Шинэ мэдээ

Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!1 цаг 6 минутын өмнөЛ.Энхболд нүүрсний хэрэг илчилсэнийхээ төлөө золиосонд явав уу12 сар 13. 15:43Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ12 сар 13. 10:05“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ12 сар 13. 10:01Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39

Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага

/12-р сарын 11/  -  10 цаг 00 минут

Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их хүн аялдаг хотуудын талаарх бүрэн цогц мэдээллийг 6 хэл дээр нийтлэн хүргэдэг Woovoo дижитал сэтгүүлийн ахлах редактор, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ энэ удаагийн VIP ярилцлагын маань зочноор уригдсан юм.  ШУТИС-ийг Радио холбооны инженер мэргэжилээр төгссөн тэрбээр 40 настайдаа үргэлжилсэн үгийн төрөлд хүч түрэн орж ирэн, өгүүллэгүүд нь уншигчдийн таашаалд нийцээд багагүй хугацаа өнгөрчээ.

Тэрбээр 2007онд “Сэмэрч үл барагдана”өгүүллэгийн түүвэр, 2009 онд “61 Ах”  өгүүллэгийн түүвэр, 2010 онд “Өнөөх”  өгүүллэгийн түүвэр, 2011 онд “Эмэгтэй ном”  өгүүллэгийн түүвэр, 2013 онд “Америкт зорчсон Жийжээ” хошин тууж хэвлүүлээд байсан бол хамгийн сүүлд “Үр харам” туужийн номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон билээ. 2013 онд “61 Ах” өгүүлэгийн түүврээрээ МЗЭ-ийн шагнал хүртэж байсан бол 2016 онд “Дотроосоо” өгүүллэгийн түүврээрээ шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагнал хүртсэн билээ. Мөн 2016 онд “Үргээлэг 2” киногоороо  Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” ёслолын арга хэмжээний Шилдэг зохиолын шагналыг хүртсэн билээ. Таалан болгооно уу.

Woovoo дэлхийн хотуудыг гартаа атгаад явах боломжийг олгосон

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та залуучуудтай их сайхан ажил хийж байгаа юм байна. Ажлынхаа талаар танилуулаач? 

-Нэг улсаас нөгөө улс руу, нэг хотоос нөгөө хот руу явж байгаа хүмүүст зориулсан Woovoo дижитал сэтгүүлд ахлах редактороор ажиллаж байна. Аялагчдад зориулсан мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ зүгээр л сонирхоод ороход тухайн хотуудын талаар өргөн мэдээлэл өгнө. Токио, Бээжин, Лас вегас зэрэг дэлхийн 13 хотын тухай мэдээлэл байгаа. 6 хэл дээр гардаг учраас жаахан ажил их байдаг. Нэг хотын талаар 80 хөдөлгөөнгүй мэдээлэл байна. Тухайлбал, тээврийн хэрэгсэл, музей, урлагийн байгууллага, зочид буудал, ресторанууд зэрэг мэдээлэл байгаа.  10 нийтлэл сар болгон солигдож байдаг. 13 хот гэхээр 130 нийтлэл 6 хэл дээр гаргаж байна.

Технологийн бизнес одоо их өргөн хүрээнд болсон. Өмнө нь цахим сайтын хэмжээнд байж болдог байлаа. Тэгвэл олон хэл дээр байгаа сэтгүүлийг нэг татаад авчих юм бол интернэтгүй орчинд ч хэрэглэж болдог. Манай IT-гийн залуучууд идэвхитэй ажиллаад дуу, дүрс, видео ороод ирэхээр жинхэнэ цогц, шинэ цагийн сэтгүүл болсон. Өмнө нь бид дандаа л PDF маягаар харж байсан. Түүнийгээ дижитал сэтгүүл гэж  боддог. Тэр үеийн технологи ч тийм л байсан.

-Маш олон залуучууд ажилладаг юм байна. Ажлын байрны огт өөр орчин, уур амьсгал харагдлаа?

-Өнөө цагийн ажлын байрны хандлага, хүмүүсийн цаг зав, амьдралын хэмнэл өөр өөр байна. Оюутан, хүүхэдтэйгээ гээд аутссорсингоор ажилладаг хүн олон бий. Хагас цагийн ажилтай хүмүүс ч байна. Сэтгүүл маань 6 хэл дээр гарч байгаа учраас гадаадын редактор, идиторууд ажилладаг. Тэгэхээр энэ бол орчин цагийн компанийн нэг том дүр төрх гэж харж болно. Бидний зорилго дэлхий ч гэлээ монгол ажилчид дийлэнх нь, сэтгүүлийн маань төв оффис Монголдоо байна.

Хэдийгээр зах зээлийн хувьд хүн амынхаа тооноос хамаараад их бага ч гэсэн Улаанбаатар хотоороо дамжуулаад Монголын соёл уламжлал, сайн сайхан бүхнийг дэлхий нийтэд харуулж байна. Бид улс гэхээсээ илүү хотуудыг онцолж явдаг. Яагаад гэвэл Бразил, Аргентин явна гэхэд тэр болгоныг мэдэх хэцүү. Буэнос Айрес явлаа гэхэд манай сэтгүүлийг нэг татаад авчихсан байхад л асуудалгүй. Бид 7 сараас ажлаа эхэлсэн.  Буэнос Айресын тухай 60-70 нийтлэл солигдсон байх жишээтэй. Үндсэн мэдээлүүд нь мэдээж орсон. Тэгэхээр энэ апплекейшнийг татаад авсан байхад хаана ч газардахгүй болно. Гадаадад гар утастайгаа гэдгийг жинхэнэ утгаар нь болгосон учраас хотуудыг атгаад явж байна л гэсэн үг.

-Монголчууд гадаад явахдаа таньж мэддэг хүн байгаа билээ гэж эхэлж боддог?

-Тийм. Монголчууд танилын хүрээгээр явах сонирхолтой байсан. Сүүлийн үед тэр нь харьцангуй гайгүй болсон. Манайхан ч явж сурсан байна. Нөгөө талаар бид нэг хотод очоод тээврийн хэрэгслийнх нь талаар сайт ухаад, онгоцны буудлаас авсан ямар нэгэн цаасан танилцуулга бариад явах шаардлаагүй. Зүгээр л Woovoo-г татаад авсан байхад хангалттай.

  Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд маань л анх урам өгсөн  

-Та бүхэн үнэхээр сайхан ажил хийж хэрэгжүүлж яваа юм байна. Саяхан та Цоодол гуайн гэрт өнжсөн талаар фейсбүүктээ оруулсан байсан. 

-Бид хоёр өмнө нь уулзаж байгаагүй юм. Талбай дээр болсон “Номын баяр”-ын үеэр аз болж таараад,  нэг номоо өргөн барьсан юм. Тэгсэн чинь цаг завандаа ганц нэг өгүүллэгийг минь харж, тэгээд охиндоо хэлсэн байна. Тэгээд л “Та аав дээр ирээд уулзаадхаач” гэсэн юм.

Д.Цоодол гуай Бэлхийн тэнд хөгшинтэйгээ хоёулаа сайхан амьдарч байна. Хоёр давхар байшиндаа цэвэр  цэмцгэр, ая тухтай сайхан байна. Нас 70 нилээн гарсан тул ойр ойрхон л гишгэлдэг болж. Бид уран зохиолын нөлөөлийн талаар, нийгэмд үйлчилж байсан үйлчлэлийн тухай, хашиж байсан алба, хариуцлагын тухай ярилцсан. Бас энэ нийгэмд монгол хүн байх тухай, монгол характераа хэрхэн авч үлдэх вэ гэдэг талаар ярилцсан.

