Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч зөвлөхүүдийн багаа бүрдүүлж эхэлжээ. Хамгийн түрүүнд түүний сонголтод өртсөн хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр улстөрийн болон ахлах зөвлөхийн албанд томилогдоод байна. Улстөрийн хийгээд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж, АН-ын нэр хүндийг өргөсөн олон бүтээн байгуулалтын авторын хувьд түүний туршлага мэдлэг Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг тулах цэг байх нь гарцаагүй. Тэгээд ч нэг засгийн газар хамтран ажиллаж, бас Ерөнхийлөгчийн сонгуулийн буухианд хамтдаа өрсөлдөж байсан болохоор энэ хоёр эрхмийн хувьд гар сэтгэл нийлж ажиллах бүрэн боломжтой.
Өөр нэг зөвлөхийн сураг гараад байгаа нь УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Р.Бурмаа. Тэрбээр Ерөнх ийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөхөөр ажиллах юм байна. Р.Бурмаагийн хувьд МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн ойрын хүмүүсийн нэг. Тэр Сонгогчдын боловсрол төвийн тэргүүнээр олон жил ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл иргэний нийгмийн чиглэлээр ажилласан туршлагыг нь харгалзан үзсэн бололтой. Түрүүчээсээ эхлэн дуулдаж байгаа зөвлөхүүдийн дунд яруу найрагч Ц.Хулангийн нэр бас үе үе хавчуулагдан яригдаж байна. Гэхдээ энэ тийм ч баттай мэдээ биш. Ц.Хулангийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг идэвхтэй дэмжиж ажилласан болхоор иргэдийн зүгээс түүнийг эчнээгээр зөвлөхийн албанд “томилоод” байж мэдэх юм.
Ерөнхийлөгчийн маш чухал гэж тодотгож болох хуулийн болон гадаад бодлогын зөвлөхүүд хэн байх нь одоогоор тодорхойгүй байна. Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр түлхүү дуулдаж байгаа. Ц.Сүхбаатарын хувьд мэргэжлийн дипломатич, мэргэжлээрээ олон жил дагнан ажиллаж, гадаадын хэд хэдэн оронд Монгол улсаа төлөөлөн ажиллаж байсан бэлээхэн туршлага дадлагатай гэдгээрээ илүү оноо авах магадлал өндөр.
Харин хуулийн бодлогын зөвлөхөд одоо хүртэл хэн нэгний нэр дуулдаагүй байна. Ерөнхийлөгч бол хууль санаачлах эрх бүхий субъектийн хувьд хуулийн зөвлөх нь сайн хуульч төдийгүй УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулах ур чадвартай нэгэн байх учиртай.
Ерөнхийлөгчийн зөвлөхийн багт шинээр дуулдаж байгаа нэг нэр бий. Тэр бол Ө.Шижир гэх залуу. Тэрбээр эдүгээ Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргар ажилладаг гэх мэдэлэл байна.
Ө.Шижир нь Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж.
Ерөнхийлөгчийн ажлын албанд зөвлөхүүд чухал байр суурь, үүрэг рольтой. Ойрын үед зөвлөхүүд томилогдож ажилдаа орох бололтой.
П.Булган