Бусдыг хүндлэх хүндлэл гэдэг зүйлийг хүн өөрийгөө хэн болохоо мэдсэнээр өөрт бий болгож чаддаг. Энэ нь хэзээ ч хүчээр авч болдоггүй зүйл юм. "Хэн нэгэн намайг хүндэлсэнгүй. Би хэн болохоо үзүүлээд өгнө" гэдэг бодол өөрийгөө хэн болохоо мэдэхгүй байгаагаас болж бусдын хэн болохыг бас мэдэхгүй болсноос үүсдэг. Хүн бусдын хэн болохыг өөрийн бодлоор бий болгоод энэ өөрийн бодлоор бусдыг төсөөлж харьцах үед хүндлэл биш харин доромжлол үүсдэг. Жишээ нь хэн нэгэн хүнийг "хужаа" гэж хэлэх үед энэ үгэндээ хүн өөрөө итгэдэг. Мэдээж энэ үг доромжлолын муу энергитэй үг учраас бид энэ үгний энергийн хэлбэлзэлд татагдан уруудаж оюун бодол бүхэлдээ энэ энергийн төвшинд ордог байна. Хэн нэгэн хүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрөөгүй бол доромжлол хүлээн авна гэдэг энэ бодол бол хүн өөрийгөө өөрийн төрсөн улс орноороо орлуулан андуурсных байдаг. Хүн энэ андуурал бодлоо өөрөө ойлгож тодорхой хэмжээнд барьж чадахгүй болсон үед улс хоорондын дунд дайн амархан гардаг гэдгийг Европын орнууд бусад орнуудад сайтар ухааруулж чадсан. Хүн бусдыг өөрийн бодлоор төлөөлөх нь өөрийгөө бас нэг бодлоор төлөөлснийх юм. Энэ бодол нь ихэвчлэн "Тэр намайг муулж ярьдаг", "Энэ хүн надад худал хэлдэг", "Тэд намайг доромжилсон" гэж агуулгатай байдаг ч ерөнхийдөө "Би бол хохирогч" гэсэн утга агуулдаг байна. Хүн өөрийгөө хохирогчийн дүрд ингэж оруулах нь бусдыг хэн болох тухай үнэнд сайн нийцдэггүй. Хохирогчийн дүр буюу өөрийн бодолд өөрөө итгэсэн үед хүн хүний хоорондын харьцаа дайсагнал доромжлолын энергийн төвшинд амархан ордог. Үүний оронд хүнтэй харилцах үедээ өөрийн хохирогчийн тухай бодолд анхаарлаа өгөлгүй харин тэр хүнд бүрэн анхаарлаа өгөх хэрэгтэй. Энэ үед тэр хүн юу хэлж байгааг бодож үзээд хариу хэлэх биш харин өөрийн анхаарлаа тэр хүнд бүрэн хандуулж ярьж дууссан үед нь өөрөөс тань ямар хариу гарахыг хүлээх хэрэгтэй. Хэрвээ та анхаарлаа өөрийн бодолд хандуулаагүй харин хэлж байгаа зүйлийг өөрийн анхааралд бүрэн байлгаж чадсан бол танаас хамгийн зөв хариу гардаг. Учир нь анхаарал бодол хоёр өөр өөр зүйл юм. Анхаарал нь та өөрөө ба таны бодол харин таны хохирогчийн дүр юм. Хохирогчийн дүр анхаарлыг тань авсан бол хүний яриаг дуусгалгүй дундуур нь орж зогсоодог. Харин анхаарал тань тэр хүн дээр байсан бол тэр хүн юу ярьж байсан хамаагүй яриаг нь дуусгаж чаддаг байна. Хохирогчийн дүр нь анхаарлыг авсан үед тэр хүний ярианаас ямар доромжлол гарах нь вэ гэж хянаж байдаг учраас энэ нь тухайн хүний юу ярьж байгааг мэдэх чадваргүй болгодог. Хүн өөрийгөө хохирогчийн дүр бодолд итгэж андуурсан байна уу гэдгээ сайн мэдэж хүнтэй харьцахгүй бол энэ бодол хүнд хохирол учирч байна гэж амархан итгүүлж чаддаг учраас оюун бодол өөрийн бие хохирч байна гэж андууран сэтгэлийн өвдөлт үүсгэдэг. Ийм байдалд орсон хүнээс хохирогчийн дүрийг амархан харж болно. Тэд өвдөлтөөсөө болоод уурлан харилцаж байгаа хүнээ нэг ч үг хэлүүлэхгүй дайрч доромжлон чанга чангаар хашхирдаг. Энэ нь бидний ярьж байгаа тэр хохирогчийн дүр бодол ил гарч байгааг харуулж байгаа бөгөөд энэ бодлын энерги тэр хүний биеэр хэлбэржин гарч байгаа нь ямар муу энергитэй болохыг бас харуулдаг. Хэнд ч энэ хохирогчийн дүр бодол байдаг боловч хамгийн гол нь хүн өөрийн энэ бодолд итгэхгүй мөн энэ бодлоор өөрийгөө төлөөлөхгүй байж сурах нь чухал. Ингэж сурах нь эхэндээ төвөгтэй мэт санагддаг боловч өөрийгөө өөрийн бодол биш гэж итгэх үед анхаарал аяндаа бодлоос салж тэр хүний ярианд шилждэг. Хүний яриаг бүрэн сонсох нь тэр хүнд хүндлэл өгч байгаа хамгийн дээд хэлбэр юм. Учир нь гэвэл энэ нь өөрт ямар нэг хохирогчийн дүр байхгүй гэдгийг нөгөө хүндээ нээлттэй харуулж байгаа хэлбэр бөгөөд энэ нь харилцаж байгаа хүндээ ярих зүйлээ цэгцлэх цаг болон орон зай өгдөг. Өөрийгөө өөрийн бодол биш харин анхаарал юм гэж мэдсэнээр бусдыг бас ямар нэг бодол биш юм гэж хүн ойлгож чаддаг. Үүнийг хүнийг хүнийх нь хувьд хүндлэх хүндлэл гэдэг ба энэ зүйлийг ойлгосон үед хүн хүнээс хүндлэл авахын тулд өөртөө эхлээд хүндлэл өгөх хэрэгтэй гэдгийг хүн бас ойлгодог.
Батболд Дашзэвэг