Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед та хэвлэлээс хол байна уу даа?
-Хэвлэлд ярилцлага өгөөд явах зав алга.
-Нийгэм, улс төрд болж буй үйл явцыг ажиглаад л байна уу? Засгийн газар шинээр бүрдлээ. Хэрхэн харж байна вэ?
-Тийм ээ. Бүгдийг л ажиглаж байна. Өнөөдөр өрнөж буй бүх зүйл маргаашийн сайн сайхны төлөө л хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй.
- Тэгэлгүй яахав. Гэгээлэг харж байна шүү.
-Гэгээлэг биш шүү дээ, энэ чинь. Цаашид нийгэм, эдийн засгийн амьдрал улам чангарна. Улам хүнд болно. Тийм учраас нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг эрс шинэчлэх тухай асуудлыг ярихгүй бол өнгө төдий зүйл хийгээд, яриад байвал улс орны хөгжил болоод ард түмний амьдрал огтхон ч өөрчлөгдөхгүй.
-Тэр шинэчлэлтийг яаж хийвэл зөв бэ? Өөрчлөлт шинэчлэлт гэхээсээ эдийн засгаа хүндрэлээс гаргая гэдэг л зүйлийг сүүлийн үед ихэд ярьж байна?
-Эдийн засгийн хүндрэлээсээ гарах гэж байгаа юм бол ингээд бүгдээрээ сайхан найрлаад л, баяр тэмдэглээд л байж байх уу.
-Нэг ёсондоо баяр ёслолд ач холбогдол өгөөд байна гэж хэлэх гээд байна уу даа?
-Тийм ээ. Ер нь долдугаар сарын 1-нээс эхлээд ес, аравдугаар сарын 1 хүртэл дэмий тэнэж, амарч байгаа нь үнэн биз дээ.Тэгээд дараа нь есөн сарын 1-нээс арваннэгэн сарын 1 хүртэл бас л хурим найр наадам гээд нийтээрээ ууж идэцгээдэг.
-Гэхдээ энэ завсарт ажил төрлөө хийж байгаа?
-200 мянган төрийн албан хаагч хагас дутуу цагаа бүртгүүлсэн болж, өдөржингөө компьютерийн ард зүгээр сууж та бидний татварын мөнгийг хумсалж идээд л байж байгаа шүү дээ. Өөр тэдэнд хийгээд байх юм юу байна. Тэгээд элдэв лиценз, тусгай зөвшөөрөл гэж шахалт шаардлага тавина. Мөн авлигал авах гэж комбинац зохион байгуулдаг бүлэглэлүүд. Ийм учраас би нийгэм, эдийн засгийн амьдралыг өөрчлөх тухай яриад байна. Төрийн албыг 50 хувь цомхтгох хэрэгтэй. Манайд 200 мянган төрийн албан хаагч байх шаардлагагүй. Улсын байгууллагуудыг хувьд шилжүүлэх нь зах зээлийн зарчим, капитализмд орох боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Аж ахуй нэгжийг хувьд өгснөөр өнөөдөр улс хохирсон юм байхгүй шүү дээ. Тухайлбал, үйлчилгээний салбаруудыг хувьд өгсөн үү өгсөн, тэглээ гээд юу хохирсон юм. Бид улсын эмнэлгүүдээ хувьд өгчихсөн байсан бол өнөөдөр эмнэлгийн байгууллага ямар их хүчтэй, чадвартай, өрсөлдөөнтэй хөгжчихсөн байх байсан бол...
Гэтэл улс авч явж байна гээд л Эрүүл мэндийн яам гэж нэг сайхан авлига авдаг байгууллага болгож хувирчихсан. Үйлчилгээ нь гэж тэнгэр тулсан үнэтэй, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг нь гурав дахин өндөр үнээр шахдаг, тэгж тэндээс нь мөнгө олдог ийм яам болгоод хаясан. Үнэнийг хэлэхэд тийм байгаа биз дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг эрс шинэчлэх болж байгаа юм. Улсын эмнэлгүүдээ хувийн хэвшил рүү яаралтай шилжүүлэх хэрэгтэй. Хувийн эмнэлгүүдээ улам дэмжмээр байна. Мөн нийтээрээ, ард түмнээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай. Ажилгүй, ажилтай байна гэдэг нь хувь хүний л асуудал. Мөнгөтэй хүн ажилгүй байж болно шүү дээ. Ажил хийхгүй ч гэсэн амьдралд нь болоод л байгаа л бол болж л байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг улсын нэгдсэн төсөв рүү оруулж болохгүй. Үүнд оронд бие даасан том сан байгуулаад, улмаар эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг болгох хэрэгтэй.
