Шинэ мэдээ

Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25

Д.Тэрбишдагва: Нэг намын 65 гишүүн байтугай, буу шагайцгааж явсан хоёр өөр систем эв зүйгээ олж болдог юм

/10-р сарын 10/  -  10 цаг 32 минут

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.

-Ерөнхий сайд үүрэгт ажилдаа томилогдчихлоо. Одоо засгаа хэрхэн байгуулах бол, хэзээ байгуулах вэ гэсэн асуултууд сонирхол татаж байна?

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.5-д “Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байгаа. Хуулийн хугацаанаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүнд, өвөлжилтийн бэлтгэл ажил, ирэх оны төсвийг хэлэлцэх, ОУВС-тай хийсэн гэрээ зэрэг тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээгээд шил дарж байна. Тиймээс улс эх орныхоо төлөө Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулахаас өөр замгүй. Алгуурлаж, назгайрах цаг алга.

-Ерөнхий сайд томилогдсоны дараагаас парламентад хоёр намын гурван бүлэг байна гэх яриа олон нийтийн дунд гарах боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Аль ч улс орны  парламентад асуудал хэлэлцэж байгаа үед үзэл бодлоороо талцах хуваагдах, таагүй үг шидэлцэх үзэгдлүүд байж л байдаг. УИХ-д олонхийг бүрдүүлсэн нам гээд асуудал бүртяралзтал гар өргөөд, толгой дохиод байж болохгүй. Тэгэхдээ тэрхүү маргаан, мэтгэлцээн, үзэл бодлын зөрөлдөөн бүхний эцэст харин хамтдаа зөв гарцыг олж ард түмэн нь хождог, улс орон нь хөгждөг байх нь чухал.

Ард түмэн биднийг АН шиг фракцалж, хөнжилдөө хөлөө жийлцэхгүй байх гэж найдан итгэл үзүүлэн олонх болгосон байхад ингэж талцаж байгаа нь туйлын харамсалтай санагддаг. Нөгөөтэйгүүр, парламентад олонтаа сонгогдсон улстөрчийн нүдээр харахад өнгөрсөн хугацаанд амин хувийн, бүлэг хэсэг хүмүүсийн өчүүхэн эрх ашгийн үүднээс нам дотроо хуваагдан талцаж, эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харах нь эцэстээ сайн үр дүнд хүргэдэггүйг бишгүйдээ л харж явлаа. Харамсалтай нь нэгэнт ийм процесс яваад эхэлчихлээ.

 Уг нь нам дотроо Засгийн газрын талаараа илэн далангүй ярилцан, олон ургалч үзлээр хандаж, саналын зөрүүтэй асуудлаар хамтарч ажиллан шийдэх, урагшгүй байгаа ажлыг нь сайжруулах, тааруу ажиллаж байгаа нөхдийг нэг бүрчлэн авч хэлэлцэх ёстой байсан юм. Гэтэл юу юугүй “унагаана, огцруулна” гээд л гарын үсэг цуглуулаад,  нэг намын гишүүдээ хооронд нь талцуулаад хуваагаад эхэлчих юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж өвөг дээдэс маань хэдийнээсээ сургаж ирсэн дээ. Намын эв нэгдэл, эе эвийн цаана нийтийн, хамтын, олонхийн, сонгогчдын, ард түмний эрх ашиг  байгааг мартаж болохгүй.  

Бид чинь нэг намын батлахтай,  нэг мөрийн хөтөлбөртэй, улс орноо хөгжүүлэх нэг зорилго, үүрэг хариуцлагатай, үзэл бодол нэгтэй гишүүд учраас ярилцаад, ойлголцоод явж болох байлаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Өнөөдөр та нар АН-тай нийлж, Ерөнхий сайдаа томиллоо” гэж хэлсэн. Энэ гашуун ч гэсэн үнэний ортой үг.

-Гэхдээ танай намын дотоод хямрал, талцал хуваагдал нэлээд эртнээс эхэлсэн юм шиг. С.Баярын Засгийн газрыг байгуулахад бас иймэрхүү талцал хуваагдал болж байсан санагдана?

