Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Адал явдлаар дүүрэн зургаан өдөр, таван шөнийн аялал

/5-р сарын 1/  -  11 цаг 02 минут

Аялалын том групп баруун таван аймгийг зургаан өдөр, таван шөнийн дотор тойрч улсын нийслэл Улаанбаатартаа ирлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 24-30 хүртэл нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй долоон цуваа жийп 4000 гаруй км замыг амжилттай туулж аялав. Эв найртай, эрэмбэ цэгцтэй, эко амьдралтай, дуу хууртай, дурсамж дурьтгалтай, инээд хөөртөй, хөгжүүн адал явдалтай сайхан аялал байлаа. Зургаан хоногийн дотор нийт 12 аймгийн нутгаар дайран өнгөрчээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас, Эрчим хүчний яам, МБОИЗ-ийнхөн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хамт олон, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлүүд Баруун бүсийн усны ай сав газар болон усны барилга байгууламжтай танилцах, үйл ажиллагаа явуулж байгаа Гуулингийн усан цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станцуудтай танилцах сургалтыг хийсэн юм. Мөн Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж байгаа Шүрэнгийн усан цахилгаан станцийн талаар аялагчдад тоймтой тодорхой мэдээлэл өгч, санал бодлыг нь сонссон юм.

Дээрх усан цахилгаан станцуудтай танилцаж, мэргэжлийн хүмүүсээс үйл ажиллагааных нь талаар сонсч, өөрсдийнхөө нүдээр харахад байгаль экологид халтай халгаатай зүйл харагдсангүй, харин ч ээлтэй, үйл ажиллагаа нь хэвийн, үр өгөөжтэй явж байна. Аймаг болоод сумуудыг тог цахилгаанаар хангаж байгаа учраас элдэв асуудал, эрсдэл гэж байхгүй гэдгийг албаныхан онцолсон юм.

Хамгийн гол нь баг бүрдүүлж аялал хийгээд олон хоногоор явахаар хэн нь хэн бэ гэдгээ маш сайн мэдэж таньдаг юм байна. Хол замд амь, санаа нэгтэй явна гэдэг үнэхээр сайхан юм. Бүр онцлоход жолооч нар амь нэгтэй. Нэгнийх нь машины дугуй хагарвал нийлж байгаад дугуйг нь солиод өгчихнө. Нэгнээ ус, шавраар гарахад гарамыг нь зааж, хүчийг нь нэмэгдүүлж өгнө. Шаварт суулаа гэхэд нийлж байгаад гаргаад өгөх зэргээр тус дэмтэй явсаар ирэв. Хамгийн хөөрхөн нь цувааны эхэнд яваа машин буруу замаар будилж явбал арын машинууд дагаад л явна. Толгой машин хаашаа хөдөлнө, араас нь яг дагана, өөр сонголт байхгүй.

ӨМӨ, ГСА, ДГО, БУА, УНЭ гэсэн орон нутгийн дугаартай цагаан өнгийн жийпнүүдийг хөлөглөж энэ аялалд гарсан юм. Эдгээр машинууд нь орон нутгийн ай сав усны газруудын машин юм. Нэг машинд найман хүн суусан бөгөөд хувиарлалтыг зохион байгуулагчид хийсэн байсан. Аялалын явцад 40 гаруй хүнтэй нэг бүрчлэн танилцаж амжаагүй ч хэн нь хэн бэ, хаанаас явж байгааг нь мэддэг болсон.

Манай машин ДГО-ын /Дорногоь аймаг/ номертэй Пүүжээ жолоочтой долоон аялагч. Жолоочийн хажууд зам чиглүүлэгч, замын турш хань болсон Баттогтох эгч, ард нь МБОИЗ-ийн тэргүүн Эрдэнээ эгч, шулуун шударга зантай Буяа эгч, амьтны үржил сонирхдог хоббитой Наранцогт ах, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Оюун эгч, МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний сэтгүүлч Амараа дүү, Zaluu.com сайтын сэтгүүлч Сайханаа миний бие гээд бид хамт олон болж явлаа. Биднийг хамгийн цоглог бас хамгийн өнгөлөг хүмүүстэй ДГО-ынхон ч гэж бусад машиныхан дүгнэсэн билээ.

Аргагүй шүү дээ, манайд бүх талаараа авьяастай, арвин их мэдлэг туршлагтай ах эгч нар байсан юм чинь. Зарим машиных нь атаархаж, “Сайхан дуулдаг хоёр охинтой гэлүү” гээд шагшаад магтаад байна. Тэднийг машиндаа урьж суулган, Дөргөний усан цахилгаан станцаас “Хартэрмэс” амралтын газар хүртэл тасралтгүй гурван цаг дуулуулсан шүү дээ.