Бидний үеийн монголчууд улам цөөрч байна. Та нарын үе, тэрний дараа үе улам л хэцүү болох нь. Хөдөө орон нутагт бидний мэддэг монгол зан харагдахгүй болж байгаад сэтгэлийн хөндүүртэй байсан. Амьдралдаа хандаж байгаа нь, мотоциклоор малаа хариулж, өвс худалдаж аваад гаднаа тэжээдэг, оторт бага явдаг болсон байна. Хамгийн чухал нь хүн хооорондын харилцаанд монголоо гээж байгаа талаар ярьсан. Болж өгвөл ашиг, мөнгө төгрөг ярьдаг. Тэр өвсийг зулгаагаад тийшээ зарвал сайн гэж ярьдаг болсон гээд их эмзэглэсэн байна.

Хамгийн сайхан нь дээд үеийнхэнээ их бишрэлтэй ярьсан. Явуухулан багш, Эрдэнэ гуай, Лувсан цэрэн гуай, Цэдэндорж нар бол адуу байсан. Тэдний давхиад өнгөрсөн цасны цоорхойд л борог зулгаасан хүн шүү дээ гэх мэтээр ярихад би хэн билээ гэдгээ мөнхийн мөнхөд санаж бай гэсэн санаа явж байсан. Цоодол гуай би тэгж явлаа гээд ярьж болох байхад дээд үеэ л яриад байсан нь цаагуураа өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхойлж, хэний хүчээр ийм яваа билээ гэдгээ л хэлээд байсан даа.

-Таны бичсэн өгүүллэгүүд уншигчдад их таалагддаг. Ер нь таныг зохиолч уран бүтээлч болоход хэн хөтөлсөн бэ?

-Би Америкт амьдардаг байсан үе. Тэр үед манай зохиолч сэтгүүлч Б.Наминчимэд маань тэнд Даяар Монгол гээд сонинг гаргаж байсан юм. Мэргэжлийн сэтгүүлч хүний өвчин гэж хэлж болно. Тэнд ямар ч бололцоо байхгүй, өөрөө барладаг машин авчихсан. Гэртээ барлаад л тэнд байгаа монголчууддаа оюуны цомог өгөх зорилготой хийж байсан ажил нь тэр. Тухайн үед сайт энэ тэр байгаагүй, 2006 оны үе шүү дээ. Тэр сонинг цаасан хэвлэлээр гарч байхад нь бид захиалж уншдаг байлаа. Тэр үеэс л шөнө орой янз бүрийн юм бичээд л хаягаар нь явуулдаг байлаа.

“За, за энэ  ч гарахгүй дээ” гэж бодож байтал нэг дугаар дээр нь “Цав цагаан” нэртэй өгүүллэг маань гараад ирсэн байсан. Наминчимэд ч намайг танихгүй.  Тэгтэл нэг өдөр утас дуугараад ярьтал Наминчимэд “Миний хөгшин юм бичнэ байгаа. Чи юм биччихээр юм биш үү” гэсэн тэгээд л хүний нутагт байгаа болохоор бие биенийгээ “догиож” байна гэж бодсон. Тэгээд л нэг нь бичдэг, нөгөө нь бичүүлдэг болоод сүүлдээ цаасан хэвлэлээр хийхээ больж сайттай болсон. Надад  нэг булан нээгээд чи энд бичсэнээ оруулж бай гээд паспорттой нь өгчихсөн. Тэгээд л ганц нэг өгүүллэгүүд тавиад явж байсан.

Ерөнхийдөө Наминчимид л анх урам өгсөн хүн. Надад хувийн багш энэ тэр байхгүй. Тайз дэлгэцийн бүтээлийн хувьд хожим Улаанбаатарт ирчихээд Наранжаргал эгчийн сургалтад суусан. Тэр хүн зохиолчийн 7 хоногийн сургалт явуулж байна гэж Галаарид надад хэллээ. Галаарид тэр үед “61 ах” номыг минь өлгийдөж аваад, танилцаад ч удаагүй байлаа. Энэ хүрээнд ч таних хүн багатай. Тэгтэл Галаарид “Чи энэ сургалтад очоод  үз. Чиний өгүүлэгүүдийг уншихаар драм харагдаад байдаг шүү. Чи нэг очоодох” гэсэн.

Очтол сургалт бараг дуусаад сүүлийн хоёр хоног л үлдсэн байсан. Юу ч мэдэхгүй очтол “нэг зөрчил үүсгээд бичээдэх” гэсэн даалгавар аваад учрыг нь олохгүй ч суусан. Гэхдээ яагаад ч юм тэр удаагийн сургалтад суусан хүмүүсээс би ганцаараа энэ юм бичих ажилтайгаа ноцолдоод үлдсэн дээ. Тэгээд би тайз дэлгэцийн бүтээлийн хувьд Наранжаргал эгчийг миний багш гэж дотроо биширч явдаг.

Би яг 40-тэйгээсээ  юм бичиж эхэлсэн

-Анхны тайз дэлгэцийн  бүтээл нь?

-Анх “Том ах” гээд 30 минутын жүжиг бичиж байсан. Тэр маань одоо хуулийн сургуулиудад уншигддаг жүжиг болж хувирсан. Дараа нь “Ус дээшээ урсдаг” гээд цуврал кино байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газар болон  төрийн байгууллагуудын төслийн ажил байсан учраас жаахан зовлонтой байсан. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газрын ажил зөвхөн цаасан дээр байдаг.

Түүнийг драм болгоод, сериал болгоно гэдэг их хүнд байсан. Гэхдээ багаараа ажиллаж байсан учраас боломжийн юм болгосон. Гол нь NTV  телевизээр гарахдаа нэг ангийг нь дөрөв  хуваагаад гаргачихсан. Хуваадаг сериал биш учраас уйтгартай л харагдаж байсан.

-Таны үндсэн мэргэжил юу юм бэ?

-Би холбооны инженер төгссөн. Энэ мэргэжлээрээ ч нэг их яваагүй. 10-аа төгсөөд цэргийн сургуульд яваад тэндээсээ халагдаад ирэх тэр үеэр 90 оны өөрчлөлт таараад л албан байгууллагууд тарж бутраад,  би амьдрал хөөсөн хүн л болсон. Холбооны инженер мэргэжлээрээ удаан ажиллаагүй, Америк явах боломж олдоод л явчихсан.  Тэгээд л би яг 40-тэйгээсээ  юм бичиж эхэлсэн. Уран бүтээлч гэхээсээ илүү уран бүтээлд хайртай л хүн шиг санагддаг. Мэргэжлийн хүмүүсийн хажууд яг уран бүтээлч гэхэд хэцүү л дээ. Гэхдээ өөрийн гэсэн амбицтай. Амбиц муу юм биш. Хүсэл мөрөөдөлтэй тэрэндээ хүрэх юмсан гээд л явж байна.

-Таны мөрөөдөл?