 -2008 оны 7-р сарын 1-н бол Монголын түүхэнд хараар тэмдэглэгдсэн үйл явдал тохиосон өдөр. Энэхүү үйл явдлын дараагаас л Монголын улс төр “мордохын хазгай” гэгч болсон. Өөрөөр хэлбэл, “Сонгогчдын олонхийн дэмжлэг авсан улс төрийн хүчин нь засгийн эрхийг барина, цөөнх нь хяналтаа тавина” гэсэн эцэг хууль буюу Үндсэн хуулийн зарчмаас гажиж, стандарт бус Засгийн газар гэгчийг байгуулсан. Сонгуулийн ялалтын төлөө хөлөө чилтэл, гутлаа ханзартал гүйсэн мянга, мянган гишүүдийнхээ итгэл рүү ус цацсан. Дараа нь намын гишүүдээрээ хэлэлцүүлж, санаа оноог нь сонсчбайж асуудлыг ярилцах ёстой байтал хэдхэн гишүүдийн хүрээнд Тэрэлжийн тунхаглалаар МАХН гэдэг нэрээ сольж орхисон. Ийнхүү бодлогогүй алхам, удирдлагуудыг зөрчилдөөнөөс болж МАХН хоёр хуваагдсан.

Энэ цагаас засгийн газрын ажил ч урагшлахаа байж, ажил сайжруулах гэж үг хэлсэн нэгнээ хавчдаг, хэдхэн хүн асуудлыг шийдээд гишүүдэд тулгадаг байдал хэтийдэж эхэлсэн дээ. Ер нь л аливаа зарчмыг гажаад ирэхээр буруудахын шинж. Үүний зэрэгцээ ялалтын дараах албан тушаалын хуваарилалт, боловсон хүчний талаарх харалган бодлого, хэсэг нөхдийн увайгүй үйлдлүүдээс улбаалан нам дамжсан олигарх бүлэглэл цэцэглэн хөгжиж, энэ нь улмаар нам дотор  ан цав үүсэхэд их нөлөөлсөн.

Улс төрийн стандарт бус буруу энэхүү шийдвэр эцэстээ Үндсэн хуулийг зөрчсөн юм чинь бусад хуулийг ч зөрчиж болох юм байна гэсэн бөх зүрхтэнгүүдийг өөгшүүлж эхэлсэн. Улс орны хөгжлийн нэн чухал шийдвэрлэх асуудлуудыг хувийн, бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө болгон хувиргаж, аминч үзлээр асуудалд хандахад хүргэдэг болсон. Замбараагүй байдал гаарч, АН-ын засаглалын үед өөрсдөө Засгийн газраа унагаадаг байдал дээд цэгтээ хүрсэн. Сая Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явц үүнтэй тун ч төсөөтэй технологиор явах шиг боллоо. Энэ нь магадгүй нам дахь задралын эхлэл байхыг үгүйсгэхгүй. МАН  дахин задрахвий гэдэгт санаа зовж байна.  Нэг намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хоёр хэсэг болгон хувааж, улс төрийн увайгүй, дүрэмгүй тоглолтондулмаар бүгдийг нь татан оруулчихлаа. Засгийн газрыг унагаасан, эсэргүүцсэн бүлэг гэж хувааж, хэдэн хэсэг болгон талцуулахын цаана эцэстээ өнөө л нам дамжсан бүлэглэлийн ашиг сонирхол яваад байгаа нь санал хураалтаар харагдлаа.  Дахин хэлэхэд Засгийн газрыг огцруулах асуудлыг бүлэг дотроо, намын Бага хурал дээрээ эхэлж ярилцаад шийдэх атал гарын үсэг зурж гүйлдэж, нийгмийг хувааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлээд эхэлсэн. Энэ талцал, хуваагдлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй зарлаж, нэг нэгийгээ намнах хэрэгсэл болгон ашиглалаа. Ингээд ч зогсохгүй нийслэл дээр хүртэл хоёр хуваагдчихлаа. Энэ нь яагаад ч сайн зүйл авчрахгүй. Үүнээс гарах гарц бол улс төрийн увайгүй тоглоомыг гардан хийж байгаа хүмүүс сайн дураараа татгалзах хэрэгтэй. Улс орны эрх ашгийн төлөө гар гараа атгалцан, чөмгөө дундартал зүтгэх нь улстөрч бидний үүрэг хариуцлага шүү дээ. Байдал ийм байхад үүнийг ямар ч гоё үгээр хаацайлж, хамгаалах боломж үнэндээ алга. Цөвүүн цагт эвийг хичээж, цавыг гагнаж, үл ойлголцлыг зөөлрүүлэхийг эрхэмлэмээр байна.