Бид эхний өдөр Нийслэлээс өглөө 09.00 цагт гараад бага үдэд Элсэнтасархайд үдэлж үдийн хоолоо зооглов. Цаашаа Өвөрхангай аймгаар дайрч, цааш Баянхонгор аймаг орлоо.  Номхон дөлгөөн Номгон хайрхан нь дүнхийн бараантаж угтав. Тэнд жаахан саатав. Учир нь орон нутгийн телевизэд МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ эгч, MINIS mөслийн зохицуулагч Б.Ариунчимэг хоёр энэхүү сургалт аялалынхаа талаар ярилцлага өгсөн юм.

Ингээд аялалын багийнхан Шаргалжуут рашаан сувилалын газарт буудалхаар хөдөллөө. Нар шингэхтэй уралдаж, үнэгэн харанхуй нөмрөхөөс өмнө ирэх ёстой газраа ирлээ. Рашаан сувилалын газар гэхэд их аятайхан юм, амрагчид ч олон байв. Оройн хоолоо идэж араас нь хорхог зооглож, хундага харшуулав. Аймгийн усны ай сав газрынхан биднийг угтан дайлж цайлж байгаа нь тэр юм. Арга хэмжээ ч өндөрлөж аялагчид зочид буудлын өрөө өрөөндөө орж амрав. Эхний өдөр гэхэд олонхи нь алжааж ядарсан байв. Өглөө нь эрт босч Лхамын рашаан, халуун рашаан, зарим нь элэг бөөр, дотор ходоодод нэн сайн гэгддэг рашаануудаас нь хүртэж, савлан авав. Шаргалжуут гэдэг шар-галзуут гэсэн үгнээс үүдэлтэй гэнэ. Хойноо Дорлиг хайрхан нь дүнхийнэ. Энэ нутагт эрэгтэй хүүхэд төрвөл Дорлиг, эмэгтэй хүүхэд төрвөл Лхам гэж нэрлэдэг гэнэ. Ингээд бид өглөөний цайгаа уугаад Говь-Алтай аймаг руу хөдлөв.

Гэхдээ замдаа Монголын жишиг сум болох Бууцагаан суманд үдийн цайгаа ууж, гэрийн цуйван сэгсрээд цааш замдаа гарлаа. Засмал замгүй болохоор зам хэцүү байсан.  Хоёр дахь өдөр Байдраг, Түйн голыг гаталж хүрэх ёстой газар болох Гуулин тосгонд байдаг Гуулингийн усан цахилгаан станцтай танилцаад, дараа нь Тайширын усан цахилгаантай танилцаж, тэндээ оройн хоолоо идэж, аймгийн төв рүү хөдөлсөн юм. Шөнийн 02.00 цагт сэрүүн сайхан Алтай хотод орж ирсэн аялагчид “Амар”, “Алтай” зочид буудалд нь хуваагдан амарлаа.

Их ядарсан хүмүүс бөх гэгч унтсан байв. Өглөө босоод ирсэн чинь бороо орсон бололтой чийг үнэртээд нээх сайхан мэдрэмж төрөв. Зочид буудлын цонхоор хартал өндөр сүрлэг уулсынх нь оройд цавцайсан цастай, өвөр бэл рүүгээ бороо орсон бололтой борлогдож харагдав.

Ер нь баруун аймгууд руу цас гэж бараг байхгүй, өндөр уулс хайрханы орой цастай харагдахаас өвөр бэл рүүгээ бараандуу зарим нутгаар газрын өнгө өөрчлөгдөж, ногооны гарц гарсан харагдана. Увс аймагт бүр хээ хуар шиг алаглан ногоорч, хөх ногооны униар уулын энгэрээр хөшиглөн татсан байна лээ.

Хүн амын нягтаршил их ихтэй, машин тэргэний түгжрэл, дуу шум ихтэй Нийслэлээс түр хугацаагаар гарч хөдөө нутгийг зорих хэчнээн сайхан байсан санана. Тархи амарч, сэтгэл сэргэж, мэлмий цэлийж, чих амрах үнэхээр жаргал юм билээ. Хаяа хязгааргүй алсын барааг ширтэж, сүрлэг өндөр хайрхануудын хадан хавцлыг нь гайхаж, байгалийн зүй тогтлыг нь сонирхож, байгаль эхийн урласан бүтээлийг үзэж явах юутай таатай байв. Зэрэглээн дунд нь тэмээ нь бүжиглэж, зээргэнэ харгана, бут сөөг, хамхуул нь салхинд хийсч, уулсын оргил өндөрт элээ бүргэд нь элэн дүүлэн нисэх нь энэ Монголын амар амгалан санагдуулам. Зарим газартаа эл хуль, малын бараа ч харагдахгүй байх нь эзэнгүй болчихоо юу даа гэсэн эмзэглэлийг төрүүлж байсныг нуухгүй ээ.