-Их энгийн ш дээ. Нэг аятайхан  романтай болчих юмсан, аятайхан кинотой болчих юмсан. Аятайхан жүжиг бичиж үзэхсэн гэсэн энгийн л  хүсэл. Тэгээд л тэрнийгээ хайгаад явж байдаг. Хэзээ олох, хэзээ бий болох юм, мэдэхгүй. Яг үнэндээ би маш их суудаг, оролддог, боддог. Гэхдээ зарим бодлууд заавал бүтээл болох албагүй, толгойд явж байх нь жаргалтай юм бас байна. 

-Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Нэг кино зохиол дээр ажиллаж байгаа. Найруулагч Гармаа надад нэг киноны дүр төрх ярьчихаад явлаа. Миний өөрийн “Салалт”, “Такси баригч” хоёр өгүүллэгийг нийлүүлээд оюун санааны гоо сайханд зориулсан, шинэ жилээр үздэг ашгийн биш кино хиймээр байна гэсэн. Яах аргагүй миний өөрийн өгүүллэгүүд учраас саналыг зөвшөөрсөн байгаа. Тэрнийхээ хар зурган дээр ажилаж байна. Өөрөө нэг тууж оролдоод сууж байна. Одоо хийж байгаа ажил маань нилээн цаг авдаг учраас өмнөх шигээ шаргуу орж чадахгүй л явна.

-Ажлын хажуугаар уран бүтээл хийх цаг зав гаргах амаргүй л дээ. Ер нь уран бүтээлч хүн аливааг үзэж харснаараа туурвидаг гэдэг. Таны уран бүтээлийн  хувьд хэн нэгний амьдралаас хардаг уу?

-Би ямар нэгэн байдлаар хүнээс сонссоноо эсвэл хүний үзэж туулсан амьдралыг зохиол болгож чаддаггүй. Яагаад гэвэл надаас хол санагддаг. Хоёрт хүний юм шиг санагдаад болдоггүй юм. Харин тэр хүн өөрөө хэлээгүй ч нэг харц, инээмсэглэл тухайн орчин цагтайгаа холбоотойгоор сэтгэлд үлдчихдэг. Тэр маань хэзээ нэгэн цагт сэдрээд, миний сэтгэлийн аль нэг үзүүр дээр дардаг. Тэрэн дээрээ анхаарлаа хандуулаад үзэхээр болох нь уу, үгүй юу. Хэрвээ үнэхээр жин дараад байвал тэрийгээ бодоод явна, Яруу найрагч шиг шууд толгойд орж ирэнгүүт нь буулгаад явах арга байдаггүй. 

Үргэлжилсэн үгийн бүтээл гэдэг суулгадаг, бодуулдаг, цаг их авдаг төрөл. Тэгээд бодож явтал ямар нэгэн байдлаар дүр төрхөө олоод харчих юм бол их баярладаг. Өөрөөр хэлбэл нэг зохиол, өгүүллэг тууж байлаа гэхэд хар зургаа олоод төгсгөлийг нь харчихвал их баяртай байдаг. Их л том олз олсон юм шиг санагддаг. Тэгэхдээ шууд бүтээл болчих боломжгүй. Бодоод үлддэг санаа сэдэл зөндөө бий.

- Хүмүүс таны өгүүллэгүүдийг унших дуртай байдаг. Тэр олон бодол дундаас хэрэгтэйгээ олж чадаж байгаа учраас л уншигчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг юм болов уу.

-Яг үнэндээ цэвэр үнэнийг хүргэнэ гэвэл худлаа. Цэвэр үнэн гэдэг өөрөө их хоржоонтой. Би ч заримдаа хэлдэг. “Үнэн”-ийг нэг их хүсээд байх ч юм биш. Үнэн гэдэг хүний бодож байгаа юмны эсрэг хэлэгддэг учраас таатай сонсогдохгүй байх. Гэхдээ цэвэр үнэн гэдэг тийм сайхан ч зүйл биш. Зүгээр л үнэн рүү тэмүүлсэн зам мөр нь  л их аятайхан гэрэл гэгээтэй санагддаг.

Тэгэхээр тийшээ чиглэсэн хүнд сайн сайхныг өгөх, харуулах юм хийвэл зүгээр санагддаг. Ямарваа нэгэн юманд алсын хараа гэж байдаг ялангуяа зохиолчдод. Тэр алсын хараа маань сайн сайхан руу чиглэгдэж байвал их зөв. Гэтэл хүний дотроос гарч байгаа юмнуудыг гаргаж ирж байгаа учраас сайнтай муутай холилдоно. Түүнийг нь яаж гаргаж ирэх вэ, дандаа уянгалаад, зунаараа байх юм шиг хандаж болохгүй.

Сайн сайхан юм заавал ямар нэгэн сүүдэртэй байж тэр нь бодитой харагдаж ирдэг. Тэгэхээр мууг нь ч ил гаргах хэрэгтэй. Эцсийн дүндээ хамгийн муу хүн сайн руу эргэж байвал тэр л миний зорилго. Тэрийгээ эргүүлж чадахгүй бол хэцүү. Зарим өгүүлэгтээ би муу чигээр нь алдчихдаг. Өөрөөр хэлбэл эргүүлэх боломжоо би өөрөө ч алдчихдаг байх. Тийм тохиолдолд их чамладаг.

-Таны хамгийн их бодож, цаг хугацаа зарцуулж, нийгэмд энэ хүнээр л миний бодол санаа бүх юм гарч байгаа гэсэн уран бүтээлийн дүрийг нэрлэвэл?

-Би нийгмийн ажилтан биш, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн ч хүн биш. Тиймээс зохиолынхоо баатруудыг их бодож бичдэг. Ихэнхдээ билэгдлийн маягтай байдаг ч миний “Дотроосоо” гэдэг өгүүллэгийн гол дүр “Сахал Намбар” гээд шоронгоос гарч ирсэн гэмт хэрэгтэн байгаа. Тэр яагаад ч эргэхээргүй хүн байсан ч сайн сайхан руу эргэдэг. Маш эвгүй газраас эргэдэг. Тэр өгүүллэгээр би монгол хүн ерөнхийдөө эвгүй болчихсон байна. Эргээсэй. Сайн сайхан болоосой гэж дотроо бодож явсанаа гаргасан.

“Сахал Намбар” хэвтэрт байхад эхнэр нь өөр хүнтэй асуудал үүсгэж, элдвээр доромжилж, гэнэтийн тохиолдолоор авгай нь хэвтэрт оороод өөрөө босчихдог. Тэгээд  л за одоо ясны гэмт хэрэгтэн хүн өшөөгөө авах байх даа гэж бодохоор огт өөрөөр эргэдэг. Тэр дүрийг яаж гоё болгож  болгох вэ гэж маш их бодсон. Хамгийн адгийн хүнд ч гэсэн сайн сайхны арал, хойг байж л байгаа гэсэн л санаа. Тэгж байж бид хүнийг хайрлана. Зохиолч гэдэг чинь хүнийг хайрладаг хүмүүс шүү дээ.

-Та фейсбүүктээ зохиолч хүн өөрөө л муу талын баатраа алчихдаг юм байна гэж бичсэн байсан?