Ж.Эрдэнэбатын танхим туйлдсан эдийн засгийг хүнд байдлаас гаргасан

-Тийм шүү, уг нь ард түмэн МАН улс төрийн тулахтай хүчин, тэр утгаараа засаг төрөө ч тогтвортой байлгана гэж найдсан?

-Үнэнийг хэлэхэд, ард түмэн МАН-д сонгуулиар 65 суудал өгсөн нь маш том итгэл хүлээлгэсний илрэл. Өнгөрсөн парламентад олонхийг бүрдүүлсэн АН-ын олон фракц бүлэглэл, талцал, нэгнээ татаж унагаасан, хэдэн биеэ ээлжилж хууль, хяналтын байгууллагад шалгуулсан зэрэг үйлдлүүд нь  ард түмэн манай намыг сонгоход хүргэн,  Засгийн газар, төр тогтвортой байлгах шаардлагатай гэж итгэснийх гэхийг үгүйсгэмгүй.

Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн 85 хувь нь нэг намаас байна гэдэг нь МАН-ын улс орны хөгжилд дорвитой үүрэг гүйцэтгээч гэсэн том итгэл байгаа юм. Цаашид ч их үүрэг гүйцэтгэх ёстой шүү гэсэн сануулга гэж би ойлгодог. Сонгогчид маань МАН-ыг энэ дөрвөн жилд улс орныг дорвитойхон хөгжүүлээд, ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх явах болов уу гэж итгэсэн хэрэг. Энэ их итгэл, найдварыг бид хэрхэн биелүүлж байна вэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаснаараа Монголын улс төрийн амьдрал өнөөх тамын тогооны үлгэрийг санагдуулам боллоо. Ажил хийж  байгаа хүн л сайн муу үг дуулдаг. Гэтэл  ажил хийж байгаа нэгнээ дэмжиж, түшээд алдааг нь засч сайжруулан, шахаад явах атал, шальтай шальгүй шалтгаар хөөцөлдөж байгаад унагааж орхисон нь харамсалтай. Үүний илрэл нь 1990 оноос хойш Засгийн газруудын дундаж насжилт 1.5 жил болж байгаа нь тун тогтворгүйг илтгэж байна. Ийм насжилттай Засгийн газар дэлхийд байдаг юм уу, ичмээр хэрэг биз дээ. Германы засаг төр байнга тогтвортой байж, төрийн залгамж чанар алдагдахгүй байгааг саяхан ХБНГУ-ын парламентын сонгуулиар Германы Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа сонгогдсноор илэрч байна.

-Та  Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гишүүдийн нэг.  Гэтэл Та Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан шүүмжилдэг гишүүдийн нэг бас байсан?

