох гараагаа тэр тус цехийн Автоматик, теле механикийн хэсэгт  дөрөвдүгээр  зэргийн цахилгаан монтёроос эхлэв. Телемеханикийн төхөөрөмж гэх хэдэн саарал хайрцаг, схем нь  гурвалжин, дөрвөлжин дүрс л байх. Тэр оросын мэргэжилтэн  А.О Рише-г ёстой л “унага шиг” дагана. Гэртээ  хариад шалан дээр схемээ дэлгэж, шөнөжин уншиж хононо. Мэдэхгүйгээ сурах гэж  мэрийх түүнд багш нь жигтэйхэн сайн.  Удалгүй л бригад ахалж, жил зургаан сарын дараа  инженер болов.  Ихэд  урамшсан залуу инженер  1987 онд телемеханикийн системд хоёр ч томоохон шинэ санаачилга гаргаж,  Зөвлөлтийн хэвлэлд  багштайгаа бичигдэн мандав.  Удсан ч үгүй тушаал дэвшсэн   ахлах инженер Ш.Төрбат “орос цэргүүд” дагуулан явах нь их л содон. Тухайн үед оросууд  монголчуудыг дагуулна уу гэхээс дагаж явдаггүй байж. Нөгөө “цэргүүд” орос хүний нэрэлхүү зангаар  ичисхийнэ.  Ус өргөх станцууд дээр автоматаар  удирдах  систем, өндөр узелийн холбоог шинэчлэх ажлыг тэрбээр биечлэн удирджээ. Тун удалгүй түүнийг хэсгийн даргаар томилов. Энэ цагаас л түүний санаачлан удирдсан  олон томоохон шинэчлэлийн ажил эхэлсэн юм. Телемеханикийн анхны ТМ-301 системийг  “Гранит”-аар    солих жилийн хугацаатай үүрэг авч, есөн  сард  амжуулсан. Цахилгаан, дулаан, уур, усны төхөөрөмж хэрхэн ажиллаж буйг хянах  “Эрдэнэт”  үйлдвэрийн нүд, чих болсон энэ системийг орчин үеийн  алсын удирдлагын ухаалаг систем  “Скада”-аар  шинэчлэх ажлыг хожим нь  мөн л тэрбээр удирдсан байдаг. Зах зээлийн нийгмийн эхэн үед “Эрдэнэт”  сайн тоолуургүйгээс алдагдалд орох хандлагатайг Төрбат соргогоор харж, дэлхийн  томоохон  фирмүүдтэй гэрээлэн  уур, ус, дулаан, цахилгааны өндөр нарийвчлалтай, анхны ухаалаг тоолуур  суурилуулжээ. Ингэснээр  жил бүр гурван тэрбум гаруй төгрөг хэмнэжээ.

 Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг  Баяжуулах фабрикийн харьяанд ороход  хэсгийн даргын сонгууль болж нууцаар санал хураахад  хүмүүс түүнд итгэл хүлээлгэсэн. Энэ хэсгийг удирдахдаа үйлдвэрийн  үндсэн тоног төхөөрөмжүүдийн  автомат удирдлагууд,  давтамжийн хувиргагчийг бүхэлд нь солих амаргүй ажилд мөн л Төрбат хэсгийн нөхдөө манлайлан  ханцуй шамлан оржээ.  “Үйлдвэрийн контролёрыг  програмчлах” тухай гадаадын сургалтаар тэр толгойгоо цэнэглэснээр  энэ том шинэчлэлийг үндэсний мэргэжилтнүүд  хийх  боломж бүрджээ. Хийсэн ажлыг өртгөөр нь тооцвол сургалтын зардлаа  Төрбат үйлдвэртээ 100 нугалж өгсөн байдаг.