-Тийм. Ямар ч зохиолыг зохиолч өөрөө л зохиодог. Энэ хүн үхэх юм байна гээд мэдчихээрээ тэр зохиолч л алуурчин болно. Мөн чанартаа тухайн дүрд үхэх шалтгаан байгаа  ч тэр шалтагийг зохиолч өөрөө өгнө. Тэр хүнээр хийлгэнэ, эцсийн дүнд зохиолч л алж байгаа гэсэн утгаар бичсэн юм. Зохиол болгон дээр хүн үхэх шалтаг заавал байх ёстой. Зохиолоо, гол баатраа гоё болгох гээд хэн нэгнийг хаа хамаагүй алаад байх нь зохиолч хүний ажил биш л дээ.

 Эх оронч хүнийг хүмүүжүүлэхэд кино урлагийг ашиглах ёстой

-Сүүлийн үеийн кино уран бүтээлүүд амьдралыг хэт хөнгөн талаас нь харуулаад байх шиг. Залуучууд амьдралыг амарханаар харж, хялбар аргаар амь зуух аргад сургаад байгаа ч юм шиг санагддаг. Уран бүтээлээр дамжуулж нийгмийн алдаа оноог засах боломжтой юу. Таны бодлоор?  

-Оюуны үрийг  тарьж байгаа юм чинь уран бүтээл өөрөө. Салбар салбараасаа хамаараад өөр өөр шатаар явчихдаг. Жишээ нь, кино урлаг маш хүчтэй салбар. Нэг дор асар олон хүний тархийг цэнэглэж чаддаг онцлогтой  урлаг. Тухайн хүн зовлонгүйгээр хараад, сонсоод болчихдог. Ном унших бол кино үзэхийн хажууд зовлон ш дээ. Кино урлагийн онцлогийг  коммунист нийгмийн зэвсэг болгож ашиглаад үр дүнтэй явж байсан. 

Америкийн кинонууд сайн сайханд залуурдаж, сайн хүн бий болгоход кино урлагийг ашиглаж байна. Нөгөө талаар бизнесийг нь дэмжиж байна. Кино урлаг яаж хөгжих ёстой юм гэхээр цаад талд нь хэрэглэгч байна. Хүн амын тооноос хамаардаг энэ салбар. Манай улсын хувьд кино үздэг хүн нь маш цөөн. Ийм  тохиолдолд кино урлагийг яаж хөгжүүлэх ёстой юм. Сайн хүн бий болгох, монгол хүнийг бий болгох нь төрийн ажил байх ёстой. Эх оронч хүнийг хүмүүжүүлэхэд кино урлагийг ашиглах ёстой.

Манай төр 1990 оноос хойш кино урлагийг л орхичихсон бусдыг нь их бага хэмжээгээр мөнгө төгрөг өгч үлгэн салган аваад л яваа. Харин кино урлагийг орхичихсон. Яагаад сайхан монгол хүнийг бий болгоход ашиглаж болохгүй байгаа юм. Кино урлагийг дэмжих ёстой. Чухам яаж гэдэг арга барил нь л өөр. Өнөөгийн залуучууд бол яалт ч үгүй бор зүрхээрээ зүтгэж байгаа учраас аль болох  зарлагаа нөхөх, жижигхэн ч гэсэн ашигтай байх гэдэгт  л анхаарч байна.

Тэд энэ кино урлагийн зах зээлийн талыг бариад аль болох хөнгөн, шийдэл нь амархан, зохиол муутай авч яваад байна. Нэг үеээ бодоход арай дээр болж, зохиол дээр анхаарч нилээн тулхтай явах боллоо.  Гэхдээ л бас болохгүй байна. Хөнгөн шийддэг асуудал ч байна. Эцсийн дүндээ бид сайн сайхан хүн л хүмүүжүүлэх ёстой. Тэр нь эрдэмтэн байна уу, жолооч байна уу, ажилтан  байна уу хамаагүй. Нийгмийн сайн хүнийг л бий болгох ёстой.

-Нийгмийн эмзэглэлийг хамгийн тодоор гаргасан зохиолынхоо талаар сонирхуулвал?

-Уран зохиолд, кино урлагт, дуурь жүжгийг ашиглах ёстой. Хүн чанар, мөн чанарын тухайд их эмзэглэдэг. Жишээ нь,  “Үргээлэг 2” кинон дээр 3 өөр түвшний залуучууд өөрсдийгөө алдаж байгаа талаар гардаг. Нэг нь төрд, нэг нь бизнес эрхэлдэг,  нөгөө нь шоронгоос гарч ирнэ. Алт гээч байгалын баялаг хүнийг ямар аймаар эвдэж байна. Энэ гурваар монголчууд ямар их эвдэрч байгааг хэлэхийг хүссэн. Алтны дэргэд юу ч үнэгүй. Аав ээж, амраг садан, анд нөхөд ч үнэгүй. Алтны төлөө хүний амь ч үнэгүй.

 Энэ асуудлыг дэлхийн улсууд үзээд туулаад өнгөрчихсөн. Тийм ч учраас том том дайнууд гарсан. Хүн чанарын эцсийн лаг шаварт орж байж сая нэг юм ухаарсан. Улс эх орноороо дайн байлдаан, өлсгөлөн, цэнгэг усны гачланд очиж байж ухаарах шаардлагагүй. Ийм түүх дэлхийгээр дүүрэн байхад зохицуулж чадвал бид зөв голдиролдоо орно. 

Тэр кинон дээр гурвуулаа гурван биенээ алаад дуусдаг. Энэ нийгмээс гарч  ирсэн гурван залуу байхгүй болж байна. Хамгийн сүүлд нь төрийн цагдааг нэг дотор хүн хүрзээр цохиод алчихаж байгаа нь дэлгэцийн хэл. Төрийг нь цохиод унагаачих юм биш байгаа. Хоорондоо эвтэй байж чадахгүй, үхэн хатан улайрч, эмэгтэйчүүдийг үгүй хийж, ариун хэвлийг бодохгүй, эх орноо ч бодохгүй юм байна. Бие биенээ ч бодохгүй байгаа эмзэглэлийг гаргадаг.

  Залуучуудыг нам, төр, зангиа, цүнх, авлига гээд аваад явчихлаа   

Хайрлаж, дурлаж, сурч боловсорч, сайн сайхан мөрөөдөлтэй явж байх залуучуудыг нам, төр, зангиа, цүнх, авлига гээд аваад явчихлаа.  Хичнээн сайхан залуучууд тэр зүг яваад байна. Явсан нь  яахав гэж бодоход ард талд нь тийм хандлагыг бишрэн шүтэж байгаа мянга мянган залуус үлдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэр ингээд тасраад явчихсан гээд энэ л зөв зам байна гээд үлдчихэж байгаа нь үнэхээр аюултай.

Уран бүтээлчийн тусламжтайгаар энэ бүхнийг засахад дээр байгаа хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Гэтэл тэд хүсэхгүй байгаа болохоор л дэмжихгүй байна. Тэр хүмүүс утааг арилгахыг хүсэхгүй байна. Ард түмнийг баян болгохыг хүсэхгүй байна. Амьдралын энгийн түвшинд байлгахыг хүсэхгүй байна. Тэд нарын хүсэхгүй байхыг нь хөгжөөж байгаа гадны өөр хүчин бас байгаа. Шувуу тэжээж байгаа юм шиг дээд талын нөхдийн бодлогыг хөгжөөгөөд байна. 