Манай монголчууд газар усны нэр болон хайрханы нэрийг хажууд нь хэлэхээс цээрлэдэг ард түмэн. Тиймээс “Энэ ямар нэртэй уул бэ, үүнийг юу гэдэг бол” гэж асуухаас цэрвэж явлаа. Гэхдээ л нэр ус, учир домгийг нь сүүлд мэдэж, сүсэглэж залбирсаар явав.

Говь-Алтай аймгийн нутагт Шаргын говь, Хүйсийн говь, Сутайхайрхан, Хар азаргын нуруу цасанд дүнхийж, ёстой л нөгөө дуунд гардаг “Үүл уул нь нийлэн харагдсан умарын сайхан хангай байна хө” гэдэг шиг уулын оройд нь үүл нь сүлэлдэж буусан баян хангай нутаг юмаа. Алтайн сүрлэг уулс ямар гоё сүр бараатай харагдана гэж санана. Юун Алпийн нуруу бэ, зүгээр л цаашаа юм байна гэж бодогдсон шүү.

Говь-Алтайгаас Ховд аймаг руу явах замд байгалын тогтоц, өвөрмөц хийц нь бүр гайхалтай. Зэгс, дэрсэн дунд торойх Зэрэг сумын араар үргэлжилсэн Алтайн өвөр бэлээр өнгөрөхдөө өөрийн эрхгүй уулга алдав. Сүрлэг сүрлэг гэхэд дэндүү сүрлэг. Мянган удаа сонсохоор нэг удаа сонс гэж үг бий. Аргагүй л миний эх орон диваажингийн эх орон юм билээ.

Аялалын багийнхан гурав дахь өдрийн аялалдаа гарлаа. Тэнгэрийн хаяатай нийлсэн Хар ус нуур мэлзэлцэн цэлэлзэн тодорч үзэгдэнэ. Ховдын Дарви, Манхан, Мянгад зэрэг сумын нутаг дэвсгэрийг дайрч 200 жилийн түүхтэй хот болох Ховдод орж ирлээ. Ямаатын улаан уул, Цаст Цамбагарав, Баатархайрхан нь дүнхийж угтав.13 үндэстэн ястан нь ах дүү шиг эв найртай амьдардагаараа ихээхэн онцлогтой нутаг аж.  Буянт гол, байгалийн ховор элментийн орд болох Халзанбүргэдэй, Хөмийн тал гэж цуутай талыг дайрч, Дөргөний усан цахилгаан станц дээр ирлээ. Дөргөний алаг уул гэж их өвөрмөц нэг тал нь хар, нөгөө тал нь улаан уулыг хажуугаас нь хароаа. Энэ уулын домгийг нутгийн залуу нь ярьж өгч, мөн хөөмийлж бидний аян замыг мялаасан юм. Ховд нутгийн хувьд өндөр өндөр шовх үзүүртэй, улаан өнгийн хад асга ихтэй юм. Дээр нь их дулаахан нутаг юм билээ.

Бид Дөргөнөөс гарч шөнө давхисаар байгаад Увсын Хяргас сумын нутагт байрлах “Хар тэрмэс” аялал жуулчлалын газар ирж буудлав. Миний хувьд харанхуй шөнө зүг чиг баримжаагаа алдаж хаана яваад байгаагаа ч мэдсэнгүй явсаар байв. Нар баруунаас мандаж, ус мөрөн зүүн тийшээ урсаад байгаа юм шиг санагдаад ер болдоггүй ээ.

“Хар тэрмэс” гэж уулын хаяанд, Хяргас нуурын хөвөөнд нар төөнөсөн өглөөг угтаж босоод бараг шоконд орсон шүү дээ. Нүдэн дээр хөх тэнгэрийн цэлийсэн хаяа л тулчихсан мэт санагдаж “Хүүе ээ, энэ юу билээ. Тэнгэрийн хаяа юу даа” хэмээн уулга алдаж, хамт амарсан эгчээсээ учрыг асуутал “нөгөө алдартай Хяргас”нуур шүү дээ гэлээ. Үнэхээр гайхалтай хаяа хязгааргүй үргэлжилсэн цэнгэг хөх нуур л цэлийж угтсан. Нуурын хөвөөнд очлоо, уснаас нь рашаан мэт хүртэж, зулайдаа хүргэж, зургаа татуулав. Ус нь содатой бас өвчин анагаах увидастай хоёр төрлийн шавар, есөн төрлийн рашаан байдаг аж. Зуны цагт амрагчид ихтэй гэнэ. “Долоон ламаар ном уншуулсанд дор Хяргас нууранд нэг удаа орж өвчнөө анагаа” гэж нутгийн хөгшүүл ярьдаг ажээ. Тийм л хүчтэй, эмчилгээтэй нуур байх нь. Амралтын газрыг тойроод 20-30 нэр төрлийн эмийн ургамалтай гэнэ.