 Мэргэжлийн  өндөр ур чадвар, өргөн цар хүрээтэй сэтгэлгээ, холч ухаан, уйгагүй бүтээлч чанар нь түүнийг албан тушаалын шатаар  өгсүүлсээр. 2007 онд Ш.Төрбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйн хэлтсийн дарга буюу Ерөнхий эрчим зүйчээр томилов. Энэ албан тушаалд очингуут эрчим хүч хэмнэх уралдаан зарлав. Жил бүр уламжлал болсон уг уралдаанаас үр ашигтай  160 гаруй санал төсөл хэрэгжүүлсэн төдийгүй  олон хүнд шинэ зүйл хийх сэдэл төрүүлж, урам өгсөн юм.

 Нэгэн үе  Дулааны станц “Эрдэнэт”үйлдвэрээс татаас авч, зуны улиралд ажиллахгүй бараг л уурын зуух болсон нь  Төрбатын “толгойн өвчин” болов.  2,5 мВт-ын  хоёр турбин суурилуулах ажлыг санаачлан тэр гардан удирдсан. Ийнхүү Дулааны станц  жилдээ долоон  тэрбум шахуу төгрөгийн цахилгаан  үйлдвэрлэж,  ашиггүй ч алдагдалгүй болсон. Гэсэн ч  станц зургаан зуухнаас ердөө хоёрыг нь ашиглах.  “Дөрвөн  зуухыг хэвийн ажиллуулж цахилгаан үйлдвэрлэх  санаа үе үеийн энергитикийн мөрөөдөл байсан, миний үед тохироо бүрдэж, энэ сайхан бүтээн байгуулалт бий боллоо” гэж даруухан өгүүлэх. 

“Эрдэнэт” үйлдвэрийн Дулаан цахилгаан станцын  хүчин чадлыг  48 мВт-ын турбин генератораар  өргөтгөх  төслийг удирдах хариуцлагатай бөгөөд нүсэр ажлыг энэ цаг үед Ш.Төрбат л хийж  чадна гэдэгтэй олон хүн санал нэгдэх  байх. Өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэл гаргахаас авахуулаад, тендер зарлах, гэрээ хийх, яам тамгын газартай  зөвшилцөх, түүнчлэн  өдөр тутмын ажлыг зохион байгуулахад ч тэр  байнга оролцоостой. “Эрчим хүч үйлдвэрлэн, төвийн шугаманд нийлүүлнэ гэдэг нэгэн үйлдвэр барьснаас өөрцгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ жилд 180 гаруй тэрбум төгрөг.  Үйлдвэрийн энэ том зардлыг  багасгаснаар зэс молибдений  өөрийн өртгийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Нөгөөтэйгүүр энэ бүтээн байгуулалт нийгмийн сайн сайхны төлөө “Эрдэнэт” үйлдвэрийн хийж буй  буянтай сайхан  ажил. Станц маань одоо цэцэглэнэ дээ” гээд баясан  инээмсэглэв. Цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаараа улсад гуравт орох энэ  бүтээн байгуулалт амжилттай болоход Төрбатын хичээл зүтгэл, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөх халуун сэтгэл юу юунаас их нөлөөлсөн биз ээ.      

Ш.Төрбатын  ажил үйлс үргэлж шинэчлэл,  өөрчлөлттэй холбогддог тавилантай. Тэр бага залуугаасаа  адал явдалт уран зөгнөлт ном сонирхон уншдаг байсантай нь холбоотой юу,  аядуу намуухан харагдах хэрнээ  шинэчлэх, өөрчлөх сайжруулахын  төлөө  дотооддоо шатаж явдаг романтик нэгэн.  “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний албадад хийсэн  бүтээн байгуулалтуудыг түүнээс салгаж ойлгох аргагүй. Санаачилж, хэрэгжүүлсэн бүхэн  нь үр ашигтай, хүнд өгөөжтэй байдаг.  Тийм ч болохоор   “Эрдэнэт” үйлдвэр түүнийг Хөдөлмөрийн аваргаараа хоёр удаа тодруулж, “улаан ном” гэгддэг Хүндэт дэвтэртээ бичиж алдаршуулан, Төр засаг Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоо хайрласан.