Эрдэнэсийг нь, газар нутгийг нь, ах дүүсийг нь, эцэг эхийг нь, бие биедээ хайртай гэх сэтгэлийг нь үгүй болгож байна. “Хэдий чинээ зарлан тунхаглана, төдий чинээ байхгүй болно” гэдэг. Хайраа  хайраа гээд л байна. Гэтэл хайрын тухай ойлголт мөн чанартаа үгүйсгэгдсэн гэсэн айдас. Англичууд “Baby” гээд хайртай бүсгүйгээ хэлээд байгаа. Гэхдээ тэр хэзээ ч  “Baby” биш шүү дээ.  

Хүн төрөлхтөн өөртөө бий болоосой гэсэн юмыг л ардын үгэндээ оруулдаг байж. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Үнэндээ ажлаа дутуу л хийгээд байсан байж. Чингисийн  үед “Бор дарсыг болгоомжтой уу “ гэж байсан. Тэр үед ч архи уудаг л байсан байна. Тэгэхэээр үеийн үед сайн сайханд тэмүүлэх нандин холбоо яваад байсан нь энэ сонин нийгэмд өөрчлөгдчихөөд байна.

 

Бид яг үнэндээ ардчилсан байж чадахгүй, тэр нийгэмдээ суралцаж чадахгүй байна. Сурчихвал маш гоё. Англи хэлийг сурчихвал гоё. Математикийг сурчихвал гоё. Гэхдээ л сурч чадахгүй байна. Тэрэнтэй л адил бид ардчилалд сурч чадахгүй байна.

Хүн хоорондын харилцаа ямар муухай болж байна. Хөршүүд бие биенээ танихгүй, мэдэхгүй  байна. Тэр ч бүү хэл тог тасарсан чинь “Манайхан чинь их аятайхан хүмүүс байдаг юм байна” гэсэн шог яриа гарсан байна. Бид хотжоод, зах зээл рүү шилжээд, маш хурдтай мэдээллийн нийгэмд орж ирэхээр хүн хувиа бодсон шинж чанартай, аливаад маш түргэн хариулдаг болж хувирсан байна.

Хамгийн гол нь залуучуудыг улс төрд дагуулаад, өөрсдийнхөө явсан бохир замнал руу маш олноор чирч оруулж байна. Залуучуудын амьдралыг үрж, байхгүй болгож байна. Нийгэмд харагдаж л байгаа. Том том хүмүүсийг дагаж яваад ямар хэцүү амьдралаар амьдардаг болж байна. Тэдний тухай бодох нь надад илүүц байж магадгүй ч тэгээд явчих юмсан гэж бодож яваа хүн цаана нь зөндөө байгаа. 

- 18-19 настай хүүхдүүд л намын гишүүн болж, хуралд сууж байгаагаа гайхуулж явна?

-Тийм. Тэднээс жаахан цоролзоод ирсэнийг дарга нар нь анхааралдаа аваад хажуудаа байлгаад хэн ч биш болгоод байна. Нийгэм ийм биш. Зөв гольдролоороо бол эхлээд сайн хүн болох   ёстой. Яагаа ч үгүй намын дарга болж, кино найруулагч болсон ч хүн болж төлөвшөөгүй учраас дандаа буруу гишгээд байгаа юм.

Жишээ нь, Америкт 30 гараагүй залуучуудыг хэзээ ч найруулагч гэж харахгүй, хэлэхгүй. Амьдрал мэдэхгүй чи цаашаа яв, өөр ажил хийж байгаад хүрээд ир гээд л явуулчихдаг. Тэрэнтэй адил цэл залуухан залуус улс төрд ороод байна. 100 жилийн өмнө бүх юм ондоо байсан. Хүний амь ч богино байсан. Тэр үеийн 27 той Сүхбаатар өөр байсан. Одоо гийн 27 той залуу компьютер тоглоод л явах сэтгэхүйтэй байгаа хүнийг улс эх орны түвшний шийдвэр гаргах местэнд тавьж ерөөсөө болохгүй.

Сайн сайхан юмыг мэдэрч чадахгүй байна гэдэг хүн болоогүйн шинж

-Хүн байна гэдэг таны хувьд?

-Маш хэцүү. Өнөөдөр би хүний тухай ярьж, ойлгоход төвөгтэй болсон байна. Сайн сайхан юмыг мэдэрч чадахгүй, сайн сайхан юмыг харж чадахгүй, сайн сайхан юмыг бодож чадахгүй байна гэдэг маань өөрөө хүн болоогүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусгалаа олоогүй байна гэсэн үг. Энэ нийгмээс, хажуудахаасаа эсвэл эцэг эхээсээ ямар нэгэн байдлаар тийм мэдрэмжийг,  тийм  хүмүүжлийг авч чадахгүй байна. Мэдээж  настайгаа шууд пропорцианаль. 

Заавал 40 хүрч байж ойлгодог юм байна. 25 тай хүнийг 45 тай хүн шиг бай гэж болохгүй,  боломж ч байхгүй. 25 тай хүн 16 тай юм шиг байгаад байж болохгүй. Энэ л юм. Хүн байхын тулд харилцааг сурах хэрэгтэй. Тэгтэл шууд товчлоод л албан тушаал, баян хүн, түрийвч гээд байхаар их хэцүү.

-Нөгөө талаар хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа ээж аав бас их асуудалтай. Нийгмээ дагаад хүүхдээ хүмүүжүүлэх болоод амьдралаа хайрлаж хамгаалах үнэлэмжгүй болсон санагддаг?

-Тийм бид нийгмээрээ гутранги юм руу их орчихсон. Социалист нийгэмд авах юм зөндөө  байгаа. Гэтэл тэр бүхнээ нэг л өдөр үгүйсгээд  л шууд үүргэвч үүрээд гарчихсан. Жишээ нь орос хэлийг шууд л үгүйсгэсэн. Тэгтэл 50-60 жил орос хэл дээр манай бүх нийгмийн амьдрал суурилсан байсан. Бүх дээд сургууль орос хэлтэй, бүх бэлтгэгдсэн эмч инженер, сансрын нисгэгч,  улс төрийн ажилтанууд нь хүртэл орос хэлтэй. Маш том бааз суурь байсныг нэг л өдөр халаад англи болгосчихсон. Энэ гэнэтийн  өөрчлөлт яг цагаа тулахаар их хортой. 

Мөн гэр бүлийн харилцаа, хүн хоорондын харилцаа хүртэл гэнэтхэн үгүйсгэгдээд буруу болоод өмнөх үед сайн байсан бүхэн муу болж, тэр үед муу байсан бүхэн нь сайн болоод хөл толгойгоо олохгүй л байгаад байна. Эцсийн дүндээ зах зээлийн систем хайр найргүй үйлчилж байж сая нэг горимондоо орох байх. Гэхдээ тэр хооронд хүн чанар, мөн чанар гэдэг юмнууд гээгдэж үлдчихээд байна. 

-Гээгдсэн бүхнийг эргүүлж авахын тулд урлагийнхан чухал үүрэгтэй. Тэрийг л  төр засаг ойлгож дэмжих хэрэгтэй, тийм үү?

-Урлаг соёл нийгэмд үйлчилдэг байгууллагууд, зохиолчид, сэтгүүлчид хүссэн хүсээгүй энэ өөрсдөө хүн чанар луу тэмүүлэх юм бол бүтээлүүд нь дагана. Тэрийг хэрэглэж байгаа хэрэглэгчид ч дагана. Тэгээд аажимдаа шинжлэх ухаан эрүүл мэнд гээд дагана. Одоо энэ бүхэн доголдчихоод байна. Энэ бүхэн цаг хугацааны  уртад илааршина. Гэхдээ заавал цаг алдах шаардлагагүй санагдана.