- Ард түмэн парламентад МАН-ыг олонхи болгож, 65 суудал өгсөн нь засаг төрөө тогтвортой байлгаж, төрөө түвшитгэжтүвшин амгалан амьдрахын тулд л энэхүү сонголтоо хийсний үр дүн. Дэлхийн улс гүрнүүд ч, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид ч МАН-ыг олонх болоход төрийн бодлого нь тогтвортой байж, байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь амжилттай урагшлах байх гэж итгэж найдаж байсан. Засгийн газартаа хяналт тавьж, шахаж шаардаж ажиллуулах нь хууль тогтоогч бидний л үүрэг. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд удаа дараа алдаа дутагдлыг нь хэлж зөвлөж, гарах гарцтай, шийдэлтэй нь асуудлыг танилцуулж, ярилцаж байсан. Гэхдээ Засгийн газар огцрох үндэслэл хэр бодитой байв аа. Өнгөрсөн жилийн хугацаанд Ж.Эрдэнэбатын танхим туйлдсан эдийн засгийг хүнд байдлаас гаргаж, ОУВС-тай гэрээ байгуулж, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар татварын орлого нэмэгдэж, төсвийн орлого давж биелэн, мөнгөний ханш  тогтворжиж, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд өсөн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн байлаа. Гэвч Засгийн газрын алдаа дутагдал бүрийг засч залаад явахын оронд гарын үсэг цуглуулан гүйлдсээр байгаад унагаачихлаа. Эв эеэ хичээн, “би,  би гэсэн амбиц” өвчнөө  дарах байсанд л харамсаад байгаа юм.

-Ингэхэд та  аль нэг фракц бүлэглэлд хамаарагддаг уу?

-Би фракц, бүлэглэлийг дэмждэггүй. Монгол гэсэн ганцхан фракцийн төлөө л ажиллах ёстой гэсэн байр суурь дээрээ одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Гуравхан сая монголчууд улс орны эрх ашиг гэсэн зүйл дээр зангидсан гар шиг санаа нэгдэн ажиллаж, Монгол Улсаа  хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, цөөхүүлээ байж фракц бүлэглэл болж талцан хуваагдаж, зааг ялгаа гаргаж, хана хэрэм босгох нь сайн үр дүнд хүргэхгүй. Үүний жишээг Монголын түүхээс бэлхнээ харж болно. Улс төрийн явуургүй үйл ажиллагаа, нам дамнасан бүлэглэл, олигархын эсрэг тэмцэл, офшорт нуусан хөрөнгө, хэсэг хүмүүсийн эрх ашгийн эсрэг явдаг хэнийг ч байсан дэмждэг. Түүнчлэн асуудлыг  хүчээр түрээд ажил хийж байгаа нэгийгээ, бяртай, чадалтайдаа эрдэн буланд шахаад, бурангүй хандаад байгаа хүмүүстэй эвлэрэхийг хүсдэггүй.  Нэгийгээ унасан дээр нь дэвслэх гээд байдаг занд би ясны дургүй. Монгол хүний уужим сэтгэл, төрийн хүний ноён нуруугаа барих ёстой. Тиймдээ ч буусан нэгнээ балбаад байгааг харж тэсэлгүй, цөөнхийн талд дуугарчих гээд байдаг юм, би. Ер нь Монгол хүн ялагдаж, дээрэлхүүлж байгааг нь түшдэг, өрөвч нинжин сэтгэлтэй хүмүүс дээ. Эрх мэдлээ ашиглан хэтэрхий их хүч гаргаж, ааглаж, бяралхах нь зөв алхам биш.

Сайдын ажлыг хэн дуртай нь хийчихдэг юм биш

-Та чуулганы хуралдаанд “Зоригтой Ерөнхий сайд маань зориггүй хариуллаа” гэж шүүмжилсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчирхэг Засгийн газар байгуулна гээд байгаа. Хүчирхэг гэдэг нь парламентаас бүх сайд нараа томилох гэж ойлгосон. Энэ нь хэр зөв бэ?

-Зоригтой Ерөнхий сайд зориггүй хариулт хэллээ гэдэг нь би асуусан асуултдаа тодорхой хариулт авч чадаагүй учраас тэгэж хэлсэн. Өмнө нь нэг бус удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Засаг огцруулах гарцаагүй шаардлага хэлээд, эдийн засгаа сайжруулах ажил хэрэгч төлөвлөгөөтэй хүн байвал дэмжинэ” гэж хэлж байсан. Ерөнхий сайд болно гэж шийдсэн л бол хийх ажлаа төлөвлөчихсөн хүрэх цэгээ тодорхойлсон, түүндээ итгэл үнэмшилтэй зоригтой, шийдэмгий байх ёстой.