 Тэр өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэртэйгээ хүйн холбоотой гэдэг.  Ажил амьдрал нь тэгш сайхан яваагаа үйлдвэрийн буян гэнэ. Тиймээс ч  үйлдвэрийнхээ өнөө хийгээд  маргаашийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн  төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж  яваа. Энэ бол  аавынх нь  сургаал, амьдралынх нь чиг шугам болой. Эрчим хүчний албадад ажилладаг олон хүн түүнийг бахархан дуурайж, хүндэтгэдэг. Тэр  гуч орчим жил хүн удирдахдаа ажилчдаа дэмжиж,  урамшуулахыг урьдал болгосоор  иржээ. “Хүн сэтгэлийн амьтан. Хамт олон, хайртай хүмүүсийнхээ  дэргэд   даргадаа магтуулсан  хүн  ямар их урам зориг, эрч хүч авна гээч” гээд л ярихдаа нүд нь сэргэнэ.

Ш.Төрбат  шатрын спортын мастер.  Эрдэнэт хотын шатрын холбооны тэргүүнээр олон жил ажиллаж, шатрын спортыг орон нутагт хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан хүн. Балчир наснаас нь дэмжиж, дагуулсан шавь   Н.Баттулга нь  улсын аварга, олон улсын хэмжээний мастер болж баярлуулсан. Зөвлөлтийн шатрын мастер А.Ройзманы “Шатрын бэсрэг өргүүд” “Шатрын тулаан” гэх хоёр боть номыг Төрбат төрөлх хэл дээрээ орчуулсан нь шатар сонирхогчдод үнэ цэнэтэй бүтээл болжээ.

Төрбатын аав  малын эмч, ээж  бага ангийн багш байж.  Хөдөө талд соёлын үрийг тарьж явсан тэднээрээ хүү нь бахархдаг. Төрөө хүний ганц хүү ч нийтэч зантай. Үеийн  найзуудыг  нь гэртээ  бужигнуулан, өөрөөс нь дутахгүй хайрладаг холч ухааны үр хүүд нь туссан нь дамжиггүй. Ажилчин болсон жилээ тэднийгээ  хөдөөнөөс  авчран, дээвэр туурга муутайхан дөрвөн ханатай бор гэрээ барьж, бордооны цаасан уутаар давхарлан нэг жил өвөлжсөнөө дурсан ярих. Хожим түүнд охин дүү заяасан ч, дүүг нь сургуульд  ороогүй балчир  үед аав ээж нь бурхны оронд заларчээ. Тэр гуч шахсан насандаа Д.Туяа хэмээх бага ангийн багш бүсгүйтэй ханилсан. Энэ эмэгтэй Төрбатынх гэх айлыг өнгөтэй өөдтэй авч яваа хүн.  Төрөө бол талхны үнэ ч мэддэггүй, гэр орны ажлаас хол тасарсан “амьтан”. Тэр дүүгээ “манай том охин” гэх. Төрбатынх  дөрвөн хүүхэд, 13 ач зээтэй өнөр айл.  Эднийхэн сэтгэлдээ гэгээ цацруулсан сайхан хүмүүс. Зах зээлийн нийгмийн ороо бусгаа  үед эхнэр нь  ажлаасаа гарч,  лангуу, цайны газар  ажиллуулан овоо ч орлоготой болж. “Алтан” хөршид нь их мөнгөний хэрэгцээ гарч,  байр нь зарагдахгүй сандрах үед хэлснээс нь ч өндөр үнээр  худалдаад авчихсан  халуун сэтгэлтнүүд. Хэн нэгний ядарсан  үед тус болоход  эргээд бидэнд бүр ч сайнаар тусдаг гэж энгүүн ярих энэ эрхэм уужимхан бодолтой, зөв сэтгэлтэй  хүн. Сайхан сэтгэлийнх нь үр тэдний  амьдралд улам ч их  баяр жаргал, гэрэл гэгээ  нэмдэг ажээ.

“Эрдэнэт” үйлдвэртэйгээ хүйн холбоотой, гэгээн сэтгэлтэй, эрдэм төгөлдөр эрхмийн тухай өгүүлэхэд ийм.

Я.ЭНХТУЯА

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.