Хамгийн түрүүнд ямар ажил хийвэл зохих юм?

-Бид хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Шууд өөрчлөх боломжгүй ч нэг хэсэг нь хүүхэдтэй, нэг хэсэг нь залуучуудтай, нэг хэсэг нь хөгшчүүлтэй ажилладаг, гурвалсан холбоо залгамжлал байж хүн дагана. Манай монголчууд чинь аав ээжтэйгээ, мал ахуйгаа өөд татаад өвгөдийнхөө сургаалиа дагаж, өдөр бүр уул овоондоо сүүн цацлаа өргөдөг байсан. Энэ уламжлалт холбоог тастаад хаячихсан. Одоо бараг 15-16 тай хүүхэд ээж аавтайгаа  “Чи, Би” гэсэн харилцаанд хүрэх гээд байна. Ийм байж болохгүй. 

Нөгөө талаар нийгмийн сайн хүн бий болгоход миний хувьд эссэ бичих арга тохирно. Би бичгийн талаас нь бодож байна. Манайхан зохион бичлэг бичих гэж ярьдаг. Зохион бичлэг бол зохиогоод бичих юм. Эссэг харин бичээд байгаа мэт боловч өөрийгөө илэрхийлдэг аргачлал руу шилжиж байгаа юм. Өөрийгөө илэрхийлж сурсан хүн өрөөлийг хүндэлдэг. Өрөөлийг сонсдог.

Тэр хүн арифметикийн тоо боддог байх нь тусдаа асуудал. Тэр бол академик ухаан болно. Нийгэмд хүн өөрийгөө илэрхийлж, өрөөлийг сонсдог байх нь хамгийн анхны харилцааг бий болгож байдаг. Энэ бол жишээ. Миний Америкт анзаарсан юм нь хүүхдүүд дандаа л эссэ бичдэг. Тэнд л ээжийнхээ тухай, муурныхаа тухай, нарны тухай, ангийнхаа охинд юу гэж хэлмээр байгаагаа дэлгэрэнгүй бичиж байдаг. Тэгэхдээ тэр нь натурал, дотоод сэтгэл нь байдаг. 

Уран бүтээлийн хувьд ч дотоод сэтгэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Уг хүн маань өөрөө өргөн цар хүрээтэй сэтгэх хэрэгтэй. Бачуухан байвал бачуухан л юм гарна. Яг үнэндээ уран бүтээл тухайн уран бүтээлчийн дотроос л гардаг. Жишээ нь, бид нэг хотын тухай бичихэд эхний сэдвүүд маш амархан байдаг. Материал өргөн хүрээтэй олдоно. Сар сард 10 гээд явахаар бичих сэдэв нарийвчлагддаг. Тэр хот дотроос нь сонгож нэг байгууллагын тухай онцлон бичиж байна.

Үүнтэй адил уран бүтээлч бүтээлээ дотроосоо гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд бүтээл болж харагдана. Бүтээл, зохиол хоёрын аль нь илүү чанартай вэ. Нэг нь зохиодог, нөгөөх нь бүтээж байгаа юм.

Монголчуудын 98-99 хувь зөвхөн ашиг олохыг ярьж, харж байна

-Одоо бол фейсбүүкт групп нээгээд муу сурсан хүүхэд гэж зургийг оруулдаг болж?

-Технологи ашигласан ч арга барил нь хуучин хэвээрээ байж болохгүй. Гоц хүүхэд өөрөө ялгараад онц сураад, амьдраад л яваад өгдөг. Гэтэл нийт масс нийт сайн байж чаддаггүй. Бие биенээ шоолдог, жинхэнэ хүн биш авирыг сурдаг. Шоолуулсан хүүхэд нь гутардаг, гуньдаг, өөртөө итгэлгүй болдог. Том болоод архиддаг эсвэл цайрдаг. Би ямар гээд шийдчихдэг.

Тиймээс энэ хүмүүжлийн арга биш. Тэгэхээр хамгийн түрүүнд эрүүл саруул, сайн сэтгэлтэй, сайхан хүн бий болгох хэрэгтэй. Мэдээж тэр бичиг үсэг мэддэг л байж таарна. Мэдлэг олж авах, тоо бодох, эдийн засаг үздэг зэрэг нь аяндаа ялгараад явчихна. Тэр нь хамаагүй. Цаад талд нь үйлчлэгч хийсэн ч хүний төлөө хүмүүс бий болгох юм. Энэ ажилд кино урлаг чухал үүрэгтэй.

Эмч, багш, нийгмийн ажилтанууд жинхэнэ ажиллаж байх ёстой. Одоо манай Монголын ухамсарт хүний 98-99 хувь зөвхөн ашиг олохын төлөө л юмыг харж байна. Яавал ашиг олох вэ л гэж хараад байна. Удирдах түвшин ч, тэр доороо ч тэр. Нэг үеэ бодвол хулгай нь арай гайгүй болсон гэж хараад байна. 4 дугуйг нь мултлаад авчихдаг байсан нь гайгүй болж. Миний залууд угаагаад тавьчихсан хувцас аваад явчихдаг.  Хадаас, бахь ч байсан авчихдаг байлаа.  

-Хүн чанарыг ярихгүй энэ чигээрээ яваад байвал Монгол ирээдүйд яах бол?

-Монголд гэлтгүй дэлхийн хэмжээний асуудал. Шуналын боол болно. Гэхдээ шунал гээч юм хүнд байдаг. Тэрнийг гол нь хөгжөөгөөд байх шаардлагагүй, дутаах ч шаардлагагүй. Өлсөгөөд л байвал хүн өлөн л байгаад байна. Тэрэнтэй адил хүний шуналыг өдөөгөөд байх хэрэггүй. Түрүүний хэлдэгээр сайн сайхан хүн болж чадвал шуналаа өөрөө дарж чаддаг. Хүнд бүх зүйл 50/50 байдаг. Аль талаа хэр хөгжүүлнэ тэр хүн л харагддаг.

Монголын хувьд амьдралын түвшин жаахан дээшилчих л хэрэгтэй байна.  Монголчууд маш гэгээлэг хүмүүс.  Дандаа ах дүүсээ гэдэг. Маш сонин улс. Бусад зуу зуун жилээр зах зээл хөгжчихсөн  улс орнуудын нийгмийг бодвол манайх харьцангуй гайгүй. Энгийн нэг жишээ, Хэн нэг нь гайгүй ажил төрөлтэй, мөнгө төгрөгтэй болж амьдрал нь тэгшрээд ирвэл өнөө муу тэрийгээ, энийгээ ингэнэ тэгнэ гэж боддог.

 Яг тэрэнтэй адил монголын амьдрал сайжраад, бүх хүн ажилтай, цалин мөнгөтэй болоод авбал хүний сайхан сэтгэл нь хөгжөөд эхэлнэ. Тэгэхгүй бухимдал үүсээд юм нь хүрэхгүй, ажлаасаа халагдаад, сүүлийн үед намын харъяалал ярьдаг болж. Ийм  байхаар хүний хар бараан тал л хөгжөөд байдаг. Тэрийг л зөв болгох хэрэгтэй. Дандаа л дээшээ гээд байх хэрэггүй. Гэтэл бид доороо өөрсдөөөсөө л эхлэх боломжтой.