Тэр утгаар УИХ-ын чуулган дээр Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн асуудлаас монголчуудаа ажилтай орлоготой, хосолмол сургалтаар мэргэжилтэй болгох гээд хүн рүүгээ чиглэсэн тодорхой гарц гаргалгаатай хариулт нэхсэн хэрэг. Тухайлбал, миний хувьд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг боловсруулж байгаа. Уул уурхайн том ордоо эргэлтэд оруулахын зэрэгцээ монгол хүнээ дэлхийн түвшинд “эргэлтэд” оруулах тийм чадамжтай болгох хэрэгтэй байна. Бид 18-25 насны залуучуудыг нэг жил эх орондоо хэлний бэлтгэл хийлгэж, өндөр хөгжилтэй орнуудад 3-5 жилийн хугацаатай явуулан, дээд зэрэглэлийн, олон улсын түвшинд хүрсэн  мэргэжилтэй ажилчин, ажилтан, улмаар жижиг дунд үйлдвэрүүдийн ирээдүйн эздийг бий  болгохын тулд 50000 хүртэл залуусыг хамарсан 10-15 жилийн хугацаатай алсын хараатай төрийн нэгдсэн бодлого бий болгож ажиллах нэн шаардлагатай байна. Дэлхийн зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд  хүнээ бэлтгэж, эргээд залуучууд нь хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэж, хосолмол сургалтын үр дүнд нарийн мэргэжлийн жинхэнэ сайн мэргэжилтэн болж улс эх орондоо ажиллаж, ихийг бүтээх боломж бололцоог нь гаргамаар байгаа юм.

Харин Засгийн газрын тухайд ажлаа сайн мэддэг, туршлагатай, оюунлаг, хариуцлагатай, манлайлагч, авлига хээл хахуулаас ангид, улс, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах тийм л хүмүүсийг засаг төрийн бүх шатны ажилд томилоосой гэж бодож байна.

Сайдын ажлыг хэн дуртай нь хийчихдэг юм биш. Энэ маш том хариуцлага, үүргийн асуудал. Монгол Улсын эдийн засаг хүнд, хөгжлийн хурд сааруу энэ цаг үед яамдууд манлайлан улс орноороо хөгжлийн төлөө оюунаа  уралдуулж, ажилсаг шоргоолж шиг зүтгэж, хааяагүй ажил буцалж, ундардаг  баймаар байгаа юм.Тэгэж л ажиллахгүй бол бид тулгамдсан асуудлаа шийдэж эс хүчирнэ. Хөгжил, дэвшил ч ирэхгүй.Хахир хүйтэн жавар хаалга тогшиж утаа, өвс тэжээл, халаалт, цахилгааны хангамж гээд цаг үеийн асуудлууд босч ирлээ. Ажлын ихээс айдаггүй, албан тушаалыг үүрэг, хариуцлага гэж харан ажилладаг тийм хүнээ л сонгох хэрэгтэй. Түүнээс биш албан тушаалыг амин хувийн амьдралаа дээшлүүлэх эх үүсвэр, мөнгөний орд, эрх ямба, сүр хүчний хэрэгсэл гэж харан хоёр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүсийг сайдаар тавибал ажил явахгүй.

-Ажлаа сайн хийж байвал дан, давхар дээлтэй байх нь чухал биш гэсэн үг үү?