 Хар уултай, ханыг нь тэрмэс гэж нэрлэжээ. Энд могой их байдаг гэнэ. Малчин сумаас эрчим хүчээ татсан, дэд бүтэц нь бүрдсэн төрийн анхааралд байдаг амралтын газар гэнэ лээ. За тэгээд Хяргас нуурыг тойроод Наранбулаг, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Завхан сум байдаг бол Ханхөхий уул, Алтайн нуруугаас цаашаа үргэлжлээд Саяны нуруу гээд ЮНЕСКО-д бүртгүүлсэн сайхан сарьдаг өндөр уулстай ажээ. 

Нуурын хөвөө орчмоор архины шил овоолсон, хадаг, тамхи, чихрийн цаас гээд хог хаягдал ихтэй харагдав.

Увс нутгаас гараад Хөвсгөлийн зүг хөлгийн жолоо залцгаалаа. Замдаа Завханы Сонгино, Нөмрөг зэрэг сумын нутгаар дайрав. Нөмрөгийн Ойгон нуурын мөс нь хайлаагүй харагдана лээ.

Үнэнийг өчихөд Увсаас Хөвсгөл орох зам үнэндээ чанга байв. Чилтэл явуулсан, чилийтэл харуулдуулсан даа. Цэцэрлэг сумаас Мөрөн ортол зам харгуй тийм сайхан дардан байгаагүй ээ. Шөнө уулын шар усны үерт боогдох шахаж, азаар нутгийн иргэдийн тусламжтайгаар голын гарамыг заалгаж гарсан шүү. Үүрийн 04:30 цагт орж ирлээ. Их ядарсан хүмүүс зочид буудалдаа яаж орсноо ч санахгүй байна гэсэн шүү.

Хөвсгөлийг хөвч тайга дунд оршдог байх гэж бодож төсөөлж байсан ч төсөөлснөөс өөр юм билээ. Эргэн тойрондоо уултай ч эв тэгш нам дор газар аймгийн төв нь байдаг юм билээ. Хэдхэн цаг амарсан аялагчид өглөө нь 11.00 цагийн үед Эрдэнэт хот руу хөдөллөө.

Замдаа Тосонцэнгэл сумаар дайрч Ачмаг, Хар нуурыг нь харлаа. Энэ хоёр нуур хүйн холбоотой бөгөөд давстай нуур аж. Тосны гол, Цэнгэлийн гол хоёр нийлээд Тосонцэнгэл сумын нэр бүтжээ. Икэ уулыг нь харлаа. Их өвөрмөц, шаталсан мэт хадтай тийм хар уул. Хөвсгөлийн уул усных нь домгийг нутгийн хүү Далайцэрэнгээр яриулж, сонсож явах сайхан байсан. Нээрээ нэг зүйлийг онцлоход, Монголын цэвэр усны нөөцийн 93 хувь Хөвсгөл аймагт байдаг гэж байна лээ шүү. Ер нь баруун аймгуудад усны нөөц ихтэй байдаг гэж усны мэргэжилтнүүд ярьсан.

Мөрөнгөөс Эрдэнэт ортол засмал замтай учир сэгсчүүлэхгүй, ядрахгүй, зүдрэхгүй их аятайхан сайхан явсан. Булган хангайг дайрч Эрдэнэтэд эрт орж ирлээ. Таван шөнө замдаа сэгсчүүлсэн бид гэгээтэй эрт ирж, нуруугаа тэнийлгэж амрах үнэхээр сайхан байсан. Ингээд эрт амарсан нөхдүүд эртлэн босч Сэлэнгийн Цагааннуур сумыг зорьж, Шүрэнгийн усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа асуудлаар газар дээр танилцахаар хөдлөв. Замдаа Сэлэнгэ мөрний гүүрэн дээр бууж дээрээс нь тольдов. Ер нь Сэлэнгэ, Булган аймгийг модны эх орон гэдэг юм билээ. Аргагүй л Булган сайхан хангай юм. Сэгсгэр сүрлэг модод сүлжилдэн ургаж, сугсран найгаж, сульдаж ганхсан нь газар хөглөрч унасан байв. Ийм ойд их цэвэрлэгээ хийх шаардлагатай болжээ гэж мэргэжилтнүүд дүгнэв. Нарс, Царс, Хус мод гээд ихтэй юм. Хамгийн гоё нь зулзган цагаан хус модны дундуур машины цуваа явсан нь үнэхээр тасархай. Та төсөөлөөд нүдэндээ хараад үздээ, цав цагаан их хус модон дундуур цагаан машинууд ар араасаа цувах сүртэй харагдана биз дээ. Бид ийм гоё боломжийг ашиглаж сэлфи хийж, фэйсбүүктээ зургаа тавьж гайхуулсаар явав. 