Хүмүүс хүүхдээ хүнээс дутаахгүй гэхээрээ үнэтэй чамин юм авч өгөөд тэрийг нь харсан өөр нэг хүүхэд бүр илүүг авах сэдлийг төрүүлдэг. Энэ нь хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү шунал гэдэг занг нь өдөөгөөд байх шиг?

-Эцэг эхчүүд өөрсдөө хүмүүжээгүй байгаагийн хэлбэр. Тэгээд л энэ брэндийн хийрхэлд орчихоод байгаа юм. Энэ нь тухайн улс орны, ялангуяа доороо алт эрдэнэстэй улс орныг оюун санааных нь хувьд тогтворгүй бужигнуулж байх нь бусад улс орнуудад ашигтай байдаг. Тэр юмыг нь хөдөлгөөд байдаг. Бид хааяа нэг сумын төвд очихоор хоёр нам болоод хуваагдчихсан нь  инээдтэй харагддаг. Тэрэн шиг гадаад орнуудын дэргэд манайх нэг сумын төв шиг л харагдаж байгаа.

Газар нутгийн хувьд өргөн уудам ч гэлээ хүн амын хувьд маш цөөн. 3хан сая. Тэрний сая гаруй нь хүүхэд, 700 гаад мянган хөгшчүүл, сая гаруйхан нь хоорондоо тэмцэлдээд л. Жишээ нь, Баянхонгорын Баянговь, Өмнөговьийн Тэс  зэрэг сумдаар очиход хоёр дэлгүүр, хоёр  гуанзтай. Эзэд нь хоёр намынх гээд хоорондоо хэрэлдсэн. Энэ дэлгүүрээрээ орно, үгүй үүгээр нь орохгүй гээд л инээдтэй харагддаг.  Суманд 2000 орчим л хүн байлаа гэхэд хэд нь хүүхэд, хэд нь ахмад настан байхав. Сонин харагдаад байдаг.

Гэтэл энд Путин гээд л том юм ярьдаг. Манайхан үнэн инээдтэй л харагдаж байгаа. Хамгийн гол нь хүмүүсийнх нь ухамсар өчүүхэн. Жаахан будаа хаячихад тагтаа шувуу бужигнадаг шиг тэнд жаахан цуу яриа гаргах, хийрхэл хаяхад л бужигнадаг. Ийм брэнд зэрэг өгөөш хоол том том гүрэнүүдэд байдаг. Тэгэхээр доороо эрдэнэстэй улсын хувьд бужигнуулж байх нь ашигтай. Доороос  юмыг нь авахад хялбар байна. Муу санаагаар бодох юм бол аав ээж нь эзгүй 5-6 хүүхэдтэй айлыг бужигнуулж байгаад гэрийнх нь юмыг аваад байгаа юм шиг.

Хамгийн гол нь бид бусдын олз болоод байна. Хоорондоо юу гэж нэрлэх нь хамаагүй.  Ардчилал, шинэчлэл гэнэ үү хамаагүй. Хүнд олз болоод өөрсдөө ядуу амьдраад байгаагаа сэхээрэхгүй байна. Солонгос улс хоёр хэсэг болж хуваагдчихаад байхад нэг нь дэлхийг айлгаж, нөгөө нь эдийн засгаараа томдоо ороод байна. Тэгэхээр бид жаахан ухамсартай баймаар байна. Монгол орны хувьд дэлхийн хөгжлийг дагаад явах юм бол гүйцэхгүй. Гүйцэх ч шаардлагагүй. Зөв голдиролдоо ч очихгүй. Бидэнд нэг боломж байгаа нь хөгжлийг амдах. Гэхдээ өөрийнхөө онцлогийг чирээд явж байх хэрэгтэй гэж бодогддог. 

-Жишээ нь?

-Бид заавал өндөр байшин барьж яах юм. Бид Нью Йоркийн хоёр өндрийг дуурайж байхаар хавтгайгаар нь барьчихья л даа. Бидэнд газар нутаг байхгүй гэх биш, онцлог ш дээ. Юмыг арай өөрөөр сэтгэхэд яагаад болохгүй гэж. Их газар орох гээд байгаа байж магад. Уртаар нь барьчих. Гэхдээ яг хэлснээр бай гээгүй. Юмыг тэгж л харвал болох юм.

Манай залуучууд Америкт очиж Холливудад орно гэвэл мөд бүтэхгүй. Харин тэрний оронд “Гадаадын кино номинаци”-аар амдаж очих боломж байгаа. Энийг л яриад байгаа юм. Бидний  гаргаж байгаа Woovoo сэтгүүл технологийн бизнес. Бид энийг анхнаас нь сураад, номоор нь явбал хэцүү ш дээ.

Харин бид бэлэн байгаа юмнуудыг ашиглаад зөвхөн хүнд хэрэгтэй юу байвал болох вэ гэдгийг бодож, амдаж байгаа хэрэг юм. Энэ л юмыг бид хиймээр байна. Тэрнээс биш Америк шиг болно гээд байж болохгүй. Америк шиг болно гэвэл 200 жил, Франц  шиг болно гэвэл 500 жил хэрэгтэй. Суурин иргэншил биднээс ондоо. Бид хүссэн хүсээгүй тэр замаар явах гээд байна.  Тэгэхээр нийгмийн ч юм уу бизнесийн шинжлэх ухаанаар яавал өөрт ашигтай байж болох вэ гэдгийг л салбар салбарын хүмүүс хармаар байна.  

-Та ер нь хэр романтик хүн бэ?

-Нас чинь өөрөө романтик байдлыг дардаг  юм байна. Жишээ нь, би хоолны цэс хараад амтыг нь мэдэрдэг. Романтик байхгүй болж байгаа гэсэн үг. Бараг л энэ хүн 40 орчим настай гээд хэлэхэд арьс нь үнэртэх шиг санагддаг.  Гэхдээ мэдээж тэгэхгүй нь тодорхой. Тэр хүний дотоод бодол энэ хавьцаа л болов уу гээд шууд юм сонсоод дэвэрдэг тэр сэтгэлгээ багасдаг юм байна.

Магадгүй би тийм сэтгэлээр юманд хандах юм бол зохимжгүй тэнэг харагдана. Гэтэл хүн төрөлхтөн ургаж байгаа цэцгийг тасдаад тэрэндээ баярладаг. Хонио хайрлаж өсгөсөнөө алаад идчихдэг. Хайртай хүнтэйгээ хэрэлддэг. Хүн төрөлхтөн өөрөө ийм сонин ш дээ. Түүнтэй адил насаа дагаад романтик байдал хэзээний л хувираад байдаг юм байна. Тэрийгээ хүн суралцаж байна, юмны учрыг олж байна гэж болддог. Тэгээд 60 хүртлээ сураад 61 тэй үхдэг гэдэг. Тэр бол цэвэр настай холбоотой. 

Гэхдээ надад романтик байх боломж байдаг. Тэр маань миний уран бүтээл. Хэрвээ би 25 тай залуу болох бол тэрэндээ маш сайн шингэж чадах юм бол ганцаараа хөөрцөглөөд тэнэгтэж өгнө. Тэрийг амьдарал дээрээ би гаргаж чадахгүй. 18 тай хошуугаа унжуулаад ярих охин шиг болж чадна. Гэхдээ амьдрал дээрээ тэгэх юм бол тэнэг харагдана. Гэхдээ миний насанд хөөрхөн юмнууд бас байж болно оо /инээв/.

