Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

М.Энхболд:Авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй

/1-р сарын 11/  -  12 цаг 14 минут

УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, "Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод хамгийн их гай барцад учруулагч нь авлига билээ. Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига.

Авлигын барьцааг ард түмэн төлдөг. Авлигын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм. Энэ тэмцэлд ялагдаж болохгүй.

“Транспарэнси интернэйшнл”  байгууллагын гаргадаг Авлигын индексийн 2015 оны судалгаагаар манай улс судалгаанд хамрагдсан 168 орноос 72 дугаар байрт орсон бөгөөд ийнхүү байр ахиж байгаа нь үр дүн мөн гэж ойлгож болно.

Гэхдээ Монгол Улсад авлигын ерөнхий түвшин өндөр байсаар байна. Энэ нь төр засгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн намуудын төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Зөвшөөрөл лиценз, тендерийн нууц гэрээ, оффшорын асуудал, улс төрийн нөлөөлөл, эрх мэдэл, давуу байдал олголт, төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчил зэргээс ард түмэн залхаж байна.

Тиймээс бид авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин сэтгэлээрээ хүчин зүтгэх ёстой.

УИХ 2005 оны 10 дугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны 07 дугаар сард Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь авлигын эсрэг эрх зүйн орчин бүрдүүлэх, авлигын эсрэг тууштай тэмцэх улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон билээ.

Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг дэвшүүлж, та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Шинээр байгуулагдсан УИХ 2016 оны 10 дугаар сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн.  

Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг.

Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно.

Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно.

Авлигатай бүх нийтээр тэмцэх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх чиглэлээр та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулъя гэж бодож байна.

1. Төрийн байгууллагын төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя.

2. Сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч үйл ажиллагаа үр дүнтэй байх, эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Авлигачдын ард хууль, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг нэг мөрдөн байцаагч, эсхүл ганц прокурор ажиллаж байгаа хүчний тэнцвэргүй байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

3. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягтруулах зайлшгүй шаардлагатай байгааг зориуд онцолъё. Хариуцлагыг бие бие рүүгээ түлхэх, эсвэл “дошин дээрээ эзэн” дүр үзүүлэх, байгууллагын явцуу эрх ашгийг урьтал болгох сэтгэлгээнээс ангижрах цаг болсон.

4. Авлигын хэргийг  хянан шийдвэрлэж буй хуулийн байгууллагын ажилтнууд мэргэжлийн хувьд чадварлаг, шилэн сонгогдсон, хувь хүнийхээ хувьд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, үүний тулд тусгай хөтөлбөрийн дагуу системчилсэн сургалтад тогтмол хамруулж, авлигын хэргийг мөрдөхтэй холбоотой арга техник эзэмшүүлэх нь чухал.

5. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ хуулийн дагуу явж байгаа эсэхийг иргэд, олон нийтийн хяналтад өгөх зүйтэй. Ийм зохицуулалтыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тусгасан. Хугацаа алдаж хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

6. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, олны анхаарлын төвд авчрахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо нэн чухал гэдгийг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллах арга барилдаа эрс өөрчлөлт гаргах цаг болжээ. Тэдний хүчийг зөв ашиглаж, оновчтой дэмжиж, нэгэн тэрэгний хоёр арал болж зүтгээд үр дүнд хүрсэн жишээ дэлхий нийтэд олон байна. 

7. Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоо, санаачилга бас дутуугүй чухал. Товчоор хэлбэл бид бүх хүрээнд хамтрах, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, дэлхийн улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх зайлшгүй шаардлага бий.

8. Ядуурлыг бууруулж, эх орноо хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг та бид бүгдээрээ хүсдэг. Энэ хүсэлд маань авлига саад болж байна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэхийн тулд түшмэдэд мөнгө төлөх ёсгүй. Ийм хандлагыг иргэддээ бий болгоё. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг шууд мэдээлж, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг нийт иргэддээ төлөвшүүлье.

        Нэг үгээр хэлбэл авлигын эсрэг бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урьд урьдаас илүү эрчимжүүлэх нь зүйтэй байна.

Миний дурдсан эдгээр ажил арга хэмжээ, санал бодлыг чуулганд оролцогч Та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж, зөв оновчтой шийдэл, сэдэл санаачилга гаргана гэдэгт итгэж байна.  

Алагчлалгүй хуультай, авлигагүй нийгэмтэй, ёс жудагтай төртэй Монгол Улсын төлөө иргэн бүр хичээхийг, хүчээ нэгтгэхийг уриалъя.

Эх сурвалж: Монцамэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.