Даваа гүвээ олныг давж, газрын тагт буюу өндөрлөг газраар явахдаа эмээж л явлаа, их эвгүй юм билээ. Хулстайн гурван давааг давлаа. Нэг хэсэг газарт хус мод нь өмгөрч унаад машин замыг таглачихсан зам бартаа ихтэй энхэл донхол замаар явсаар байгаад Сэлэнгэ, Булган аймгийн зааг дээр ирэв. Байгалийн үнэр, өнгө өнгийн цэцэг, борооны чийгний үнэр үнэн тасархай. Ой мод ихтэй уулс нь түймрийн утаанд сааралтаж өнгө нь үзэмж нь мэдэгдэхгүй бараантаж харагдана.

Шүрэнгийн цахилгаан станц барих гэж байгаа газрыг Болдбаатар мэргэжилтэн тайлбарлаж өгөв. Олон жилийн өмнө орос ах нарын хийж байсан судалгааны суурь өндөр  дээрээс тод харагдаж байв. Хар эмгэний хясааг наад талынх нь уултай холбох буюу байгалын зүй тогтлыг нь ашиглаж станц барих гээд төлөвлөсөн байгаа юм билээ. Хар эмгэний хясаа гэдэг нь дээр үед хар морьтой эмгэн малаа хайж яваад хясаан дээрээс унаж амиа алдсан домогтой тул ийнхүү нэрлэсэн аж.

Бид очсон аймаг болгоны сүлд дууг нь дуулж, уул усыг нь аргадаж, сүсэглэж явсан. Жишээлбэл, Баянхонгор аймагт “Хонгор нутаг” гэнэ гэж дуулсаар орсон бол Говь-Алтай аймагт “Зулай цагаан алтай”, Ховдод “Буянт гол”, Увсад “Увс нуур”, Завханы нутагт “Завхан гол”, Хөвсгөлд “Хоймор сайхан нутаг”, Булганд “Булган хангай”, Сэлэнгийн “Сэлэнгэ мөрөн” зэрэг дуунуудыг нь дуулж хуурдав.

Ийнхүү аялалын урт замд ярих сэдэв нь дуусахгүй, дуулах дуу нь барагдахгүй явсаар ирэв. Дурсамж ярина гэдэг үнэхээр гоё юм билээ. Элэг бүтэн амьдралынхаа талаар, эжий аавынхаа талаар нутаг устай нь холбож ярих нь яг хууч домог мэт санагдаж байгаа юм чинь. Хүн төрөлхтөн гэдэг унасан газар угаасан ус, байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй байнга холбоотой байдаг юм байна даа гэж сэтгэлдээ бодож тайтгарч явлаа.

Түргэн тусламж, зам чиглүүлэгч Болдбаатар

Машинуудын магнайд явдаг жолоочийг Болдбаатар гэдэг. Усны мэргэжилтэй энэ залуу зам болоод газар нутаг, усны гарц, гарамаа сайн мэднэ. Тиймдээ ч аялалын багийнхан “Түргэн тусламж” гэж нэрийджээ. Хаана л юу болохгүй болно Болдоо очиж тус хүргэнэ. Шаварт суусан машиныг татаж гаргана, гол ус гатлахдаа гүнзгий гүехэнийг Болдоо л мэднэ, түрүүлж гаталж бусдыгаа дагуулна. Эр зоригтой дайчин, тэвсэр тэвчээртэй байх зан жолооч нарт байгаа нь илт мэдэгдэнэ. Ямар ч саад бэрхшээлийг даван туулаад л гарна.

Ер нь усны мэргэжилтэй хүмүүс усандаа их хайртай бас харам байдаг юм билээ. Агаар ус адилхан хүмүүс явсан болохоор ус чандмань эрдэнэ хэмээн уйгагүй сайн ярина шүү. Үргэлж судалж, шинжилж явдаг болохоор ч тэрүү усны мэргэжилтэн Далайцэрэн “Гол усаа хараад их баярладаг. Заримдаа яагаад татарчихав, яагаад булингар үүсэв, эргээсээ хальдаг байсан энэ голын урсац яагаад багасав” хэмээн өөрөөсөө асууж, үргэлж санаа зовниж явдаг талаараа сонирхуулсан юм.  

Аялагчид агшныг алдахгүй сэлфидэж явав

Мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Газар нутгийн уул усны сайхныг ярьдаг, домгийг хуучилдаг өчнөөн хүн бий. Телевизээр ч тэр талаар нэвтрүүлэг, кино гаргаж л байдаг. Гэхдээ өөрийнхөө нүдээр үзэж, гараар барьж, газар шороон дээр нь мөрлөнө гэдэг ховор боломж юм байна. Миний хувьд Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл аймгийг үзээгүй байлаа. Гэтэл энэ удаад боломж олдож үзсэнд баяртай байгаа. Эдгээр аймгийг үзээгүй зарим аялагчдын хувьд олдохгүй боломж, алдахгүй агшин хэмээн үзэж сэлфидэж, гэрэл зургандаа бүхнийг буулгаж үлдээв. Зураг зуун жилийн дараа түүх болон зурайна гэж үнэн шүү.  Хамгийн гоё байгалийн үзэсгэлэнтэй газар нь бууж тухалж, зургаа авахуулах нь аялалын нэг зорилго байв.