-Тийм. Ажлаа мэддэг, чаддаг, хийдэг хүн л  чухал. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ахмад дунд үеийн ланжгарууд гэж байдаг даа. Давхар дээлэндээ түүртдэггүй хүн байхад, дан дээлэндээорооцолдоод, хормойгоо өшиглөөд явдаг хүн ч байна. Төрийн өндөр албыг сайн хашиж чадах оюунлаг эрдэмтэн судлаачид, эдийн засагч, хуульчид төр нийгмийн зүтгэлтнүүд байна шүү дээ. Их хурлын гишүүн биш, асар их туршлагатай амьд түүх болсон ахмад, дунд үеийнхнээ сайдаар тавибалтэд салбараа хөтлөөд л явчихна. Энэ бол Ерөнхий сайдын өөрийнх нь шийдэх асуудал ч гэлээ намын бүлэг, гишүүдийнхээ санал бодлыг сонссоны үндсэн дээр шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Ерөнхий сайд шийднэ гэдэг нэрийн дор өөрийгөө дагаж гүйсэн долдойчууд, албан тушаалыг мөнгөөр хэмжигчид, туршлага, боловсрол тааруу нөхдөөр танхимаа бүрдүүлбэл  ажил явахгүй.

-Ингэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлэг дээрээ мэдээлэл өгсөн үү. Ганцхан АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гэж шүүмжлүүлээд байна?

- Өөрийн намын бүлэг дээр мэдээлэл хийгээгүй мөртлөө АН-ын бүлгийн хуралдаанд орж мэдээлэл хийж, санал солилцсоныг нь зарим гишүүд зарчмын шүүмжлэл гаргасныг үндэслэн МАН-ын бүлэг хуралдсан. Энэ дагуу МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч  мэдээлэл хийж, санал солилцсон.

Замбараагүй байдлаас нам дамжсан олигархууд, дэлхий дамжсан эдийн засгийн алуурчид хождог

-Та Засгийн газарт орж ажиллах уу. Танд санал тавьсан явдал байгаа болов уу?

-Би ямар нэгэн сайдын суудалд очих юмсан, сайд болмоор байна гэж хэзээ ч гүйж үзээгүй. Одоо ч хэлэхгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцаж, хашиж ирсэн олон улсын байгууллага, дипломат алба, дэд сайдаас Шадар сайд гээд төрийн алба, түшээгийн ажилдаа үргэлж үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Албан тушаалыг үүрэг хариуцлага гэж ойлгодог. Ингэж ажиллавал  илүү үр дүнд хүрнэ. Засгийн газарт сонгогдож ажиллана гэдэг нь тухайн хүний хүслээр болдог зүйл биш харин хамт олны саналын үндсэн дээр шийдэгддэг асуудал.

-Ард түмэн шинээр сонгогдсон гишүүдийг их шүүмжилж байна. Намын нэрээр энэ сэнтийд заларчихаад Засгийн газраа огцрууллаа гэж эгдүүцэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдчихоод байхад МАН чимээгүй байсаар л байна. Энэ намд хариуцлагын тогтолцоо алга гэж дургүйцэж байна?

-Нэг ангид тохой залган суудаг эрчүүд сонин хэвлэлээр нэр цохоод муулаад явах нь зохимжтой биш. Үгийг эзэнд нь гэдэг дээ, монголчууд. Гишүүдийг ард түмэн сонгодог. Тэгэхээр анхнаасаа хэнийг сонгох вэ гэдэгтээ долоо хэмжиж нэг огтолдог зарчмаар хандмаар байгаа юм. Гурван сая иргэдийнхээ,  түмэн олныхоо саналаар итгэл хүлээн сонгогдсон л бол төрийн түшээ хүн итгэл хүлээн ажиллах учиртай. Шинэ хуучин гэлгүй бүх гишүүд ард түмний итгэл хайрыг дааж явах учиртай.

Оюунлаг, чадварлаг, элдэв яриа хөөрөөнд ордоггүй хүмүүсээс гуравдахдөрөвдэх хүчин гарч ирэхийг үгүйсгэж болохгүй. Одоо бол намуудад ард түмэн ээлжилж муу тавиад л явж байна. Ард түмнийг уйдуулаад байвал ард түмэн өөр хүчин сонгодог жамтай.

-АН-ыг шат шатны сонгуульд ялагдал хүлээхэд нам доторх фракц бүлэглэл их нөлөөлсөн. Гэтэл АН-ын энэ алдааг одоо МАН-ынхан давтаж байна. Одоо МАН-ын хоёр хуваагдчихлаа. Буцаж эвлэрэх орон зай байна уу?