-Уран бүтээлч хүн олон хүний амьдралаар амьдардаг азтай гэдэг?

-Тухайн нөхцөл байдалд шингэж байгаад нас насны хүн болж болдог. Тэгэхдээ л нэг л хүн зохиож байгаа тул тэр юмандаа л тохируулах гээд байдаг нэг аюултай. Тиймээс тухайн дүрийн ааш занг дагах нь зөв санагддаг. Кино зохиол ч адил. Миний ганц баримталдаг зарчим тэр. Зохиолын дүрүүд хэн байхаар байна. Дүрүүдээ дагах нь их гоё. Тэгж байж бүтээл жинхэнэ утгаараа гардаг.

Нэг салбарын хүмүүс хоорондоо хэрэлдээд байх нь муухай харагддаг

-Хүн ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж, өөр хүн болдог. Өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг юм бол?

-Ямар нэгэн юмны туйлд эцэстээ тулсан хүн л өөрчлөгдөөд байх шиг санагддаг юм. Энгийн жишээ. Архинаас гарсан хүмүүсийг би үнэхээр биширдэг. Тэд тагт нь тултал явсан байдаг. Би хар бараан юм ярьж байж магадгүй. Мэдээж эрдэм мэдлэг ярьвал өөр түвшний юм яригдана. Архинаас гарсан хүн маш тод мэдэгддэг. Авгайгаасаа салаад, гоо сайхан, эрүүл мэндээ алдаад туйлд нь хүрчихээд тэрнээсээ гараад өнгөтэй өөдтэй болдог. Тэр чинь супер. Хүн төрөлхтөний  түвшинд ирэх нь супер. Тэрнээс илүү болох  нь өөр хувь тавилан. Хүн л болчих юм бол бусад яахав. Ядуу байх нь хамаагүй. Ер нь хүн болчихвол ч ядуу байдаггүй юм л даа. Тэр чинь баян байдаг. Баян гэдэг мөнгө биш ш дээ.

үн болгон өөрийнхөө хийж байгаа ажилдаа эзэн болж явахад бүх юм сайхан болно?

-Тийм. Хажуудах хүмүүстэйгээ сайн сайхан байхад л болно. Тэгэхгүй хичнээн их юм чаддаг ч хувиа хичээгээд явах юм бол болохгүй. Нэгдүгээрт бие биенээ хүндлэх хэрэгтэй. Хүндэлж байна гээд архи уугаад явах биш. Хүний хувьд хүндлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нэг салбарт зүтгэж байгаа хүмүүс нэг нэгнээ хүндэтгэх хэрэгтэй.

Хэдий чинээ бие биенээ хүндэлнэ, төдий чинээ сайн сайхныг нь харах сэтгэл төрнө. Мэдээж өрсөлдөх хор шар атаа байж болно. Цагаан атаа ч гэдэг. Гэхдээ цагаан ч юм уу, хар ч юм уу мэдэгдэхгүй ш дээ. Атаа л бол атаа. Тэгсэн ч бие биенээ хүндэлж байгаасай гэж боддог. Саяхан  фейсбүүкээр нэг салбарын хүмүүс хоорондоо хэрэлдсэн асуудал гарлаа.  Сэтгүүлчид, зохиолчид хоорондоо хэрэлдлээ. Гоо сайхны ажил эрхэлж байгаа хүмүүс ч хоорондоо хэрэлдлээ.

Үнэндээ гэр бүлийн хоёр гадаа гараад хэрэлдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Хэн нь хэн бэ гэдгээ тодоор харуулж өгнө гэдэг муухай. Гэтэл бидэнд нэг онцлог байгаа. Нийгэм харж байдаг салбар. Нийгэм хүндэлж байдаг. Нийгэм хайрлах үедээ хайрладаг салбарын хүмүүс ил задгай байх нь муухай л харагдуулж байгаа юм.

Хүмүүс өөрийгөө хүндлэхгүй бол өөр хэн намайг хүндлэх вэ. Би л өөрийгөө тоохгүй бол хэн намайг тоох юм гээд ярьж хэлдэг. Тухайн хүн тэгж боддог байж болно. Хүн юу ч бодож болдог орчлон. Гэхдээ хувь заяа нь нийгмийн тод хүн болгоод тодруулчихсан байхад өөрийнхөөө хувийн бодлыг нийгмээр тараах нь тийм ч оновчтой алхам гэж хардаггүй. Сайн сайхан юмыг  дуртай, дургүй ч хэлэх хэрэгтэй. Тухайн хүний үүрэг болчихсон.  

-Аминчхан бачуу үзлийн нэг жишээ юм болов уу

-Өөрийгөө хэн болчихсон гэдгээ бодож байх хэрэгтэй. Жишээ нь, нийгмийн тодорхой хувь нь анзаардаг болчихсон хүн бол үг хэлээ бодож байх хэрэгтэй. Угаасаа хувь тавилан нь тэр. Энэ нь чи ч гэсэн хүн  шүү дээ гэдэг асуудал биш. Жишээ нь ерөнхийлөгчийн эрх чөлөө хязгааратай байх ётсой. Олны танил байлаа гэхэд тодорхой хэмжээнд хянаж байх хэрэгтэй.

Хувь заяа нь өөрийгөө хямгадаж байх ёстой гэсэн нийгэмд орчихоод байгаа юм. Олны өмнө байдаг нийгмийн анхааралд өртдөг хүмүүс сайн сайхан л харагдаад байвал  нийгмийг хүмүүжүүлдэг. Байгаа байдлаараа л хүмүүжүүлдэг. Алтан үеийн жүжигчид байна. Энэ нийгэмд тэдэнд ч гэсэн асуудал гарч л байгаа. Гэхдээ тэд хэзээ ч  хэцүү байна гэж ярьдаггүй. Тэр чинь сэтгэлийн том хат, хариуцлага нийгэмд хүлээсэн үүрэг нь. Гоц болж гарч  ирсэн хувь заяатайгаа эвлэрсэн тавилан гэдгийг ухаармаар байгаа юм.

Тэр хүний хувийн бодол гадагшаа цацагдах нь хязгаартай байх ёстой. Өөрөө тийм хувь заяа руу оччихсон учраас хүссэнээрээ хэлээд байж болохгүй.  Хичнээн тэр фейсбүүк нь өөрийнх нь боловч нийтэд тараагддаг. Өөртөө цоожлоод бичвэл өөрийнх нь орон зай. Нэгэнт гарчихсан бол тэр хүнийх биш болно шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж болно гэхдээ өөрийнхөө хувь заяаны  хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага.

Тэгтэл би тийм хүн биш, энэ муу гээд л цацаад байдаг. Би бөөрөнхий бай гэж хэлээгүй. Зүгээр л үлгэр жишээч л байгаач. Эх оронч гээд орилоод байх шаардлагагүй. Ямар хувь тавилангаар тэр хариуцлага дээр явж очсон гэдэг нь тусдаа асуудал. Би олон сайхан юмыг мөрөөдөж явдаг. Ер нь л өнгөтэй өөдтэйгээр харах дуртай. Манай монголчууд сайхан  болно. Маш сайхан болно. Хэзээ вэ гэдэг л байна.

П.Нарандэлгэр

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.