Аялалын багийнхан замдаа өчнөөн хүнд тус хүргэж буян үйлдсэн. Гурван өөр газарт гурван машин шаварт суусан байсныг гаргаж өгөв. Мөн уулын гол буюу шар усны үеэрт боогдсон иргэдийг голоор гаргаж өгсөн. Ховдод шаварт унасан байсан адууг манай залуус шаварнаас татаж гаргаж өгсөн гээд тус хүргэсэн. Түүнээс гадна уулын цас хайлж үер болж үерлэсэн шар усаар гарч чадахгүй байгаа бидэнд нутгийн иргэд гарам зааж өгч тус хүргэсэн ачийг нь мартах учиргүй.

ДГО-ын машины хамт олон

Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэж зүйр үг бий. Даруухан байна гэдэг хэчнээн тансаг гоёл юм бэ. Явдал нь намуухан, яриа нь аядуухан залуу бидний амь нас, эрүүл мэндийг дааж, алтан шар замаа өлзийтэй авч явсан. Пүүжээ жолооч машиндаа донсолгоо гаргана гэж бараг байхгүй шүү. Ээлжийн жолоочгүй 4000 гаруй км замыг ганцаараа жолоо барьж туулна гэдэг тийм амаргүй. Бусад жолоочид ч мөн адил ганцаараа л жолоогоо мушгисан. Ядарна, чилнэ, нойр нь хүрнэ гээд асуудал бий.

Манай багийнхан Пүүжээгээ өвтгөхгүй, өлсгөхгүй, ядраахгүй, бас залхаахгүй явах үүрэгтэй. Тиймдээ ч халуун хоол, цай, кофег Пүүжээдээ л өгөхийг бодно. Хажууд нь сууж явсан Батаа эгч “Манай Пүүжээ сайн залуу, сүпэр” гэж магтана. Бид нар ч бас дэмжинэ. Пүүжээгийн дуу гарна гэж бараг байхгүй шүү. Хааяа чиглүүлэгч, замын ханьтайгаа ярилцсан яваа нь бүдэг сонсогдоно. Нэг л удаа дууны дугараа өргөж “Гэртээ ирлээ”-г дуулсан юм. Дараа нь шүлэг уншуулах гэтэл “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ийн утгыг нь хэлье, та нар өөрсдөө уншаарай хэмээн мушилзаад өнгөрсөн.

Аялалын хаалтын орой Сэлэнгэ мөрний хөвөөн дээр хамт олныхоо аяны дөрөөг чангалж шилтэй цэнхэрийг тойруулах үүргийг Пүүжээд даалгасан бололтой. Машиныхныгаа дуудаж тойруулж зогсоогоод идээний дээжийг хундаглаж өгөх зуураа зөөлөн гэгч “Замын турш хань чиглүүлэгч байсан Батаа эгчдээ баярлалаа” гэж хэлж байна лээ.

Аргагүй шүү дээ, Батаа эгч замд хааяа зөвлөнө, зарим үед чимээгүй явна. Нэг удаа “Гол усаар гарахдаа хаазаа хэт нэмж болдоггүй юм шүү Пүүжээ” гэж зөвлөсөн юм. Тэр нь хэрэг болсон шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн аян замын зам, нүүдэл заадаггүй гэж цээрлэнэ.

Төрийн түшээг төрүүлсэн Батаа ээж

МБОИЗ-ийн төслийн нэгжийн захирал Б.Баттогтох эгчийг хүмүүс эчнээ сайн танина даа. Хүний эрх, эрх чөлөөг ихэд дээдэлж эрхэмлэдэг, хүний эрхийн талаар НҮБ-д байнга илтгэл тавьдаг боловсрол гэж төө зузаан мундаг эгч. Аялалын багийн хамгийн ахмад нь. Машиныхаа дарга, бас жолоочийнхоо чиглүүлэгч нь. Батаа эгчийн том охин УИХ-ын гишүүн. Тийм учраас бид төрийн түшээг төрүүлсэн ээж хэмээн хүндэлдэг юм. Ер нь хэлснээс нь ухаарал, ярьснаас нь сургамж авахаар сайхан эгчтэйгээ хамт аялах ховор завшаан олдсонд олзуурхаад баршгүй нь.