-Хамгийн гол нь хоорондоо ярьж зөвшилцөх ёстой. Бид ямар дайснууд биш. 1960-аад оны  үед дэлхийн улс гүрнүүд  империалист, коммунист гэсэн нэрийн дор хоёр хуваагдан хүйтэн дайныг эхлүүлэхээр зэхэж байсан. Цөмийн дайн эхэлж, бие бие рүүгээ пуужин харвахад бэлэн болсон тэр цаг үед хоёр системийн удирдлагууд уулзан зөвшилцөж, харилцан ойлголцсоны үндсэн дээр эвлэрлийн үүдийг нээж байсан.

Үүнтэй адил Герман улс социалист, капиталист хоёр лагерт хуваагдан, улс төрийн хатуу хана хэрмийг босгон, нэг үндэстэн ах дүүс өөр хоорондоо буу шагайлцахаас буцахгүй тийм үе байсан. Гэвч 28 жилийн дараа тэд эвлэлдэн нэгдэж, нэгдмэл улсаа дахин байгуулж, заагласан хана хэрмээ нурааж чадсан. Манайх 1990 оноос хойш ардчилсан улс болсон атлаа  намаараа талцан хуваагдаж, одоо бүр нам дотроо эв эеэ сахилгүй байх нь хэр зөв үзэгдэл болох бэ. Тиймээс нам дотроо асуудлаа ярилцан уулзаж, учраад эвлэрэх байх гэж бодож байна. Эвлэрүүлэхийн төлөө чадах ядахаараа дэмжиж ажиллана. Ард түмэн сайн ажилла гээд суудал өгч байхад албан тушаалын төлөө, хардлага сэрдлэгээрээ бие биеийгээ гүжирдэх увайгүй үйлдлээсээ болоод ийм байдалд хүрч байгаад туйлын харамсч байна. Улс төрд олон жил чанагдаж явсных аливаа асуудлыг зөв чиглэлд хандуулах нь бидний үүрэг.

Зааг ялгаа гаргаад “Би”-гээр өвчлөөд эхэлвэл болдоггүй юм. Ер нь асуудал хүндэрвэл “Би”-гийн өвчтэй хүмүүс их гарч ирдэг юм. Аль болохоор ухаалаг шийд гаргахын төлөө бид ажиллах ёстой.

Ардчилсан улс гэж ярих дуртай хэрнээ анархист улс болчихлоо

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь 60 тэрбумын бичлэг байлаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлж байсан уу?

-Түүнийг хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой. Тиймээс хууль хяналтынхан үнэн мөнийг нь тогтоож, ард түмэнд хариулт хэлэх ёстой. Албан тушаалын мөнгөөр үнэлнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэрвээ 60 тэрбумын бичлэг үнэн бол ярьсан оролцсон бүх хүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хэн нэгнээр хариуцлага тооцуулахыг хүлээх цаг биш. 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүн нэг бүр Нийслэлийн засаг даргын орлогч асан Ц.Сандуй шиг ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолгохоор шалгуулах хэрэгтэй. Хариуцлага ярих цаг аль хэдийнээ болжээ. Дахин хэлэхэд 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүн бүхэн өөрөөсөө эхэлж хариуцлага тооцон сайн дураараа ажлаа өгч, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнөө цэвэрлэхгүй бол энэ асуудал МАН-ын нэр хүндийг ард түмний дунд унагаж гүйцлээ. Сонгуульд ялагдал хүлээсний учир шалтгаан ч албан тушаалын арилжаа наймаа, 60 тэрбумын асуудалтай холбоотой.  Хэдхэн хүний болчимгүй явдал намыг бүхэлд нь хөөдөж, гай тарьж байгааг ойлгож ухаарах хэрэгтэй. Намын удирдлагууд, сонгууль удирдаж ажилласан, пиар менежментийг хийсэн хүмүүс  хариуцлага  хүлээх  шаардлагатай шүү дээ.

