Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 512 дуудлага ирснээс, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 16, онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр дөрөв, зорчигч хэлбэрээр зургаан хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, СХД-ийн нутаг Толгойтын замд T.Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны таван хүүхэд гэмтсэн. ЧД-ийн нутаг Их дэлгүүрийн зүүн замд амины T.Vitz маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 10 настай Б-г мөргөж гэмтээсэн.
Т.Гэрэл
Сэтгэгдэл бичих