Эрдэнэ мэт үнэтэй, ихийг сургах чадалтай Эрдэнээ эгч

МБОИЗ-ийн тэргүүн Эрдэнэ эгчтэй нэг машинд яг өөд өөдөөсөө харж суув. Хөлөө зөрүүлэхээс эхлээд хүзүү толгойгоо нийлүүлж өвдгийг нь дэрлэж өөрийг нь түшиж явсаар ирэв. Энэ эгчээс суралцах зүйл их. Мэдлэг мэдээлэл ихтэй, мэдэхгүй зүйл, чадахгүй ажил гэж алга. Амьдралынхаа ихэнх цагийг эрдэм номын ажилд зориулахдаа амь, амьдралаа золиослох шийдвэр гаргаж, шинжилгээ судалгааны мэргэжил, ажлаа сонгох дээрээ хүртэл тулж явсан тийм дайчин бууж өгөөгүй, буцаж хариагүй чадалтай эгч юм билээ. Хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэн бүхнийг нь сонсоод байхад чадвартай, чадавхитай нэгэн гэдэг нь илт. Бусдыг чиглүүлж удирдахдаа гарамгай. Тиймдээ ч аялалын багийн 40 гаруй хүнийг нэгтгэж, нэг гар болгон зангидаж, загнах үедээ загнаж, аргадах үедээ аргадаж, замыг нь чиглүүлж явсаар ирсэн дээ. Бас цоглог, бүжиглэнэ гэж ванлий даа. Харин хачигнаас үхтлээ айсан даа. Үсэнд нь хачиг орчихжээ. Оюун эгч хараад орилоод авч чадахгүй байхад би л айхгүйгээр авч байгаа юм чинь. Түүнээс хойш машинаасаа гарах дургүй болсон доо.

Шулуун шударга зантай Буяа ээж

Манай машинд нэг шударга зантай, шулуун үгтэй эгч явсан. Түүнийг Буянхишиг гэдэг бөгөөд бид Буяа ээж гэж дуудна. Хэлэх гэснээ түс тас хэлдэг хийх үйлдлээ хэнээр ч заалгаж, хориулдаггүй тийм шударга хүн. Эрдэнээ эгч “Хаврын цагт яргуй хамаагүй идэж болохгүй ээ” гээд хэлээд байхад гурван ширхэг яргуй идэж, цусаа хөөргөж, дотроо муухай оргиулж бөөлжиж байх вэ дээ.

Яриа хөөрөөтэй, хааяа инээдтэй инээдтэй юм ярьж биднийхээ элгийг баярлуулна. Буяа ээжийн үс их өвөрмөц, төрөлхийн буржгар. Хөвсгөл аймгаас гарахдаа цагаан хаалган дээр нь түр саатсан, энэ үед салхинд сэгсийсэн зургийг нь Амараа дүү дүрсгүйтэж авчихаад дараа фэйсбүүкээр нь “дарамтална аа” гэж айлгаж сүрдүүлж байх жишээтэй. Сэгсгэр үстэй зургийг нь харах юм бол я “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн хойд дүр яг л харагдаад байгаа юм чинь. Гэхдээ Буяа ээж хөөрхөн, алаг нүдтэй, тунгалаг бор арьстай тунчиг сайхан эмэгтэй. Үсний имиж нь ч өөрт зохидог. Төрөлхийн буржгар үстэй болохоор “Симба” хамтлагийн гишүүн гэж нэрлэсэн байна лээ шүү.

Амьтны үржлээс амрагийн явдлыг хүртэл судалж шинжилсэн Наранцогт ах

Манай багт этгээд өвөрмөц яриа хөөрөө, бодол санаатай нэг айхтар ах явсан. Амьтан ургамлын үржлийг ихэд сонирхож судалж шинжилсэн хүн. Бас гэр бүлийн амьдрал, амрагийн явдал гээд их дэлгэрэнгүйгээр, дэлгэсэн ном шиг бодитоор үзүүлж ярихаас л наагуур юм болно шүү дээ.  Тэгсэн хэрнээ амьдралдаа ном уншаагүй, нэг минутанд 27 үг л уншиж чаддаг гэж мэлзэж зүтгэхийг нь яана. 

Юмыг ярьж ойлгуулахын тулд олон жишээ татаж ярина. Сүүлдээ юу ярьж байснаа мартаж, утгаа алдана. Бид дооглож нирхийтэл инээнэ. Бүр сүүлдээ Буяа эгч ярих гэж байгаа зүйлийг нь бүр мэддэг болчихсон “За би чиний өмнөөс базаад яриад ойлгуулчихъя” гэж Нараа ахад улаачийг хийнэ. Тэгэхгүй бол ярьж эхлүүлсэн сэдэв нь дуусна гэж байхгүй ээ. Их хөгжилтэй, мэдэхгүй зүйл, ярихгүй сэдэв гэж байхгүй Нараа ахад, бас болоогүй машиныхаа нярав хийнэ. Хэнд ус, ундаа тараах, хог цэвэрлэж хаана хаях зэрэг ажлыг сайн гүйцэтгэж явсаар ирсэн шүү. Таван эмэгтэйн дунд ганц эрэгтэй нь. Бусад машиныхан Нараа ахыг цаст уулын цагаан барс гээд нэрлэчихсэн байна гэсэн. Бүр Дорноговийн “Симба” хамтлагийнхан ч гэж нэрлэжээ. Яагаад гэхээр Дорноговийн машинтай, дээр нь  сэгсгэр буржгар үстэй хүүхнүүдтэй учраас тэр гэнэ шүү.

