Монголын улс төрч, хууль тогтоогчид иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам бататгахын оронд ухарч доройтуулсан, хааж боомилсон чиг хандлагыг илэрхий гаргаж, иргэдийн мэдэх эрхэд онцгой аюул занал учруулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгээс тодорхой боллоо.
Өнгөрсөн гурав дугаар сард Зөрчил, Эрүүгийн хууль, тэдгээрийн процессын хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх үест Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо албан ёсоор байр сууриа илэрхийлж Зөрчлийн тухай хуульд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг их хэмжээний мөнгөөр торгох, иргэдийн мэдэх эрхэд халдах, хэвлэлийн эрх чөлөөг хумих заалт орж ирснийг эсэргүүцэн “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” сэдэвт аяныг МСНЭ-тэй хамтран эхлүүлсэн билээ.
Энэ аяны Уриалгад “...сэтгүүлчдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай заалт бий болгохыг санал болгох, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдсөн зүйл заалтуудыг бусад хууль тогтоомжид оруулан батлах, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, түгээх мэргэжлийн үйл ажиллагаанд илэрхий саад болохуйц дүрэм журам батлах оролдлогууд гарч байгаа нь сэтгэл түгшээж байна” хэмээн онцлон дурдсан юм.
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд хувь хүнд хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн торгууль ногдуулах”-аар тусгаад байсан ч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Гарамжавын гаргасан торгуулийн хэмжээг бүр 10-100 сая болгох санал дэмжигдлээ.
Уучлаарай, санал гаргасан, түүнийг нь дэмжсэн эрхэм УИХ-ын гишүүд ээ. Хуулиар далайлган эдийн засаг, улстөр, эрх мэдлийн цагдан хяналт хийж болохгүй! Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах илүү өргөн цар хүрээтэй ойлголт гэдгийг хэвлэлийн эрх чөлөөнд харшилтай хууль тогтоогч, улстөрчид ойлгох хэрэгтэй. Та бүхнийг эрх мэдлээ урвуулан ашиглах вий, нийтийн ашиг сонирхлыг хөндөх замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх вий, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг ноцтой шийдвэр гаргачих вий, тендер завшчих вий гэж хардаж, хянах эрх иргэн бүрт бий. Иргэдийнхээ энэхүү эрхийг хамгаалан ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хардах, таамаглах, сэжиглэх эрхтэй. Иймд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад харш зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулинд оруулан батлуулахаар санаархаж буй улс төрчдийн бохир үйлдлийг эгнээндээ 101 гишүүн сайтыг нэгтгэсэн Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүн вэбсайтууд сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарынхны нэгдмэл тэмцэлд идэвхтэй оролцож хэвлэл мэдээллийн салбарынхны мэргэжлийн үйл ажиллагааг хаах боомилох утга агуулга бүхий зүйл заалтууд ямарваа хууль тогтоомжид орж батлагдахаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх асуудал дээр анхаарч ажиллах болно. “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн”.
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө нэгдэцгээе!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Har uhaanaar gemt hereg bish baihad mon geed helj baina