-Үүнд багагүй цаг хугацаа зарцуулна даа?
-Эхлээд хууль дүрэм, журмаа өөрчлөх хэрэгтэй. Мэдээж хэрэг их ч идсэн ч өмхий, бага ч идсэн ч өмхий гэдэг шиг нөгөө л ардын намаас Ерөнхий сайд тавьж байгаа юм болохоор бахь байдгаараа л байх байлгүй дээ. Ер нь бол томилсон сайд нарыг нь харахад байдаг л нэг хүмүүс. Тэр дотор эрс шинэчлэлт хийх хүн нэг ч алга.
-Тэднээс өөрчлөлт шинэчлэлтийг хүлээгээд ч хэрэггүй гэсэн үг үү?
Тийм ээ. Нөгөө л нэг маш оновчгүй сонголт байна лээ.
-Тэгвэл Эрдэнэбатын Засгийн газрыг сайжруулж чадсан болов уу?
--Чадаагүй байх аа. Тэд яаж ч чадах билээ дээ.
- Хүрэлсүхийн Засгийн газарт ард түмэн уг нь их л хүлээлт тавиад байгаа?
-Тэднээс юу хүлээсэн юм бэ. Төрийн албыг 50 хувь цомхтгохоос нааш нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд өөрчлөлт гарахгүй гэдгийг би шууд хэлье. Гэтэл ард түмэнд таалагдаж байна гээд үүнийг хийж чадахгүй л дээ, тэд. Дээд сургууль гэдэг, боловсролынхоо системийг бас өөрчлөх хэрэгтэй байна. Манай багш нар цалингаа нэмүүлэх тухай л яриад байх юм. Тэгвэл хэд хэчнээн хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, боловсролыг өөд нь татсан юм бэ. Тэр тайлангаа яагаад тавихгүй байгаа юм. Манай хүүхдүүд өндөр боловсролтой, хариуцлагатай, сайн хүн болж өсөж чадаж байна уу гэвэл үгүй. Зүгээр л АХА нэвтрүүлгийг харж байхад л боловсролын түвшин унасан юм байна аа гэж л би харсан. Ийм байтал багш нарын цалинг нэмэх шаардлага байна уу ер нь.
-Нэг ёсондоо багш нар цалиндаа тааруулж боловсрол олгож байна уу?
Мэдэхгүй. Эхлээд боловсролын чанарыг дээшлүүлэхээс нааш багш нарын цалинг нэмээд ч хэрэггүй. Сайн мэргэжил эзэмшүүл, тэгвэл цалинг нь нэмье тэгэх үү, зарчмын хувьд.
Уг нь яах ч аргагүй багш нар нийгмийн боловсон хүчнийг бэлтгэж буй чухал мэргэжлийн эзэд шүү?
-Тэгээд дэндүү хулхины боловсрол өгөөд байна шүү дээ. Ямар ч мэдлэг боловсролгүй. Хувийн нийгмийн ухааны сургуулиудыг үтэр түргэн Засгийн газар нь хаах хэрэгтэй байна. Яаралтай. Энэ чинь иргэдийг хууран мэхэлж байна, ямар ч мэдлэг боловсрол олгож байгаа юм алга. Хуурамч диплом олгодог, үндсэн багш нар гэж байхгүй. Цагийн багш нар энд тэнд болсон болоогүй юм зааж байна, ийм боловсролын тогтолцоо байх ёсгүй шүү дээ. Тийм учраас энэ бүх хувийн сургуулийг яаралтай хаа. Дээр нь аймаг, орон нутгийн дунд сургуулиудыг сүүлийн хоёр гурван жилд нь сурагчдад мэргэжил эзэмшүүлэх хэрэгтэй байна. Аймгийн төвд нь мэргэжил эзэмшүүлдэг хөдөлмөр кабинет бий болгож өгөх хэрэгтэй. Үүнд тийм их хөрөнгө мөнгө шаардлагагүй. Тийм бол хүүхдүүд сургуулиа төгсөөд, хэрвээ үнэхээр толгойтой, үнэхээр суръя гэж бодсон бол тэр өндөр оноог даван туулж, сургуульд ордог байх хэрэгтэй. Нэг мэргэжил дээр мянган хүүхэд өрсөлдөж ордог тогтолцоотой байх юм бол бид маш сайн, шилдгийн шилдэг боловсон хүчинтэй болно гэсэн үг. Элсэлтийн шалгалтын босго нь өндөр, төлбөртэй байх хэрэгтэй.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
nusgai kamerton geed baisn heveeree
Яг үнэнтөмсөг нь буугаагүй бацаанууд төрд ороод юу хииж байна хэрүүл ,хүчин л хиих шив дээ