Зургийн аппаратаасаа хором ч салаагүй Оюун эгч

“Зуны мэдээ” сонины сэтгүүлч Оюун эгч зургийн аппаратандаа их хайртай. Хаа ч явсан хүзүүнээсээ зүүж, агшин бүрийг алдалгүй “онилно”. Хүмүүсийн янз бүрийн хөгжилтэй үйлдлийг нь кадртаа үлдээж авсан эгчид олон “но”-той зураг бий дээ. Ямар сайндаа л Төмөрмөнхөд Нараа ах мөргөж байгаа мэт зургийг нь авчихсан бидэнд харуулж инээлгэж байх уу дээ. Зурагчны мэдрэмжтэй янз бүрийн агшныг алдалгүй авсан эгчид гэрэл зургийн нөөц их байгаа байх.

Авьяас ихтэй, Арабын шейхын эхнэрийн төрхтөй Амараа дүү

МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний орчуулагч Б.Амарсайхан гэж гал цогтой охин хамт явсан. Нутаг усаа хөөвөл нэг нутгийнх юм билээ. Бид хоёрын тас тас инээх нь хүртэл ижилхэн нь нутагтай холбоотой байх аа.  Харь хэлээр ярьчих гээд байдаг бүсгүйд авьяас гэж бий. Мэдлэгийн сантай, мэдээлэл ихтэй, дээр нь цээлхэн цэвэрхэн хоолойтой учир сайхан дуулна. Аавынх нь удамд дуулдаг хүмүүс олонтой гэж ярьсан. Гангар шаазан хагарах мэт инээдэг дүү цагаан алчуур боогоод, хар нүдний шилээ зүүчихээр яг л Арабын шейхын бага хатан шиг харагдаад байсан шүү.

Ирээдүйд алдартай, нэртэй дуучин болчих болов уу гэж багийнхан нь горьдлого тээсээр явснаа нуугаагүй ээ. Тоглолтоо хийх үед нь хамт олноор уригдаж очихын ерөөл тавьсан билээ. Мэдлэгээрээ гоёж, мэдээлэлээр хоолоо хийж яваарай Амараа дүү минь.

Шинэ хочтой болсон хүмүүс

Аялалын багт нэр хоч авсан олон хүн бий. Жишээлбэл, “хүртээмжтэй” Далайцэрэн гэж залуу бий. Удам залгасан усны мэргэжилтэй ч улстөрийн карьераа эхлүүлсэн энэ залуу машин болгоныг дамжиж өөрийнхөө ирээдүйн пиарыг хийж яваа юм хэмээн бусад нь шагшиж бас үнэлсээр аялалыг өндөрлүүлсэн.

Сүүлийн хэдэн жил гадаадад ажиллаж амьдарсан “Харворд” Хишгээ ах аялалд явсан. Гадны соёлд хэт суралцсан түүнийг төрсөн нутагт нь нутагшуулах гэж байгаа нь энэ аж. Тэрбээр ӨМӨ-ийн номертой машинд явсан бөгөөд багийн хамт олноо хөгжөөж дуу хууртай явуулсан нэгэн гэсэн шүү. Тус машинд МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэцолмон гэж бас алиа нөхөр явсан бусдыгаа хөгжөөж явсан даа.

Аялагчдыг айлгасан Шийрэв. Хол замд явж чаддаггүй хүн бололтой. Аялалын хоёрдахь өдрөөс эхлэн бие нь тавгүйрхэж, Говь-Алтай аймаг дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч тарианд орсон шүү дээ.

Энэ мэтчилэн адал явдалтай аялалаа зургаа дахь өдрөө Сэлэнгэ мөрний хөвөөн дээр өндөрлүүлсэн юмдаа. Шүрэнгийн усан цахилгаан станцийн талаар хичээл орж, мэдээлэл өгч, өдрийн хоолоо Булганы Сэлэнгэ сумын Атар багт айлын хашаанд тойрч суугаад жинхэнэ оргинак хоол болох будаатай шөл, гурилтай шөл идэж, агаарын сайханд тухалцгаасан юм.

Сэлэнгэ мөрний хөвөөн дээр аялал өндөрлөж буйгаа зохион байгуулагчид зарлаж, хамтдаа дурсгалын зураг татуулж, аян замын дөрөөгөө чангалж, идээний дээжийг их, багаар амссан хүмүүсийн сэтгэл хөөрч диско бүжгийн аянд хөлсөө, биеийн чилээтэйгээ хамт гаргаад Улаанбаатарын зүг хөлгийн жолоогоо залсан юм даа.

О.Сайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.