-Бие биенээ тагнаж чагнадаг асуудлууд ихээр яригддаг боллоо. Нам дамжсан олигархуудын талаар ч ялгаагүй.   Та энэ талаар ямар бодолтой байна вэ

-Тагнаж чагнах ажил хэрээс хэтэрсэн гэдгийн нэг жишээ нь саяхан  яригдаад байсан асуудлыг шалгаж, үнэн зөвөөр нь ард түмэнд хүргэх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүд өрөөндөө шивнэж ярьдаг байлаа. Аль ч нам нь хамаагүй уулзахаараа л шивнэж ярьдаг тийм л хэцүү байсан. Гэтэл одоо ахиад шивнэж ярих үе ирчихээд байх шиг байна. Энэ 1937 он биш шүү дээ. Ардчилсан улс гэж ярих дуртай хэрнээ анархист улс болчихлоо. Нэгнээ тагнаж чагнаж, өөрсдөө байгуулсан Засгийн газраа өөрсдөө татаж унагаагаад байх нь зөв үү. Ард түмнээ бодохгүй байгаа нь ардчилал уу. Дүр эсгэсэн ардчилал нь ч юм уу. Дэлхийн жинхэнэ ардчилсан улс орнуудтай харьцуулбал манайх шиг ийм замбараагүй, ардчилсан нэртэй улс хаана ч байхгүй. Ардчиллыг ашиглаж анархизм бий болгож, албан тушаал замбараагүй байдал авчирч байна. Замбараагүй байдлаас нам дамжсан олигархууд, дэлхий дамжсан эдийн засгийн алуурчид хождог.  “Ядуу буурай, хүн ам бага жижиг орнуудад ардчиллыг өг. Тэдэнд хөгжиж буй гэсэн цол гуншинг зүүлгэ. Тэдэнд өөрсдийгөө мөхөж байгааг мэдэхгүй болтол нь хүний эрхийг эдлүүлж, юу дуртайг нь хийлгүүл. Либертари либерал үзэл суртлуудыг бага залуу, өсвөр насны хүүхдүүдэд нь зааж бэлтгэ. Дараачийн улс төрийн тогтолцоог залгамжлах үе ирэхэд нь  өөрсдийнх нь үр сад улс орноо бидний заасан аргачлалаар мөхөөх болно. Тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэлийг бий болго. Тэд яг л хавхан дээрх бяслаганад дурлах хулгана мэт хошуурцгаах болно...” гэж АНУ-ын Тагнуулын  төв газрын дарга асан Аллен Вельс Дуллес хэлсэн байдаг. Баялагтай улс орноор тоглодог жишээ манай улсад давтагдаад байна. Энэ замбараагүй баяжилт, улс орноо худалдаж байгаа, улс эх орныхоо баялгийг идэж ууж байгааг юу гэж ойлгох вэ. Өмч хувьчлалаар баяжчихсан, бүтээн байгуулж байсан зүйлээ өөрсдөө хувьчилж аваад,  тэр мөнгөөрөө улс төр хийж төрд гараад ирчихсэн хүмүүс олон байна. Замбараагүй их уул уурхай, газар сэндийчсэнээс болж энэ зун ямар хахир болов. Байгаль дэлхий хүртэл хариугаа авч байна.

 -Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индрээс “Би үхэхээс айхгүй байна гэж хэлсэн”.  Ард түмний мэдэхгүй ийм том дайсагналцал улстөрчдийн дунд болоод байгаа юм биш биз дээ?

- Төрийн тусгай хамгаалттай Ерөнхий сайдын амь насанд хүрэхээр, айдас төрүүлэх асуудал одоо байхгүй гэж бодож байна. Харин эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан, эх орончид хэдэн арван мянгаараа үе үеийн түүхэнд бий. Монгол Улсын иргэн бүр эх орныхоо эрх ашгийн төлөө, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө биеэ хайрлалгүй ажиллах ирмүүн тэмүүлэлтэй байх ёстой. Энэ утгаар л Ерөнхий сайдыг ийм үг хэлсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрын тэргүүн улс орноо хөгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой, ард түмэн ч үүнийг хүлээж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.